Оросын эсрэг хоригийг Трамп хараахан цуцлаагүй, хэрэгжилтийг нь 60 хүртэл хоногийн хугацаанд түр хойшлуулсан гэнэ
Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрэгжиж эхлэхээс нь хоёрхон хоногийн өмнө Оросын эсрэг авах шинэ хориг арга хэмжээнүүдийг цуцлах шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл маргааш нь буюу Бямба гарагт Трамп энэ асуудлаар эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байгааг мэдэгджээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн тайлбарласнаар албаны хүмүүст нөхцөл байдлыг үнэлж дүгнэх нэмэлт хугацаа шаардлагатай байгаа тул шинэ хоригийн хэрэгжилтийг түр хойшлуулсан гэнэ.
Бямба гарагт түүний хэлснээр Трампын өмнөх өдөр нь цуцалсан, Оростой холбоотой хориг арга хэмжээнүүд болон гаалийн татваруудын эдийн засагт үзүүлэх нөлөөг үнэлэхийн тулд 60 хүртэлх хоногийн хугацааг ашиглах ажээ.
Флорида мужийн Палм Бич дэх Мар-а-Лаго эдлэндээ сэтгүүлчидтэй уулзах үеэр Трамп "Та нарын олонх нь миний шийдвэрийн талаар хараахан мэдээгүй байгаа байх. Гэхдээ бид үүнийг шийдвэрлэх болно, та нар ч бас удахгүй мэдэх болно" гэж хэлжээ.
Энэхүү шийдвэр нь арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнөхөн гарч байна.
Одоогоор Ирантай үүсгэсэн мөргөлдөөний улмаас дэлхийн зах зээлд газрын тосны нийлүүлэлт тасалдаж, эрчим хүчний үнэ өссөн нь Трампын засаг захиргаанд томоохон дарамт учруулж байгаа.
Баасан гарагт Трамп талийгаач сенаторын нэрээр нэрлэсэн "Грэмийн хууль" (Graham Act)-ийн хүрээнд тогтоосон гол хориг арга хэмжээ, гаалийн татваруудыг цуцлах тухай захирамжид гарын үсэг зурсан юм.
Тэрбээр Украины дайны асуудлаар Москвад шахалт үзүүлэхийг хүссэн хууль тогтоогчдын шаардлагын дагуу уг хуулийн төслийг өнгөрсөн сард баталж, гарын үсэг зурж байв.
Оросын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулах, мөн Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авч буй улс орнуудад шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээнүүд энэ долоо хоногоос хэрэгжиж эхлэх ёстой байсан юм.
Баасан гарагт гаргасан захирамжид уг цуцлалт хэр удаан үргэлжлэх талаар тодорхой заагаагүй ч Рубиогийн тайлбарласнаар Трамп 60 хоногийн хугацаатай хянан үзэх хувилбарыг сонгосон байна.
Узбекистан руу хийх айлчлалаа эхлүүлэхээр онгоцонд суухаасаа өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа Рубио "Ерөнхийлөгч 60 хоногийн хугацааг ашиглан, хориг арга хэмжээ болон гаалийн татвар ногдуулах нь АНУ-ын эдийн засагт, цаашлаад дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг нарийвчлан шинжлэхийг хүсэж байгаа гэж бодож байна" хэмээн ярьжээ.
Баасан гарагийн захирамжийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн шүүмжилж, үүнийг Оросын ерөнхийлөгч Владимир Путинийг зоригжуулж, дайныг сунжруулах хор уршигтайг анхааруулж байв.
Өмнөд Каролина мужийн Бүгд Найрамдах намын гишүүн, талийгаач ах Линдси Грэмийн ажил үйлсийг залгамжилсан сенатор Дарлин Грэм уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, энэ долоо хоногт болох сонгуулийн кампанит ажлынх нь үеэр Трамптай энэ талаар ярилцахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
“Би хувьдаа Орос улсад дарамт шахалт үзүүлэхээ үргэлжлүүлэхийн төлөө байна. Учир нь би Путинд итгэдэггүй, Орост ч итгэдэггүй” гэж тэр Бямба гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байна.
Рубио мөн Ираны дайны улмаас өссөн дизель түлшний үнийг бууруулах зорилгоор Оростой байгуулсан Трампын гэрээг хамгаалсан утгатай зүйл ярьжээ.
Гэрээний дагуу Орос улс эхлээд АНУ-д 300,000 гаруй тонн дизель түлш нийлүүлж, дараа нь арваннэгдүгээр сард болон түүнээс хойш нэмж нийлүүлэхээр болсныг Трамп мэдэгдэж байв.
“Оросын дизель түлшийг хэн нэгэн худалдаж авах нь гарцаагүй. Асуудлын гол нь АНУ үүнээс хэр ихийг авахад оршиж байгаа юм” гэж Рубио тайлбарлажээ.
Тэрбээр дизель түлшний гэрээ болон хориг арга хэмжээнээс чөлөөлөх арга хэмжээнүүд нь дэлхийн эрчим хүчний хангамжийг тасалдуулсан Ойрх Дорнод болон Украины дайнуудыг зохицуулах бодлогын хүрээнд хэрэгжиж байгааг хэлсэн байна.
“Дэлхийн өөр өөр хэсэгт өрнөж буй эдгээр мөргөлдөөнүүд хоорондоо мөргөлдөж эхлээд байна" гэж Рубио үүнийг тайлбарлажээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
