Трамп өмнөх байр сууриа өөрчилж, Польш улсад 5,000 цэрэг нэмж илгээхээр болсныг зарлав
Европын орнууд аюулгүй байдлын асуудлаа өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Польш улсад 5,000 цэрэг нэмж илгээхээр болсныг зарлажээ.
Трамп энэхүү гэнэтийн шийдвэрээ Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкитай хувийн сайн харилцаатай байдагтай холбон тайлбарласан байна. Тэрбээр үндсэрхэг үзэлтэй Навроцкийг өнгөрсөн оны сонгуульд ялахад “бахархалтайгаар дэмжиж” байснаа бас дурссан юм.
“Польш улсад АНУ 5,000 цэрэг нэмж илгээхээр болсныг зарлахад таатай байна” гэж Трамп сошиал хуудсаараа мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын албаныхан Польш улсад 4,000 цэрэг нэмж байрлуулах төлөвлөгөөгөө цуцалж байгааг зарласан юм.
Энэ нь Ираны эсрэг АНУ-ын явуулж буй дайныг дэмжээгүй НАТО-гийн холбоотнуудаа шийтгэх Трампын засаг захиргааны ээлжит арга хэмжээ мэт харагдаж байлаа.
Гэвч энэ долоо хоногийн Мягмар гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс цэрэг илгээх төлөвлөгөөг цуцлаагүй, хойшлуулсан, эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч Трамп гаргахыг мэдэгдэж байв.
Вэнс ингэхдээ бас Европын орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай болох ёстойг давхар сануулж байжээ.
Ормузын хоолойн тээврийн аюулгүй байдлыг хангах үйлсэд хамтран ажиллах уриалгыг нь хүлээж аваагүй холбоотнуудаа шийтгэх Трампын нэг арга “цэргээ татах” болоод байгаа.
Энэ сарын эхээр Берлинд болсон нэгэн арга хэмжээний үеэр Германы канцлер Фридрих Мерц энхийн яриа хэлэлцээнд Ираны тал илүү чадварлаг байж, АНУ-ыг “доромжилж” байгааг хэлсэн нь Трампыг нэлээд бухимдуулсан бөгөөд үүний дараа Пентагон тус улс дахь цэргийн хүчээ 5,000-аар цөөрүүлэх төлөвлөгөөг зарлаж байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

