Ангараг гарагийн сарны хөрснөөс дээж авах Японы сансар судлалын хүрээлэнгийн ажиллагаа өнөөдөр эхэлнэ
Даваа гарагт буюу өнөөдөр Ангараг гарагийн дагуул Фобосын хөрснөөс дээж авч, дэлхийд авчрах сансрын ажиллагаа эхлэх гэж байна.
Хэрэв энэ ажиллагаа амжилттай болбол Ангараг гараг эсвэл түүний дагуулуудаас дээж авч, дэлхийд авчирч судалсан анхны тохиолдол болох юм.
Үүнийг гүйцэтгэх сансрын хөлөг өнөөдөр Японоос хөөрч, 2027 оны наймдугаар сард Фобосын тойрог замд хүрэх төлөвтэй байна.
Японы үндэсний Сансрын Агентлагийн удирдаж буй "Ангараг гарагийн дагуулуудыг судлах" (MMX) уг төсөл нь тус гарагийн дагуулууд хэрхэн үүссэн тухай нууцыг тайлах зорилготой юм.
Байгалийн түүхийн музейн профессор, MMX (Martian Moons eXploration) төслийн дээжийн шинжилгээ хариуцсан орлогч тэргүүн Сара Расселл “Фобост хүрч, тэндээс дээж аваад дэлхийд буцаж ирсэн амжилттай тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа. Энэ бол үнэхээр зоригтой бөгөөд сонирхолтой төсөл юм” гэж хэлжээ.
Нарны аймгийн дотоод хэсэгт ердөө гурван дагуул байдаг нь бидний Сар болон Ангараг гарагийг тойрон эргэдэг Фобос, Деймос хоёр юм.
Эдгээр нь хоёулаа маш жижиг хэмжээтэй буюу Фобос нь ойролцоогоор 20 км, Деймос нь 10 км орчим диаметртэй.
Тэд мөн тогтсон хэлбэргүй, төмс шиг харагддаг.
MMX сансрын хөлөг Ангараг гарагийн ойролцоо очсоныхоо дараа эхлээд Деймосыг судлах бөгөөд дараа нь Фобос руу анхаарлаа хандуулах юм.
Тус хөлөг гадаргууг нь судлах зорилгоор өөрөө явагч жижиг төхөөрөмж буулгахаар төлөвлөж байгаа ч энэ нь нэлээд хэцүү ажил.
Сара Расселлийн хэлснээр өмнө нь хэн ч ийм жижиг дагуул дээр өөрөө явагч төхөөрөмж буулгаж байгаагүй аж.
"Дагуул өөрөө маш сул таталцлын хүчтэй. Гэвч тэр нь асар том, хүчтэй таталцлын хүч бүхий гарагийн хажууд байрладаг тул гадаргуу дээр нь төхөөрөмж буулгах маш хэцүү” гэж тэр тайлбарлажээ.
Энэхүү өөрөө явагч төхөөрөмж нь газардах тохиромжтой цэгийг хайж олох бөгөөд ингэснээр MMX хөлөг өөрөө хожим Фобос дээр буух боломжтой болох юм.
Гадаргуу дээр буусныхаа дараа уг төхөөрөмж нь робот гар болон өөр хоёр хэрэгслийг ашиглан дагуулын тоос, хөрснөөс дээж цуглуулах болно.
Жижиг капсулд хийсэн энэхүү дээжийг 2031 онд дэлхийд авчрах бөгөөд Австралийн өмнөд хэсгийн Вумера цөлд газардуулахаар төлөвлөжээ.
Дэлхийд авчрах дээжийн хэмжээ маш бага буюу ердөө 10 грамм байх юм.
Японы энэхүү төсөлд ажиллаж буй Лестерын их сургуулийн доктор Криса Авделлиду "Энэ бол үнэхээр маш бага хэмжээ юм. Гэхдээ бид ганц ширхэг тоосонцор дээр ч хэд хэдэн төрлийн судалгаа хийх боломжтой. Шинжлэх ухааны судалгаа хийхийн тулд гадаргуугаас олон килограмм дээж авчрах шаардлагагүй шүү дээ. Тиймээс энэ нь грамм тутамдаа асар үнэ цэнтэй" гэж ярьжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар уг дээж нь Ангараг гарагийн дагуулууд хаанаас үүссэн талаар нууцыг тайлахад туслах юм.
