Дэлхийн хамгийн том арал Гринландыг АНУ-ын засаг захиргаа Дани улсаас авч болзошгүй нөхцөл үүсээд буй энэ үед Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Д.Уламбаяр олон улсын анхаарлын төвд ороод буй тус арлын геополитикийн түүхийн тухай бичсэн өгүүллийг хүргэж байна.
Гринланд бол Арктикийн бүсийн хамгийн чухал бөгөөд салшгүй хэсэг юм. XIX зууны II хагасаас хойш АНУ Данийн харьяанд байдаг Гринланд арлыг худалдан авах хэд хэдэн удаагийн оролдлого, хэлэлцүүлгийг хийж иржээ. АНУ-ын Холбооны Засгийн газрын хүрээнд Гринландыг авах асуудлаар 1867, 1910, 1946, 1955, 2019 онуудад дотоод хэлэлцүүлэг өрнөж байсан түүхтэй ажээ.
Дээрх үзэл санааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нар болох Уильям Х.Сьюард, Жеймс Ф.Бирнс нар идэвхтэй дэмжиж байсан бөгөөд Дэд ерөнхийлөгч Нельсон Рокфеллер хувийн үзэл бодлын хүрээнд, Ерөнхийлөгч Дональд Трамп үндэсний аюулгүй байдлын үүднээс олон нийтийн өмнө ил тод илэрхийлж, мөн дэмжиж ирсэн байна.
Дэлхийн II дайны дараа АНУ Гринландыг худалдан авах нууц санал Дани улсад тавьж байжээ. Харин Д.Трампын анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн үе буюу 2019 он болон 2024 онд дахин сонгогдсоны дараа энэ асуудал олон нийтэд ил болж, түүний “Америкийн тэлэлтийн бодлого”-ын нэг хэсэг хэмээн яригдах болсон юм.
2025 оны нэгдүгээр сарын 20-нд албан тушаалдаа орсноосоо хойш Д.Трамп Гринландын Засгийн газрын хүсэл зоригийг үл харгалзан цэргийн хүч ашиглах эсвэл хавсарган нэгтгэх (annexation) талаар сүрдүүлсэн мэдэгдлүүд хийж эхэлсэн. Харин Гринландын Засгийн газар “Гринландын ирээдүй бол зөвхөн Гринландчуудын өөрсдийн шийдэх асуудал” хэмээн удаа дараа мэдэгдэж ирэв.
Гринланд нь Данийн Хаант Улсын бүрэлдэхүүнд автономит (өөртөө засах) нутаг дэвсгэр боловч Гринланд болон Данийн эрх баригчид өөртөө засан тогтнох эрхийг нь олон нийтэд ил тод хамгаалж, Гринландыг “худалдах эд зүйл биш” гэж мэдэгдсээр иржээ.
Гринландчуудын олонх нь бүрэн тусгаар тогтнохыг дэмждэг бол, Данийн олон иргэд Гринландтай холбоотой түүхэн харилцааг Данийн үндэсний үнэлэмжийн салшгүй хэсэг гэж үздэг байна.
ХХ зууны эхэн үед АНУ бөмбөрцгийн баруун хагас дахь Европын эзэмшлийн хэд хэдэн нутаг дэвсгэрийн нэгэн адил Гринландыг АНУ-д халдах аюул тулгарвал урьдчилан эзлэн авч, бэхлэлт байгуулах стратегийн бүс гэж тооцож байжээ.
Дэлхийн II дайны үед нацист Герман Дани улсыг эзэлсний дараа Гринландыг ашиглахаас сэргийлэх зорилгоор АНУ Жеймс Монрогийн номлолд тулгуурлан Гринландыг эзлэн байрлажээ
Дайны дараа ч АНУ-ын цэрэг Гринландад үлдэж, 1948 он гэхэд Дани АНУ-ыг арлаас гаргах оролдлогоо орхисон байна. Дараа жил нь хоёр улс НАТО-г байгуулалцаж анхны гишүүд нь болсон түүхтэй.
1951 оны дөрөвдүгээр сарын 27-нд Данийн Хаант Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд Копенхаген хотноо гарын үсэг зурсан XIV зүйл бүхий хэлэлцээрээр Гринландын батлан хамгаалалтад АНУ чухал үүрэг гүйцэтгэх болсон бөгөөд 1953 онд баригдаж эхэлсэн Туле агаарын цэргийн бааз буюу өнөөгийн Питуффик сансрын бааз нь Гринландын баруун хойд хэсэгт байрлах болжээ.
1953 онд Гринланд арлыг Данийн Хаант Улсын бүрэлдэхүүнд албан ёсоор нэгтгэсэн байна.
