Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн сүлжээнд нэгдэхийн тулд хамгийн анхны геопаркаа байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр бид геологийн өвөрмөц өв, байгалийн хосгүй тогтцыг олон улсад илүү ихээр таниулах боломжтой болох юм.
ЮНЕСКО болон Рио Тинто компани хамтран Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих, ЮНЕСКО-д бүртгэлтэй газар нутгуудын хамгаалалт, орон нутгийн иргэдийн нийгмийн оролцоо, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх төдийгүй соёлын болон геологийн өвийн үнэ цэнийг дэмжих зорилгоор 2023 онд урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төсөл нь манай улсын геологи, байгаль болон соёлын өвийг хамгаалж, олон улсын түвшинд таниулахын зэрэгцээ орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна.
Энэхүү төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумд болон ойролцоох зарим сумын нутаг дэвсгэрт орших геологи, палеонтологи, археологи болон соёлын онцгой өв бүхий газруудыг нэгтгэн, ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркт тавигддаг шаардлагуудыг хангасан геопарк байгуулахаар ажиллаж байна.
Тус геопарк нь Ханбогд сумын төвөөс 0.5 км-ийн зайд орших Ханбогдын массив, үлэг гүрвэлийн мөр бүхий Шар цавын олдворт газар болон нутгийн ард иргэд “энергийн төв” хэмээн нэрлэдэг Дэмчогийн хийд зэрэг байгаль, геологи, палеонтологи, соёлын өвийг хамарсан иж бүрэн бүс нутаг байх юм.
“ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк гэдэг нь олон улсын түвшний геологийн ач холбогдол бүхий өвөрмөц тогтоц, ховор үзэгдэл, байгалийн үзэсгэлэнт газар нутгийг хэлдэг бөгөөд уг өвийг соёлын болон бусад өвтэй хамтад нь хамгаалах, сурталчлах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд нутгийн ард иргэдийг идэвхтэй оролцуулахад чиглэдэг.”
ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк хөтөлбөрийн гол зорилго нь олон улсын түвшинд үнэлэгдэх геологийн өв бүхий газруудыг, орон нутгийн иргэдийн санаачилга, идэвхтэй оролцоонд тулгуурлан дэмжин хөгжүүлэхийн зэрэгцээ тэднийг чадваржуулж амьжиргааг нь сайжруулах замаар тогтвортой хөгжлийг бодитоор хэрэгжүүлэхэд оршдог.
Шар цав нь зөвхөн манай улсаас олддог Avimimus protentosus хэмээх үлэг гүрвэлийн мөр, яс, өндөг зэрэг 13,600 гаруй олдвор бүхий дэлхийд ховор палеонтологийн өвийг агуулсан бүс юм.
Эндээс судлаачид сүрэглэн амьдардаг махан идэштэй үлэг гүрвэлүүдийн хөдөлгөөний зам, зан төлөвийг тогтоох боломжтой ховор олдворуудыг илрүүлсэн нь шинжлэх ухааны хувьд онцгой ач холбогдолтой юм. ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгүүлэх нь дунджаар 5–10 жилийн хугацаанд үргэлжилдэг, олон улсын нарийн шалгууртай үйл явц юм.
Тус сүлжээнд бүртгүүлэхийн тулд геологийн өвийн үнэлгээ ба судалгаа хадгалан хамгаалалт, төр болон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо, үндэсний хэмжээний дэмжлэг, байгальд ээлтэй менежмент, боловсрол, мэдээллийн хөтөлбөр, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нарийн шалгуур бүхий шаардлагыг хангах ёстой болдог.
Шар цавын хувьд 2008 онд улсын хамгаалалтад, 2014 онд ЮНЕСКО-ийн “Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалт”-д орсон билээ.
Улмаар 2018 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн сүлжээний Ерөнхий нарийн бичгийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд албан ёсны айлчлал хийж тус газрын гайхалтай геологийн тогтцыг хүлээн зөвшөөрөн 2023 оноос ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн сүлжээнд бүртгүүлэх ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Одоогоор уг геопаркийн тэмдэг, тэмдэглэгээний системийн бүрэн концепци болон дизайн ажлууд хийгдэж байна.
Үндэсний геопарк байгуулах энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн олон улсын сүлжээнд Монголын анхны геопарк нэгдэж, соёлын болон геологийн өвийг хадгалан хамгаалах, бүс нутгийн тогтвортой хөгжилтэй уялдуулах, Өмнийн говьд аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, шинэ ажлын байр бий болох, нутгийн онцлог бүтээгдэхүүн, гар урлал, хоолны соёл дэлхийд танигдах болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон талын үр өгөөжийг авчрах юм.
Энэ нь шинжлэх ухааны ач холбогдолтойгоос гадна эдийн засаг, соёл, байгаль хамгаалал, үндэсний бахархал, ирээдүйн хөгжлийг уялдуулсан цогц загвар байх болно.
2025 оны байдлаар дэлхийн 50 оронд ЮНЕСКО-д бүртгэлтэй нийт 229 геопарк байгаа бөгөөд Шар цав нь бусад өвийн хамт энэхүү сүлжээнд албан ёсоор багтсанаар Монгол Улс анх удаа Дэлхийн геопаркуудын сүлжээний гишүүн болж, олон улсын эрдэмтэн, судлаачид болон дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг татах шинэ аялал жуулчлалын бүс нутаг болох учиртай.
Соёлын болон геологийн өвийг бүс нутгийн тогтвортой хөгжилтэй уялдуулснаар орон нутгийн иргэдийн аж амьдрал, нийгмийн оролцоо, сайн сайхан байдлыг дэмжсэн тогтвортой экосистем бүрэлдэнэ. Цаашид геопаркийн бүтээн байгуулалтад аймаг, сумдын удирдлагууд, төр болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, орон нутгийн иргэдийн хамтын оролцоо чухал үүрэгтэй.
Хамтын ажиллагаагаар дамжуулан монголчууд өөрсдийн геологи, байгаль, соёлын өвөөрөө бахархах, тэдгээрийг хамгаалж хөгжүүлэх сэтгэлгээ төлөвших нь энэхүү төслийн хамгийн том ач холбогдол юм. Ирэх жилийн аяллын төлөвлөгөөндөө Шар цавыг багтааснаар та өмнийн говийн байгалийн хосгүй тогтоц, нутгийн өвөрмөц өв соёлтой танилцахын зэрэгцээ Монголын анхны геопаркийг байгуулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!