АНУ-д цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс үүдэн онц байдал зарлав
Америкийн зарим муж гэнэтийн хүйтрэл, их цаснаас болж өнгөрсөн мягмар гаригаас эхлэн онц байдал зарлалаа. Цаг уурчдын урьдчилан сэрэмжлүүлснээр Нью-Йорк, Нью-Жерси, Делавэр зэрэг газарт хоногийн дотор 36 см хүртэл зузаан цас унаж болзошгүй гэнэ.
АНУ-ын Цаг уурын албанаас Чикагод мягмар гаригийн орой гэхэд цасны зузаан хэдийнэ 25 см-ийг давсан бөгөөд Бостонд 21, Нью-Йоркт 15 см хүрснийг мэдээлжээ.
Тиймээс Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо “Би ард иргэдээ цаг агаарын ийм тааламжгүй үед болж өгвөл гэртээ байж, авто машин, автобус зэрэг тээврийн хэрэгслээр зорчихоос түр хугацаагаар татгалзахыг уриалж байна” хэмээжээ. Үүнээс өмнө Пенсильван, Нью-Жерси, Коннектикут, Виржини, Баруун Виржини болон Кентуккид цаг агаараас болж дунд сургуулиудыг түр хугацаагаар хаасан.
Тэнгэрийн ааш муудсан нь орон нутгийн нисэх буудлуудын ажилд хүндрэл учруулж байгаа. Ойролцоогоор 4.3 мянган нислэг цуцлагдаж, 6000 орчим нислэг тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Хамгийн их хохирол амссан нь Нью-Йорк, Чикаго, Вашингтон, Филадельф, Ньюарк, Бостоны нисэх буудлууд гэнэ. Агаарын тээврээс гадна хот хоорондын тээвэрт ч чамгүй их хүндрэл учирч буй юм.
Цахилгаан галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орж явах тоо нь цөөрсөн. Тиймээс иргэдийг ийш тийш зорчих гэж буй бол цагийн хуваарьтай урьдчилан танилцаж байж ажлаа төлөвлөхийг анхааруулах болсон байна.
Зам дээр овоорсон цаснаас болж халтиргаа гулгаа ихэсч, түгжрэл урьд хожид байгаагүй нэмэгдсэн төдийгүй авто ослын тоо өсчээ. Мерилэнд мужид болсон ноцтой ослын улмаас хүний амь үрэгдэж, Нью-Жерсид автобус шатсан гээд таагүй мэдээлэл тасрахаа больсон нь олныг чамгүй ихээр бухимдуулж байна.
Их хэмжээгээр орж байгаа цас хүчтэй салхи шуурга дагуулсан нь байдлыг улам бүр хүндрүүлээ. Зарим газарт салхины хурд 12 м/с хүрч байгаа. Салхины хүч нэмэгдэх хэрээр агаарын температур улам бүр буурч хүйтэн жавар хацар алгадсан өдрүүд цаашид ч үргэлжлэх төлөвтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
