Иран улсыг нэг шөнийн дотор “дуусгах” боломжтой, тэр шөнө нь маргааш орой тохиож магадгүйг Трамп анхааруулав
Ираны эрх баригчдад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн хугацаа зүүн эргийн цагаар Мягмар гарагийн орой дуусаж байгаа. Энэ нь Улаанбаатарын цагаар Лхагва гарагийн өглөө юм.
Одоогоор Ираны талаас хоёр дахь сардаа үргэлжилж буй дайны галыг зогсоох, эсвэл Ормузын хоолойг нээх талаар ямар нэг хариу санал ирээгүй байна.
Даваа гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп нэг шөнийн дотор Иран улсыг “дуусгах” боломжтой, тэр шөнө нь Мягмар гарагийн орой эхэлж магадгүйг мэдэгджээ.
“Улс орныг бүхэлд нь нэг шөнийн дотор дуусгаж болно. Тэр шөнө маргааш орой тохиож магадгүй” гэж тэр хэлсэн юм.
Түүнтэй хамт хэвлэлийн хуралд оролцсон АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт дайн эхэлснээс хойших хамгийн том цохилт Даваа гарагт болох ба Мягмар гарагт бүр илүү хүчтэй цохилт болохыг анхааруулсан байна.
Энэ үеэр Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан Ираны нутаг дэвсгэрт унасан АНУ-ын онгоцны нисгэгчийг аврах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Иранчуудаас өрсөн нисгэгчийг олж, аварсан ажиллагааг тэр “өвсөн дотроос зүү олохтой адил байсан” гэж тодорхойлжээ.
Тагнуулын Төв Газрын захирал Жон Рэтклиф нисгэгчийн нуугдаж байсан газраас иранчуудын анхаарлыг сарниулахын тулд “хууран мэхлэх кампанит ажил” явуулснаа энэ үеэр ярьсан байна.
Газардсан нисгэгч ууланд нуугдаж байхдаа яаралтай тусламжийн дохио дамжуулагчийг ашиглан байрлалаа мэдээлсэн бөгөөд түүний ирүүлсэн анхны мессэж “God is Good” гэсэн үгс байсныг Пит Хэгсэт мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
