Зураг
Зураг

Бэлчээрээс брэнд хүртэл...

Монголын бэлчээр дээрх баялаг ба түүнд тулгарч буй сорилт 

Ноолуур нь Монголын хөдөөд олон малчны амьжиргааны чухал эх үүсвэр билээ. 2025 оны мал тооллогын дүнгээр ямаа 23.2 сая толгойд хүрсэн ба нийт мал сүргийн 39.9%-ийг эзэлж байна.

Түүнийхээ ч хэрээр манай улсын ноос, ноолуурын экспорт нь уул уурхайн бус экспортын дотор тогтмол дээгүүр байр эзэлсээр байна.

Гэвч дэлхийн зах зээлд үнэ цэнтэй түүхий эд нийлүүлдэг энэ салбарын өмнө бэлчээрийн доройтол, малын эрүүл мэнд, нэмүү өртгийн илүү их хэсгийг дотооддоо шингээх зэрэг олон сорилт бэрхшээлүүд тулгарч байна.

Нэг ноолууран цамц хийхэд дунджаар 4-8 Ямаа -ны ноолуур шаардагддаг байна.

Ноолууран цамц

Судалгаагаар Монгол ноолуурын дундаж голчийг 15.5-16.5 μm гэж тодорхойлжээ.


Ноолуурын чанарыг тодорхойлох хамгийн чухал хэмжүүр бол түүний ширхэгийн нарийн, урт болон өнгөний цэвэр байдал байдаг аж.

Монгол ноолуур нь өнгөний төрөл зүйлээрээ (цагаан, цайвар, бор, хөх) дэлхийд гайхагддаг ба энэ чанар нь заавал химийн будаг ашиглалгүйгээр байгалийн өнгөөр нь боловсруулж, экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байдгаараа давуу тал болдог байна.

Манай улс дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн
40-48 хувийг дангаар бүрдүүлдэг

Монгол ноолуур тансаг загварын өлгий нутаг Италид



Саяхан дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийг нэгтгэсэн группийн Гүйцэтгэх захирал Монголд ирсэн нь олны анхаарлыг татаад амжсан. Харин түүний удирддаг Итали дахь тансаг зэрэглэлийн брэнд 40 гаруй жил Монголоос ноолуур авсан урт удаан хугацааны харилцаа холбооны түүхийг мэдсэн хүн цөөхөн биз ээ.

Монголын зүүн хязгаарт бэлчээрлэх ямааны ноолуур хэрхэн Европын өмнөд хязгаар дахь тансаг загварын өлгий нутаг Италид хүрэх болов? Сүхбаатар аймгийн бүх сум, мөн Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн хил залгаа сумдад тархсан “Улаан ямаа”-ны онцлог нь юу вэ?

Манай улсад ноолуурын чиглэлийн Алтайн, Өлгийн улаан, Эрчим хар зэрэг олон үүлдэр байдгаас жишээ болгож Баяндэлгэрийн улаан ямааг онцолж байна.
1960
1960-аад он

Энэ түүх анх 1960-аад онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нутгаас эхэлжээ. Тухайн үеийн орон нутгийн удирдлага, мал аж ахуйн мэргэжилтнүүд нутгийн улаан ямааг бусад сүргээс ялган, тусгай сүрэг болгон үржүүлж эхэлсэн байна. Гол зорилго нь тухайн нутгийн байгаль, цаг уур, бэлчээрийн нөхцөлд сайн зохицсон, ашиг шим сайтай ямааны хэвшлийг хадгалан сайжруулах явдал байв.

1970
1970-аад он

Ингээд 1970-аад он гэхэд уг ажлыг илүү системтэй үргэлжлүүлж, Асгат дахь ХАА-н үйлдвэрлэл, туршлага станц улаан ямааны үржил, селекцийн ажлыг эрхлэн явуулж, нутгийн ямааны хүссэн шинж чанарыг үе дамжуулан хадгалах, сайжруулах ажлын эхлэлийг тавьсан байна.

1985
1985 он

Улмаар 1985 онд нутгийн шилмэл улаан ямаа үржүүлэх улсын үржлийн фермийг 7,5 мянган ямаатайгаар байгуулж, чийрэг бие цогцостой, ноолууржилт сайтай улаан, үзмэн хүрэн, шарга зүсмийн ямааг шилэн сонгож, тохиромжтой хэвшлийн ямааг “өөр дотор нь” үржүүлэх аргаар тал хээрийн бүсэд зохицсон нарийн /кашмир/ ноолуур, мах сүүний чиглэлийн “Баяндэлгэрийн улаан” үүлдрийн ямаа бий болгожээ.

Олон арван жилийн өмнө мэргэжилтнүүдийн анзаарч, хадгалан сайжруулахыг зорьсон тэрхүү шинж чанар нь өнөөдөр дэлхийн зах зээлд үнэ цэн бүтээх түүхий эд болжээ. Баяндэлгэрийн улаан ямааны ноолуурын ширхэгтийн голч дунджаар 15.0–16.5 μm байдаг байна.

