Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын гүйцэтгэл 15 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6,000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй. Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил эхэлж, гүйцэтгэгч компанийг шалгаруулснаар аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байгааг мэдээлэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэхээр “Гарден сити” ХХК шалгарчээ. 

Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагмын мэдээлснээр нийт 4,160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилжээ. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан бол хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцөлсөн гэнэ.

Цэцэрлэгт хүрээлэнд 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1,060 шар хуайс тарих юм байна. Тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

зураг
 

Харин Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага байна. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх аж.

  • Тухайлбал Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ.
  • Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцдаг болж, "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна.
  • Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ.
  • Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд зардлыг 2027 оны төсөвт тусгахыг хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 140 га талбайд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн арчлалт хийх бөгөөд ₮6.6 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ.