Санкт-Петербургийн газрын тосны байгууламжууд Украины агаарын цохилтод өртжээ
Ням гарагийн шөнө ОХУ-ын Санкт-Петербург хотын газрын тосны хоёр байгууламж Украины агаарын цохилтод өртсөний улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархаджээ.
Тус бүсийн захирагч Александр Бегловын мэдээлснээр уг цохилтын дараа Санкт-Петербургийн газрын тосны терминал болон Ручьи газрын тосны агуулахад гарсан галыг унтраах ажил эхэлсэн байна.
Мөн Оросын онлайн худалдааны Ozon компанийн ложистикийн төв болон Фэйсбүүкийн Орос хувилбар гэгддэг ВКонтакте (VK) сүлжээний мэдээллийн төв халдлагад өртжээ.
Киевийн эрх баригчид одоогоор уг халдлагуудын талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Бямба гарагийн өглөө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский гаргасан мэдэгдэлдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Ням гарагт "эрчим хүчний салбарт гал зогсоох" тохиролцоонд хүрснийг зарласнаас хойш Орос улс Украины эрчим хүчний салбарт 76 удаа довтолсныг дурдсан юм.
Украин улс Оросын газрын тосны байгууламжуудыг чиглэсэн цохилтоо Трампын мэдэгдлийн дараа гурван хоногийн турш зогсоосон ч Оросын тал халдлагаа үргэлжлүүлсээр байсан тул дахин сэргээж байв.
Энэ шийдвэр Трампыг нэлээд бухимдуулсан юм.
Тэрбээр Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй дизель түлш нийлүүлэх талаар тохиролцоонд хүрсэн бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд харилцан гал зогсоохыг уриалж байв.
Украины тал өмнө нь ч Санкт-Петербург хотод халдаж байсан ч Оросын хил залгаа бүс нутгуудтай харьцуулахад давтамж нь цөөхөн байлаа.
Тус хотын газрын тосны терминал хамгийн сүүлд долдугаар сард халдлагад өртөж байв.
Оросын батлан хамгаалах яамны мэдээлснээр Ням гарагийн шөнө тус улсын нутаг дэвсгэр дээр Украины 1,000 гаруй дроныг устгажээ.
Газрын тосны байгууламжуудаас гадна орон сууцны 12 барилга, амины хоёр орон сууц гэмтэж, Пулково нисэх буудлыг түр хугацаагаар хаасныг Санкт-Петербургийн захирагч мэдээлсэн байна.
Тэрбээр мөн гар утасны интернэт үйлчилгээнд доголдол үүсэж болзошгүйг анхааруулжээ.
АНУ-д Конгрессын завсрын сонгууль дөхөж, Ираны дайны улмаас эрчим хүчний үнэ огцом өссөнтэй холбоотой Оросоос дизель түлш импортлох маргаантай хэлэлцээрийг Трамп байгуулсны дараа Вашингтон, Киевийн харилцаа хүйтрээд байгаа.
Зеленский энэхүү хэлэлцээрийг Оросын дайны хүчин чармайлтад АНУ хөрөнгө оруулж байгаатай агаар нэг зүйл гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Үүний дараа Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн заримыг түр цуцлах тухай шийдвэрийг Трамп гаргасан нь Бүгд Найрамдах намын зарим гишүүдийг оролцуулаад олон талын шүүмжлэл дагуулсан.
Хэдий тийм ч Ням гарагт Трампын гол хэлэлцээрчид болох Стив Виткофф, Жаред Кушнер нартай ярилцсанаа Зеленский сошиал сувгаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр талууд хоорондоо байнгын холбоотой ажиллаж, дараагийн дипломат алхмуудад бэлтгэж байгааг дурдсан байна.
Москвагийн эзлэн түрэмгийлэл тав дахь жилдээ үргэлжилж буй энэ үед Орос, Украины талууд өвлөөс өмнө амжиж, бие биеийнхээ эрчим хүчний дэд бүтцэд аль болох их хохирол учруулахаар чармайж байна.
Орос улс Украины цэргийн зориулалттай байгууламжуудад цохилт өгч байгаагаа мэдэгддэг ч НҮБ-ын мэдээлснээр аравдугаар сарын эхний хоёр долоо хоног нь сүүлийн жилүүдэд Украины энгийн иргэдийн хувьд хамгийн их хохирол амссан, хамгийн их цус урсгасан үе болжээ.
Үүнээс гадна Оросын зүгээс эрчим хүчний байгууламжуудад халдсаны улмаас олон зуун мянган хүн гэрэл цахилгаангүй болж, энгийн иргэд дахин нэг хүйтэн өвлийг даван туулах шаардлагатай болж байна.
Бямба гарагт Зеленскийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Орос улс 2,700 орчим дрон, 1,700 агаарын бөмбөг, 66 пуужингаар довтолсны ихэнх нь эрчим хүчний байгууламжуудад чиглэжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
