Унгар улс ерөнхий сайдын ажиллах хугацааг найман жилээр хязгаарлаж, Орбан шиг дарангуйлагч дахин төрөх замыг хаана
Унгарын шинэ ерөнхий сайд Петер Мадьяр тус улсын ерөнхий сайдын албан тушаалд нэг хүний ажиллах хугацааг найман жилээр хязгаарлах үндсэн хуулийн шинэчлэлтийг санаачилжээ.
Өнгөрсөн сард болсон парламентын сонгуулиар 16 жилийн засаглал нь өндөрлөсөн Виктор Орбан шиг хүнийг дахин төрүүлэхгүйн тулд ийм санаачилга гаргасан байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Лхагва гарагт буюу шинэ засгийн газар үүрэгт ажилдаа орсноос хойш дөнгөж долоо хоног гаруйн дараа өргөн барьжээ.
Орбан болон түүний Фидес нам засаглалынхаа жилүүдэд Унгарын үндсэн хуульд арав гаруй нэмэлт өөрчлөлт оруулсан нь өөрийн байр суурийг бататгах зорилготой байв.
Тэгвэл Мадьярын Тиса нам үүнийг өөрчлөх анхны алхмаа хийж байгаа нь энэ юм.
Сонгуулийнхаа кампанит ажлын үеэр Мадьяр ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаанд хязгаар тогтоохоо удаа дараа амлаж, үүнийг улс орондоо ардчиллын хяналт, тэнцвэртэй байдлыг сэргээх өргөн хүрээтэй ажлын нэг хэсэг гэж тайлбарлаж байв.
Түүний өргөн барьсан саналд “Дундаа тасалдсаныг нь тооцоод ерөнхий сайдаар нийт найман жил ажилласан хүн дахин энэ албан тушаалд томилогдох эрхгүй болно” гэж заажээ.
Энэ өөрчлөлт Унгар улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш ажилласан бүх ерөнхий сайдад үйлчлэх юм байна.
Ингэснээр 1998 оноос хойш таван удаа ерөнхий сайдын албан тушаалд томилогдсон Виктор Орбаныг дахин ажиллах боломжгүй болгох юм.
Гэсэн хэдий ч парламентын гуравны хоёрын саналыг гартаа авсан ирээдүйн ямар ч удирдагч үүнийг буцаан өөрчлөх боломжтой. Ямартай ч энэ санаачилга дэмжигдвэл Тиса нам Орбаны үлдээсэн авторитари тогтолцоог эвдэж, Унгарын ардчиллыг сэргээх зам тавигдах юм.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Унгарын парламент ирэх долоо хоногт хэлэлцэх төлөвтэй байна.
Мадьяр бас Орбаны суртал нэвтрүүлгийн зэвсэг болоод байсан төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг татан буулгахаа амлаад байгаа.
Унгарын гадаад бодлогод ч мэдэгдэхүйц өөрчлөлт гарч эхлээд байна.
Түүний засгийн газрын гадаад хэргийн сайд Анита Орбан тавдугаар сарын дундуур ОХУ-ын элчин сайдыг дуудан уулзаж, Украины энгийн иргэдийн эсрэг агаарын довтолгоо явуулж буйг буруушааж байгаагаа мэдэгдсэн нь Орбаны үед тогтсон Москватай харилах найрсаг харилцааг эрс өөрчилсөн хэрэг байлаа.
“Би Оросын элчин сайдад унгар үндэстний цөөнхийн өлгий нутаг болох Транскарпатиад явуулж буй халдлагыг огт хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн. Орос улс нэн даруй галаа зогсоож, дайныг аль болох хурдан дуусгаж, урт удаан энх тайван тогтоохын тулд бүхнийг хийх ёстойг би онцоллоо” гэж тэр сүүлд сошиал хуудсаараа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

