ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

П.Давааням: Би дааганы зүрхийг амьдаар нь сугалаагүй

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн П.Давааням академийн 13 гишүүний хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ “Үндэсний мэдээллийн төвд хийсэн уг хэвлэлийн бага хурлын зорилго энэ сарын 20-нд Zindaa.mn цахим сайтад гарсан “Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн П.Давааням дааганы зүрхийг амьдаар нь сугалсан нь” гэсэн нийтлэл ямар ч ор үндэслэлгүй худал зүйл гэдгийг олон нийтэд мэдээллэх” хэмээв.

Түүнчлэн хэт гүтгэлгийн чанартай мэдээллийг хэн нэгний захиалгаар нийтэлсэн тус цахим сайтыг олон улсын шүүхэд өгнө гэж мэдэгдлээ.

“Чингис хааны дэлхийн академи”-ийн тэргүүн П.Давааням цааш хэлэхдээ “Zindaa.mn цахим сайтын сэтгүүлчдийг залуу хүмүүс байгаа гэж бодож байна. Ийм залуучууд энэ мэт худлаа мэдээлэл цацаж, нийгэмд хорт мэдээ түгээж байгаад харамсаж байна. Тэдний нийтэлсэн мэдээллийн дор 44 иргэний сэтгэгдэл нийтлэгдсэн байгаагийн 33  нь энэхүү хорт мэдээнд хордож, буруу ташаа ойлголт авсан нь харагдлаа. Сэтгүүлч хүн юмыг мэдэхгүй байгаа бол битгий мэдэмхийрч бичиж бай гэж хэлмээр байна. Мөн намайг хэвлэлийн бага хурал хийнэ гэдгийг дуулаад бичсэн мэдээгээ авсан байна лээ” гэсэн юм.

“Чингис хааны дэлхийн академи” нь 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 140 орны 700 гаруй гишүүнтэй томоохон байгууллага гэнэ.