Д.Баярсайхан: Зарим иргэн шөнө оройн цагаар ирж, хашаа эвдэн малаа авч явах зөрчил гарч байна
Мал, амьтны гаралтай гоц халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мөн улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй.
Нэгдсэн арга хэмжээний үеэр түр хашаалсан малыг эзэд нь шөнийн цагаар авч явах тохиолдлууд гарчээ.
Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн менежер Д.Баярсайхан “Манай дүүргийн хэмжээнд 5-6 азарга адуу байнга орж ирж, гаргах арга хэмжээ авсны дараа дахин орж ирэх асуудал давтагддаг. Тухай бүрд нь тууж гаргах, торгууль ногдуулах арга хэмжээ авч байгаа. Эдгээр адуу нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизан орчим болон Чингэлтэй дүүрэг, Баруун, Зүүн салааны уулсаар дамжин орж ирдэг. Зарим тохиолдолд эзэн нь тодорхойгүй байдаг тул түр хашаалж, хамгаалалтад авах арга хэмжээ авдаг.
Дүүргийн хэмжээнд Баруун салаа, Толгойтын Найрамдалд адуу, мал хаших хашаа байдаг. Гэвч зарим иргэн шөнө оройн цагаар ирж, хашаа эвдэн малаа авч явах зөрчил гаргадаг нь хүндрэл үүсгэдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг даргын санаачилгаар өнгөрсөн оноос эхлэн гэрээт эргүүлүүдийг ажиллуулж, мотоциклтой эргүүл өдөр, шөнөгүй хяналт тавин ажиллаж байна.
Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Бумбатын рашаан орчимд тохижилт, ногоон байгууламж байгуулахаар төлөвлөж, адуу, малаас хамгаалах хашааг давхар шийдвэрлэхээр ажиллаж байна” гэв.
Зөрчлийн тухай хуульд зааснаар хориглосон бүсэд мал бэлчээсэн иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгөөр торгодог байна.
Нийслэл хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсүүд:
- Чингэлтэй
- Сүхбаатар
- Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ
- Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Эмээлт, Жаргалант, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр
- Алслагдсан гурван дүүргийн суурьшлын бүс
- Богд уул орчимд гэж НИТХ-аас тогтоожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
