Зураг
Зураг

Нийслэл хотод энэ онд барилга байгууламж шинээр ашиглалтад оруулах 652 хүсэлт хүлээж авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
23 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтад стандарт, нормыг мөрдүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Хяналт Шалгалтын Газраас аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн нөхцөл байдлыг танилцуулав.

Тус газар нь 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан, захиргаа санхүү, дотоод хяналт шинжилгээ, барилга байгууламжийн ашиглалт, бүртгэл, барилгын стандарт аюулгүй байдлын хяналт, дэд бүтцийн стандарт, орчны аюулгүй байдлын хяналт гэсэн 6 хэлтэстэй үйл ажиллагаа явуулдаг байна.

2026 оны байдлаар барилга байгууламж ашиглалтад авах хүсэлт 652-ыг хүлээн авснаас баримт бичгийн бүрдэл дутуу 267-г буцаажээ. Үүнээс 331 хүсэлтэд урьдчилсан үзлэг хийж, ажлын гүйцэтгэл дутуу, тохижилт бүрэн хийгдээгүй 81 барилга байгууламжийг хүлээж авахаас татгалзсан байна. Нийт 425 хүсэлтийн дагуу улсын комисс ажилласан ч хуулийн дагуу 62-т татгалзсан хариу өгсөн бол 307 барилга байгууламжийн дүгнэлт баталгаажжээ. Улсын комиссын хуваарийг нийтэд нээлттэй байршуулж, 90-180 хоногт комисс ажилладаг байсныг 30-45 хоног болгон бууруулсан гэв.

"Энэ оны аравдугаар сарын байдлаар албан бичиг, өргөдөл гомдол 7,000 гаруйг хүлээн авсан нь 2024, 2025 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Гэвч одоогоор хүний нөөцийн хувьд дутагдалтай, нээг албан хаагчид ихдээ 268, багадаа 71 өргөдөл, гомдол ногддог нь шийдвэрлэлт удаашрах нэг шалтгаан болдог. НИТХ-аар 2026 оны наймдугаар сард  иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн нөхцөл байдлын тайлан мэдээг хэлэлцэхэд, Хяналт шалгалтын газрын шийдвэрлэлтийн хугацаа 25 хоног байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Бид өргөдөл, гомдлыг шийдвэрлэлтийн хугацааг энэ 10 дугаар сарын байдлаар 17 хоног болгон бууруулсан.

Цаашид, барилга байгууламжийн норм, стандарт, ашиглалтад оруулахтай холбоотой дүрэм журмыг шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай. Орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, нарийвчилсан шинжилгээ сорилтын лаборатори байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тогтвортой ажиллах нөхцөл байдлыг хангах хэрэгтэй" гэж Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга Б.Аз танилцуулав.

Харин барилгын түр хашаа, явган замын хашлага, саравч, барилгын орчны аюулгүй байдал алдагдсан 459 зөрчил илрүүлж, 384 зөрчлийг арилгуулсан байна. Тус газар нь дотоод хяналт шинжилгээг тогтмол хийж, нийт албан тушаалын тодорхойлолтод авлига, албан тушаалын дүн шинжилгээ хийлгэх хүсэлт АТГ-т хүргүүлжээ.