Данийн Засгийн газар 1979 онд Гринландад Өөртөө засан тогтнох эрх олгосон ба 2009 оны “Өөртөө Засах шинэ Хууль”-ийн дагуу, Гринланд нь хүссэн үедээ тусгаар тогтнолоо зарлах боломжтой болсон бөгөөд үүний тулд Гринланд дахь ард нийтийн санал асуулга болон Данийн парламентаас зөвшөөрөл авах шаардлагатай болсон байна.
Гэхдээ зарим хүн үүнийг эсэргүүцэж, Данийн Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үздэг ажээ. Дани Гринланд дээр бүрэн эзэмшлийн эрхтэй, хувийн өмчлөлийн газар байдаггүй. Тусгаар тогтнолыг зөвшөөрөх ямар ч гэрээ нь эзэмшлийн эрхийг Данид шилжүүлэхтэй тэнцэх хэмжээ гэж үздэг байна.
Гринландын Засгийн газар 2024 оны хоёрдугаар сард тусгаар тогтнол нь бидний зорилго гэж мэдэгдсэн бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сард болсон Гринландын сонгуульд тусгаар тогтнол хамгийн чухал асуудал болж байв.
Данийн Засгийн газар Гринланд өөрийн ирээдүйг шийдэх ёстой гэдэгт тулгуурлаж, тусгаар тогтнолын талаарх ард нийтийн санал асуулгыг хүндэтгэх болно гэжээ.
Данийн Засгийн газар 2017 онд Гринландыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс нисэх онгоцны хоёр шинэ буудлыг санхүүжүүлэхээр эргэлтгүй зөвшөөрсөн хэдий ч энэ хөрөнгө оруулалт нь тусгаар тогтнох эрмэлзэлд тус дөхөм үзүүлнэ гэж үзэж байв.
Гринланд нь Дани улсыг Арктикийн бүсийн салшгүй хэсэг гэдгийг илтгэн харуулдаг. Данийн Хаант улс Арктикийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Арктикийн эргийн таван улсын нэг мөнийн хувьд Илулиссатын тунхаглалд гарын үсэг зуржээ. 2008 оны тавдугаар сарын 28-нд Гринландын Илуллиссат хотод Арктикийн далайн эргийн дагуух таван улс болох АНУ, Данийн Хаант улс (Гринланд оролцсон), Канад, Норвеги, ОХУ Илуллиссатын Тунхаглал (Ilulissat Declaration)-д гарын үсэг зуржээ. Тунхаглалд Арктикийн мөс хурдацтай хайлж буй нөхцөлд ус, далайн замын шинэ гарц гарч, байгаль орчин, хөлөг онгоцны аюулгүй байдал, эрдэс баялгийн ашиглалт зэрэг олон асуудлууд тусгагдаж, хамтарсан олон улсын зохицуулалт, хариуцлагыг чухалчилсан байна. Арктикийг олон улсын тусгай эрх зүйгээр биш, 1982 оны олон улсын далайн конвенциар (UNCLOS) зохицуулагдах ёстой гэж үзэж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, мөс хайлах үйл явц байгаль орчин, нутгийн уугуул иргэд, олон нийтэд сөрөг нөлөө үзүүлэх тул бүгд үүнд хариу арга хэмжээ авах шаардлагатай, маргаантай асуудлуудыг энхийн арга замаар шийдвэрлэх, усан замын аюулгүй байдал, эрдэс баялгийн ашиглалт, эрэн хайх, аврах ажиллагаа зэрэгт хамтын ажиллагаа шаардлагатай, Арктикийг дэлхийн олон нийтэд нээлттэй, “хэн ч үл эзэмших газар” гэж үзэхгүй, харин олон улсын эрхзүйд суурилсан зохион байгуулалтыг эрэг дагуух улсууд өөрсдөө хөгжүүлэх ёстой гэж тунхагласан байна.
Энэ тунхаглал нь Арктикийн бүс нутгийн улс хоорондын хамтын ажиллагааны үндсийг тавьсан баримт бичиг болсон бөгөөд олон улсын эрхзүйн хүрээнд энх тайван, зохицуулалттай хөгжлийг эрэмбэлсэн байна. Зарим нэг шинэ асуудлууд гарч ирсэн нь 2025 онд Илуллиссатын Тунхаглал өнөөгийн нөхцөлд үйлчлэхгүй болсон гэж зарим улс мэдэгдэж эхэлсэн явдал юм.
2019 онд Данийн Засгийн газар Гринландыг хянахад зориулан 1.5 тэрбум кроны нэмэлт хөрөнгө оруулалт хийх гэж буйгаа мэдэгдэж байжээ. 2024 оны арванхоёрдугаар сард Данийн Засгийн газар Гринланд дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж, илүү олон албан хаагч, харуулын усан онгоц, алсын нислэг хийх дрон, мөн Данийн F-35 сөнөөгч онгоцыг хүлээж авах боломжтой нисэх онгоцны буудлыг сайжруулахаа мэдэгдэж байжээ.
