Нийслэлийн авто замын хуучирч, бүдгэрсэн тэмдэглэгээг сэргээж байгаа тул болгоомжтой зорчихыг сануулав

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн гудамж, авто замын зорчих хэсгийн хуучирч, бүдгэрсэн тэмдэглэгээг холбогдох стандартын дагуу шинэчлэн сэргээх ажил үе шаттайгаар үргэлжилж байна.

Тус ажлын хүрээнд төвийн 6 дүүргийн хэмжээнд замын тэмдэг суурилуулалтын ажил 54%, арчлалтын ажил 58%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.

Одоогийн байдлаар Хүй долоон худаг руу очих замуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, "Саадыг тойрч гарах", "Чиг заах" зэрэг шаардлагатай замын тэмдгүүдийг суурилуулаад байна.

Цаашид Эмээлт, Товчоо болон Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын тэмдэг, тэмдэглэгээний ажлуудыг наадмаас өмнө бүрэн хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Жолооч нар авто замын тэмдэглэгээний ажил хийгдэж буй хэсгээр зорчихдоо:

  • Хурдаа сааруулах
  • Түр зохицуулалт, тэмдэг тэмдэглэгээг мөрдөх
  • Засварын ажил гүйцэтгэж буй ажилтнуудын аюулгүй байдлыг хүндэтгэн анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Хамтын хариуцлага, зөв дадал нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлдэг гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас(НЗХГ) мэдээллээ.

Энэ онд Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад тэмдэг суурилуулахад ₮1.5 тэрбум, тэмдэглэгээг сэргээн шинэчлэхэд ₮4 тэрбум нийт ₮5.5 тэрбумыг Нийслэлийн Замын Сангийн Хөрөнгөөс зарцуулахаар баталжээ.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөр болон замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулийн орлогоос бүрддэг байна.