ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн оюутнууд замын зардлаа буцааж авч болно

Монголын мэдээ
2014 оны 1 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг
Их, дээд сургуулийн оюутнуудын хоёр талын замын зардлын талыг төр хариуцдаг

Их, дээд сургуулийн оюутнуудын өвлийн амралт эхэлсэн зарим нэг сургуулийн хувьд амраад орж байгаа юм. Тиймээс хөдөө, орон нутгаас ирж суралцаж буй зарим оюутанд замын зардлынх нь тал хувийг буцаан олгох талаар Монголын оюутны холбооны Олон нийттэй харилцах албаны ажилтан Э.Батжаргалаас тодрууллаа.

-Хөдөө, орон нутгаас ирж суралцаж буй оюутны замын зардлынх нь тал хувийг буцаан олгодог. Хэдэн км-ээс илүү зам туулж ирсэн гэдэг заалт байгаа байх. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Их, дээд сургуулийн оюутнуудын хоёр талын замын зардлын талыг төр хариуцдаг. Уг журмын дагуу Улаанбаатар хотод 500 км-ээс илүү зам туулан ирж, суралцаж буй оюутанд Сургалтын төрийн сангаас замын зардлын тал хувийг нь олгож байгаа.

Оюутнууд зардлынхаа тал хувийг авахын тулд тасалбараа авчирах ёстой. 

-Замын зардлын мөнгөө авахын тулд оюутнууд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай юу?

-Оюутнууд зардлынхаа тал хувийг авахын тулд тасалбараа авчирах ёстой. Өөрөөр хэлбэл, орон нутгийн оюутнууд хөдөө явсан зардлыг нотлох бичиг баримт, оюутны иргэний үнэмлэхийн хамт шалгаж үзсэний үндсэн дээр зардлын мөнгөний тал хувийг нь олгодог. 

Тухайн оюутны хоёр талын замын зардлынх нь нийлбэрийг хоёрт хуваагаад гарсан үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг оюутанд олгодог. Тиймээс хөдөө, орон нутгийн оюутнууд  явсан билетээ авчираад, зардлаа гаргуулж авах боломжтой.

-Замын зардал олгох талаар  оюутнуудад анхаа­руулах зүйл байдаг уу?

-Оюутнууд өөр хүний нэр дээр тасалбар бичүүлээд ирэх тохиолдол их байдаг гэсэн. Тэгээд бичиг баримттай нь тулгаад үзэхээр зөрдөг. Тиймээс хуурамчаар бичиг баримт бүрдүүлэхгүй байх хэрэгтэй.

-Тэгвэл “Оюутан цэрэг” хөтөлбөр хэзээнээс хэрэг­жиж эхлэх вэ?

-Оюутнуудыг суралцаж буй хугацаанд нь цэргийн алба хаах боломж нөхцөлийг бүр­дүү­лэх зорилготой “Оюутан цэрэг” хөтөлбөрийг  хэрэг­жүүлэх журам өнгөрөгч оны зургадугаар сард гарсан. Уг хөтөлбөрийг энэ оны гуравдугаар сард багтаан боловсруулан баталж, 2014-2015 оны хичээлийн жилд хэрэг­жүүлэх зорилготой байсан. Гэвч хугацаандаа хэрэгжиж амжихгүй болоод байна.  

-Яагаад хугацаандаа хэ­рэг­жих боломжгүй болсон юм бэ?

-Учир нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин нь манай улсад бүрдээгүй байна гэх шалтгаанаар уг хөтөлбөрийг түр зогсоогоод байгаа. Гэхдээ бид холбогдох газруудад хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага хүргүүлсэн.

-Хэрэв уг хөтөлбөр амжилттай болбол цаашдаа оюутнууд суралцаж байхдаа цэргийн алба хаадаг болох гээд олон давуу талууд бий болох байх? 

-Уг хөтөлбөр цааш хэрэг­жихээр болбол олон сайн талтай. Тухайлбал, ихэнх оюутнууд бакалавраа төгсөөд үргэлж­лүүлээд магистр, док­торт сурч төгсдөг. Гэтэл суралцах хугацаанд аль хэдийнэ 26 нас хүрчихдэг. Ингээд цэргийн алба хаах нас нь дуусдаг. 

Гэтэл төрийн албан хаагч нь заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай байдаг. Тиймээс тухайн оюутан цэргийн алба хаагаагүй учир их хэмжээний мөнгө төлөх болчихдог. Өөрөөр хэлбэл, хуульд  иргэд 18-25 насанд цэргийн жинхэнэ алба буюу биеэр дүйцүүлэх алба хаана гэж заасан байдаг. Хэрэв цэргийн алба хаагаагүй бол тухайн иргэнийг хуулийн дагуу 26 насанд нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгадаг юм.

Зураг