Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ
Конго улсын зүүн бүс нутагт дэгдээд буй эбола вирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийг эмчилдэг нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаасан хэрэг гарчээ.
Вирусийн халдвараар нас барсан өвчтөний шарилыг эмч нар ар гэрийнхэнд нь өгөхөөс татгалзсан тул ийм зөрчил үүссэн байна.
“Тэд эмнэлэг рүү шатаагч бөмбөг шидэж эхэлсэн. Энэ үеэр хүмүүсийг тусгаарлахад ашиглаж байсан майхан хүртэл шатсан” гэж болсон явдлыг харсан орон нутгийн улс төрч Люк Малембе Малембе хэвлэлд ярьжээ.
Эмх замбараагүй байдлыг зохицуулахаар ирсэн цагдаа нар энэ үеэр анхааруулахын тулд агаарт хий буудсан байна.
Эбола вирусийн халдвараар нас барсан хүмүүсийн цогцсыг эрх баригчид аюулгүй аргаар оршуулах ёстой байдаг.
Энэ удаагийн дэгдэлтийн бараг бүх тохиолдол бүртгэгдсэн Конго улсын Итури мужийн Буниа хотын ойролцоо байрлаж буй эмнэлэгт уг халдлага гарсан бөгөөд эмч ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд цэргүүдийг нэмж байрлуулжээ.
Цагдаа нарыг ирэхээс өмнө эмнэлгийн нэг ажилтан хүмүүсийн шидсэн чулуунд оногдон гэмтсэн байна.
Вирусийн халдвараар нас барсан өвчтөн орон нутгийн хөлбөмбөгийн багт тоглодог, нэлээд алдартай нэгэн байжээ.
Тиймээс ар гэрийнхэн нь болон нутгийн хүмүүс түүнийг цогцсыг зохих ёсны дагуу хүндэтгэлтэй аргаар оршуулах хүсэлтэй байсан гэнэ.
Нутгийн хүмүүс эбола вирусийн өвчлөлийн талаар бодитой мэдээлэлгүй байгаа нь ийм асуудал гарахад хүргэснийг Итури мужид вирусийн тархалтыг зогсоох арга хэмжээг хариуцаж буй Жан Клод Мукенди ярьжээ.
Өвчтөний ээж хүүгээ эбола вирусийн халдвараар биш, хижиг өвчнөөр нас барсан гэж үзэж байгаагаа мөн хэвлэлд ярьсан байна.
“Хүмүүс юу болж байгаа талаар зохих ёсны мэдлэггүй байна. Хүн амын тодорхой нэг хэсэг, ялангуяа алслагдсан бүс нутгийн иргэд Эболаг гаднын хүмүүсийн зохион бүтээсэн зүйл гэх ойлголт түгээмэл байна. Тэд үүнийг мөнгө олохын тулд төрийн бус байгууллагууд, эмнэлгүүдийн бий болгосон зохиомол зүйл гэж үзэж байгаа нь эмгэнэлтэй юм” гэж Малембе ярьжээ.
Халдлагын үеэр эмчлүүлж байсан зургаан өвчтөн эмнэлгээс зугтсан байна.
Конго улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг вирусийн тархалтын улмаас ирэх сард эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг нийслэл Киншаса хотод хангахаар төлөвлөж байснаа цуцалсны дараа ийм халдлага гарсан юм.
Лхагва гарагийн байдлаар эбола вирусийн халдвараар 139 хүн нас барж, 600 гаруй хүнээс халдварын шинж тэмдэг илрээд байна. Сэжигтэй тохиолдлуудын хоёр нь Конгын хөрш Уганда улсад бүртгэгджээ.
Энэ удаагийн дэгдэлтээр Эбола вирусийн ховор хувилбар Бундибугио хүмүүсийн дунд тархаад байгаа. Одоогоор уг хувилбарын эсрэг вакцин бүтээгдээгүй байгаа бөгөөд бүтээхэд зургаагаас есөн сарын хугацаа орохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлсэн.
Халдвар тархсан бүс нутгийн зарим хэсэг M23 нэртэй босогчдын зэвсэгт бүлгийн хяналтад байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Өчигдөр тус бүлэг дэгдэлтийн голомтоос хэдэн зуун километрийн зайд оршдог Өмнөд Киву мужид эбола вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлжээ.
Кисангани хотоос ирсэн 28 настай залуу вирусийн халдвар батлагдахаас өмнө нас барсныг M23 мэдэгдэлдээ дурдсан байна.
Конгын хойд бүсийн томоохон хот Кисанганид одоогоор эболагийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