Энэ талаар хоёр өөр таамаглал байдаг.
Нэгдүгээрт, Ангараг гарагийн түүхийн эхэн үед сансрын биет мөргөсний улмаас үүссэн хэлтэрхийнүүдээс Фобос, Деймос хоёр бүрэлдсэн байж болзошгүй.
Эсвэл Нарны аймгийн зах хязгаараас ирсэн хоёр астероид Ангараг гарагийн таталцлын хүчинд баригдаж, дагуул нь болсон байж магадгүй.
"Бид дээжээ авчирсныхаа дараа түүний химийн болон эрдсийн найрлагыг нарийвчлан судлах боломжтой болно. Энэ хоёр таамаглал нь тус тусдаа эрс ялгаатай үр дүнг харуулах болно" гэж Сара Рассел хэлжээ.
"Энэ нь хүчтэй мөргөлдөөний үр дүнд үүссэн үү, эсвэл таталцлын хүчинд баригдсан астероид уу гэдэг нь бараг тэр дороо л тодорхой болно. Тиймээс бид үүнийг маш хурдан мэдэж авах болно” гэж тэр хэлсэн байна.
Түүнчлэн судалгааны багийнхан лабораторидоо авчрах дээжээсээ өөр нэгэн сонирхолтой зүйл олж магадгүй гэж найдаж байна.
"Хамгийн сонирхолтой зүйлсийн нэг бол Фобос нь Ангараг гарагийн гадаргуутай маш ойрхон байрладаг явдал юм. Тиймээс Ангараг гараг дээр ямар нэгэн биет мөргөх үед үүссэн жижиг хэлтэрхийнүүд Фобост шигдэж орох боломжтой. Энэ нь бидний авчрах дээжид Ангараг гарагаас гаралтай жижиг хэсгүүд ч бас агуулагдаж байж болзошгүй гэсэн үг юм” гэж Рассел үүнийг тайлбарлажээ.
Ангараг гарагаас дээж авч, дэлхийд авчрах нь сансрын судлаачдын эртнээс тээж ирсэн хүсэл мөрөөдөл юм.
2021 оноос хойш Ангараг гарагийг судалж буй НАСА-гийн Perseverance өөрөө явагч төхөөрөмж нь тус гарагийн гадаргуугаас дээжүүдийг нямбайлан цуглуулж, тусгай савнуудад хадгалж байгаа.
Гэвч НАСА болон Европын сансрын агентлаг (ESA)-ийн хамтарсан "Ангараг гарагаас дээж авчрах" (Mars Sample Return) гэж нэрлэгдсэн хоёр дахь төслийн санхүүжилтийг АНУ-ын Конгресс зогсоосон юм.
Хятад улс Ангараг гарагаас дээж авчрах бие даасан төслөө 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа.
Тэд 2031 онд Ангараг гарагийн материалыг дэлхийд авчрахыг зорьж байна.
Өнөөдөр судлаачдад Ангарагаас ирсэн зарим хэлтэрхий буюу солирууд бий.
Эдгээр нь сансрын биетүүд (астероидууд) Ангараг гарагийн гадаргууг мөргөсний улмаас тасарч, улмаар дэлхийд шидэгдэн ирсэн хэсгүүд юм.
Ангараг гарагийн солирууд маш ховор олддогоос гадна манай гараг дээр унадаг сансрын бусад чулуулгийн нэгэн адил агаар, тоос шороо, хөрс, устай холилдон бохирддог.
Тиймээс эрдэмтэд Ангараг гараг болон түүний дагуулуудаас шууд авсан, ямар ч бохирдолгүй, анхны төлөвөөрөө байгаа дээжийг гартаа оруулахыг маш их хүсэж байгаа юм.
MMX төслийн хөлөг аравдугаар сарын 20-ний орон нутгийн цагаар 04:41 цагт Танегашима сансрын төвөөс хөөрөхөөр товлогджээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
