ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Айдас төрүүлж, хүлээлт үүсгэсэн “Өршөөлийн хууль”

Б.Төгөлдөр
2014 оны 1 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг
Айдас төрүүлж, хүлээлт үүсгэсэн “Өршөөлийн хууль”

УИХ-аас “Өршөөлийн хууль”-ийг батлахыг шаард­сан ард иргэд өнөөдөр 12:00 цагт төв талбайд хоёрдахь жагсаалаа зохион байгуулах юм гэнэ.

Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын гишүүд анх удаа УИХ-аас Өршөөлийн хуу­лийг санаачилсан. Өмнө нь бол Ардын их хурал, Ерөн­­хийлөгч санаачлан 1984,1991, 1996, 2000, 2006, 2009 онд өршөөлийн хуу­­лиуд баталж байсан түүхтэй. 

Хэрвээ энэхүү хуулийн төсөл батлагдвал Монгол Улсын шоронгуудад байгаа нийт 8000 хүмүүжигчээс 3000 гаруй нь суллагдана. Мэдээж төсөлд тусгаснаар хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, нийгэмд хор аюул бага учруулсан хүмүүст хамаарах юм гэ­нэ.

Харин авлига авсан, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ха­маа­­рах­гүй ажээ. Бүр тод­руул­­бал гурав хүртэлх жи­лийн ялтай хүн бүрэн, 3-5 жилийн ялтай бол 50 ху­виар хөнгөлөх, хохирлоо барагдуулсан байх гэх зэрэг заалт байгаа юм билээ. 

Хамгийн сонирхолтой нь энэ хуулийг батлуулахыг хүсэгчид ардчиллын амин сүнс бол “Хүний Эрх” хэ­мээн ярьж, их л додигор алхаад байгаа. Гэтэл яг үнэндээ хэн нэгнийг зүв зү­гээр явж байхад нь барьж, хориод шорон руу аччихсан тохиолдол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрхзүйн хү­рээнд байх­гүй.

Тодорхой хэм­жээ­­­гээр хийсэн гэмт үйлд­лийнхээ төлөө ял эдлэж, эрхээ ха­суулсан хүмүүсийг хавт­гайруулан өмгөөлөх нь хэнд ашигтай вэ. Тэдгээр гэмт үйлдэлд нь хэн нэгэн бай­тугай, хэсэг бүлэг хүмүүс хохироод үлдсэн нь эрхэм хууль санаачлагчид хийгээд, хийрхэн жагсагчдад ха­маагүй хэрэг үү. 

Жагсаал зохион байгуу­лагчдын зүгээс Монгол Улсад одоогийн байд­лаар 7000-8000 хүн хорих ял эдлэж байна. Цагдаа, про­курор, шүүхийн бай­гуул­лагуудад хийсэн хэрэг нь хэзээ мөдгүй шийд­вэрлэгдэх гэж байгаа сэжигтнүүдийн тоо 3000-4000 гэсэн су­дал­гаа гаргажээ. 

Түүгээр ч зогсохгүй хүн амын дийлэнх хувь нь нэн ядуу учир нийгэмд булаалт, дээрэм, хулгайн гэмт хэргүүд зон­хилдог, эдгээр хэрэгт ног­дуулж байгаа ялын бод­логыг ч эргэж харах ёстой гэх шаардлага хаш­хираад жаг­сах сурагтай. Учир нь гэмт хэрэг өдүү­лэгчид нь ядуугаасаа болж тэдгээрийг өдүүлээд байгаа бололтой юм.

Жилд 19000-22000 хүн гэмт хэрэгт холбогдож, 3000-4000 хүн хорих ялаар, 4000-4500 хүн тэнсэн харгалзах болон баривчлагдах ялаар, 9000-10000 хүн торгууль болон, захиргааны хариуцлагаар шийдвэрлэгддэг гэж үзэхэд хоёр сая 900 мянган хүнтэй манай улсын хувьд 100 жи­лийн дараа нийт хүн ам нь бүгд хоригдоно гэсэн статистик тооцоог гар­га­чихаад байгаа юм байх. 

Өөрөөр хэлбэл “Монгол Улс-Шо­ронж­сон улс” болж байна гэнэ. 8000 хоригдлын цаана ах дүү, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, хамаатан садан гээд бодоход дунд­жаар 80 мянган хүний хү­лээлт болсон энэ хуулийг батлах цаг нь болсон гэцгээн шаар­даад байгаа. 

Тэгвэл тэр 8000 хүн хэнийг ч хохироогоогүй, мөрөөрөө гэлдэрч яваад эрх чөлөөгөө хасуулж, торны цаана хоригдчихсон болж байна уу. Эрүүл мэнд, сэт­гэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон хохирогч хэдээр тоологдох бол гэдгийг өнөө­дөр жагсаж цуглан хийр­хэхээр төлөвлөж байгаа хү­мүүс тооцож үзсэн болов уу. 

Эдийн засгийн гэмт хэрэгтэн хо­хирлоо бараг­дуулсан гэж бодоход, хэн нэгний эрүүл мэндэд халдаж насаар нь эрэмдэг, зэрэмдэг болгочихсон этгээдүүд ял завшиж, хугацаанаасаа өм­нө эрх чөлөөтэй болох ёстой юм уу. 

Энэ мэтчилэн нийгмийн анхаарлыг татаж баахан гэмт хэрэгтнүүдийг толгой дараалан төрийн өршөөлд хам­руулах гэж зүтгүүлээд байгаа хуулийн төслийг эсэр­гүүцэгчид ч цөөнгүй бий гэдгийг хатуухан са­нуулчихъя. Энэ хуулийг дэмжин баталс­наар цөөн тооны хүн баярлах хэдий ч нийгэм даяараа айдас, хүйдэст автана гэдэгтэй мар­гах хүн гарахгүй л болов уу. 

Учир нь өмнөх Өр­шөөлийн хуу­лиудад хамраг­дагсдын хэдэн хувь нь дахин гэмт хэрэгтэн бол­чихоод ял эдлэж байгаа би­лээ гэдгийг олон нийт га­дарлаж л байгаа. Төрийн нэрийн өмнөөс өршөөгдсөн ч түүнийгээ ухаарч ойлгохгүй “аав”-ындаа буцаад залар­сан этгээдүүдийн тоо хэдэн арваар тоологдохгүй гэдгийг хаа хаанаа са­нахад илүү­дэхгүй. 

Гэмт хэрэг өдүүлсэн л бол төрийн гэсгээл хүлээж, ногдсон ялаа ядаж л гуравны хоёрыг нь бүрэн эдлэх л ёстой. 

Зураг