Нэмүү өртгийн ихээхэн хэсэг нь гадаадын зах зээл дээр шингэж байна



2025 онд Монгол Улс 4,000 тонн самнасан ноолуур экспортолж, $330.6 саяын орлого олсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 28.7%-иар өсжээ.

Самнасан ноолуурын 82.3 хувийг БНХАУ-д, 13.7 хувийг Итали улсад, 2.5 хувийг Их Британи улсад, 1.5 хувийг бусад улсад экспортолсон байна. Угаасан болон самнасан ноолуур, хонины ноос нь нийт экспортын 2.2 хувийг бүрдүүлсэн байна. /ҮСХ/
Гэсэн хэдий ч ноос ноолуурын салбарын хөгжлийн түвшин өнөөг хүртэл түүхий эдийн шатанд төвлөрсөн хэвээр байсаар байгаа нь үйлдвэрлэлийн үр ашиг, экспортын орлогыг хязгаарлах гол хүчин зүйлсийн нэг болж байгаа аж.

Тодруулбал Монгол Улсын ноос ноолуурын салбарын судалгаанд "Түүхий буюу самнасан ноолуурын экспорт давамгайлж, гүн боловсруулалт буюу утас, даавуу, ноолууран хувцас, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл харьцангуй бага хэвээр байна.

Үүний улмаас нэмүү өртгийн ихээхэн хэсэг нь гадаадын зах зээл дээр шингэж, дотоодын аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар бүрэн ашиглагдахгүй байна" хэмээн онцолжээ.
Иймээс Монгол Улсын ноос, ноолуурын салбарт зөвхөн түүхий эд экспортлохоос илүүтэй утас, даавуу, бэлэн хувцас болон бусад эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь экспортын орлого, дотоодын үйлдвэрлэлийн өгөөжийг нэмэгдүүлэх чухал боломж юм.

Ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг байгальд ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлэх шаардлага тулгарч байна



Энэ салбарт тулгамдаж буй өөр нэгэн асуудал нь дэлхийн ноолуурын эрэлт нэмэгдэхийн хэрээр ямааны тоо толгой олширсноос гадна малчид урьд өмнөхөөс илүү суурин амьдралын хэв маягтай болсон нь бэлчээрийн даац хэтрэх, хөрс доройтох, цөлжилт нэмэгдэхэд нөлөөлж байгаа явдал юм.

Энэ байдал нь уур амьсгалын өөрчлөлттэй зэрэгцэж, ган, зуд зэрэг эрс тэс үзэгдэл нөхцөл байдлыг улам хүндрүүлж, малын хорогдол, түүхий эдийн нийлүүлэлтийн тасалдал, үнийн савлагаа үүсгэхийн зэрэгцээ ноолуурын ширхэгтийн чанар, самнах хугацаанд хүртэл нөлөөлж байгаа аж.

Иймээс бэлчээрийн экосистемийг хамгаалах, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээг байгальд ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлэх шаардлага тулгарсан байна.
Сайшаалтай нь сүүлийн жилүүдэд ноолуурын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор олон улсын байгууллага, брэндүүдийн санаачилсан SFA буюу Тогтвортой ноолуурын эвсэл, Resilient Threads зэрэг хөтөлбөрүүд хэрэгжих болжээ. Эдгээр санаачилгууд нь малчдын хоршоодтой хамтран бэлчээрийг зохистой ашиглах, малын эрүүл мэндийг хамгаалах, хариуцлагатай аргаар бэлтгэсэн ноолуурын нийлүүлэлтийг дэмжих олон төрлийн ажлыг явуулдаг байна.

Малын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна.


Байгаль орчны асуудлаас гадна сүүлийн жилүүдэд малын эрүүл мэндтэй холбоотой шинэ сорилт тулгарч байна. Тухайлбал, 1952 оноос хойш Монголд бүртгэгдээгүй байсан ямааны годрон өвчин 2024 онд Дорноговь аймагт дахин илэрч тухайн үед 14,252 ямааг устгалд оруулж байв.

Харин энэ онд Говь-Алтай аймагт годрон өвчин дахин бүртгэгдэж, есдүгээр сарын 27-ноос хойш хоёр сумын 44 өрхийн нийт 20,855 ямааг устгалд оруулаад байна. Тус өвчний дэгдэлт нь малчдын амьжиргаа, ямаан сүргийн тоо толгой, улмаар ноолуурын нийлүүлэлтэд эрсдэл учруулж болзошгүй юм.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат “Монгол Улсад гарч байгаа малын гоц халдварт өвчин яг хаанаас гарсан нь мэдэгддэггүй. Зэрлэг амьтнаар дамжин орж ирлээ л гэдэг. Энэ удаагийн өвчин бол хууль бус үйлдлээс болсон байна гэдэг нь эхний байдлаар тогтоогдож байна” гэсэн юм.

Манай улс 1950-2000 оны хооронд годрон өвчний вакцин үйлдвэрлэж байсан ч 50 гаруй жилийн хугацаанд уг өвчин бүртгэгдээгүй тул үйлдвэрлэлээ зогсоожээ. Гэвч өвчин дахин дэгдсэн нь малын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг харуулж байна.