Энэ нь АНУ-ын Д.Трампын эхний бүрэн эрхийн Засаг захиргаанаас Данийн батлан хамгаалах төсвийг нэмэгдүүлэх шаардлагын дагуу болсон байна.
Д.Трампын анхны бүрэн эрхийн үед АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тамгын газрын тэргүүн Алекс Грей хэлэхдээ, Даничууд “Гринланд тусгаар тогтносны дараа өөрсдөө батлан хамгаалах чадваргүйгээ ойлгох болно” гэж мэдэгдэж байжээ.
АНУ 1951 оны Данитай байгуулсан хэлэлцээрээр Гринланд руу халдах ямар ч түрэмгийлэлд хууль ёсны хамгаалалт үзүүлэх үүрэг хүлээжээ. 1951 оны Копенхагений хэлэлцээр ёсоор АНУ нь Гринланд дахь цэргийн баазуудаа хадгалах, НATO шаардсан тохиолдолд шинэ бааз, эсвэл “батлан хамгаалах бүс” байгуулах боломжийг олгосон байна. АНУ нь Гринланд дахь Данийн эзэмшлийг зөрчихгүй байх ёстой байдаг ч, хэлэлцээр нь АНУ-д Туле, Сондрестром, Нарсассуарк-ийн батлан хамгаалах бүсэд байнгын эрх олгож, АНУ-ын цэргүүд эдгээр бүсийг чөлөөтэй ашиглаж, шилжин хөдөлж болохыг зөвшөөрчээ
2025 оны байдлаар Гринланд дахь цорын ганц АНУ-ын цэргийн бааз нь Питуффик сансрын бааз буюу хуучнаар Туле агаарын цэргийн бааз юм.
2004 оны Игаликугийн хэлэлцээр ёсоор АНУ-д ямар нэгэн санал болгож буй өөрчлөлтийг Дани болон Гринландад мэдэгдсэн байх шаардлагатай гэж заажээ. Тиймээс АНУ Дани болон Гринландын зөвшөөрөлгүйгээр цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжгүй ажээ. 2004 оны наймдугаар сарын 6-нд Гринландын Игалику тосгонд Гринланд, Дани, АНУ-ын хооронд олон улсын хамтын ажиллагааны олон талт хэлэлцээрт (Igaliku Agreement) гарын үсэг зуржээ. Дурдсан хэлэлцээр ёсоор 1951 оны хамгаалалтын гэрээг шинэчлэх, Дани, Гринланд болон АНУ-ын хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой байв. Хэлэлцээрт анх удаа түүхэндээ Гринланд өөрөө гэрээний нэг тал буюу олон улсын эрх зүйн субъект болж оролцсон явдал байв. Хэлэлцээр хамтын ажиллагааг өргөтгөх хүрээнд зөвхөн цэргийн хамгаалалттай холбоотойгоор бус байгаль орчин, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, технологи, аялал жуулчлал зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг дэмжих хүрээнд байгуулагдсан байна. Хэлэлцээрт Тусгай хороо байгуулах, энэхүү хэлэлцээрийн хүрээнд Гринланд, Дани, АНУ-ын төлөөллүүдээс бүрдсэн Хамтарсан хороог байгуулж, дурдсан хороо нь дээрх олон талт хамтын ажиллагааг уялдуулдаг форум болж ажилладаг ажээ. Гринландын эрх мэдлийн өргөжилтийн тухайд хэлэлцээр нь Гринландын өөрийн оролцоо, бүрэн эрхийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон үйл явдал байв.
Гринландын Засгийн газар тусгаар тогтносон улс болох тохиолдолд НАТО-д элсэхийг зорихоо мэдэгдсэн, мөн АНУ-ын сонирхол, хөрөнгө оруулалтыг Гринландын эзэмшлийн эрх ба өөртөө тогтнох эрхийг хүндэтгэх нөхцөлд дэмжихээ мөн илэрхийлсэн байна.
2023 оны байдлаар, Дани нь Гринландын хамгийн том худалдааны түнш бөгөөд арлын экспортын 55 хувийг авдаг, импортын 63 хувийг нийлүүлдэг байна. 2023 оноос Данийн Засгийн газар жил бүр Гринландад 5.6 тэрбум кроны дэмжлэг үзүүлдэг болсон бөгөөд энэ нь 2009 онд 3.6 тэрбум крон байсан үзүүлэлтээс нэмэгдсэн байна.
Арктикийн газрын хөрсөн дэх ашигт малтмалын баялаг нь маш их, тухайлбал, цагаан тугалга, никель, зэс, алт, төмөр, талк-ванадий зэрэг олон төрлийн ашигт малтмал олдох өргөн боломжтой ажээ. Гринланд нь 1.5 сая тонн газрын ховор элемент, чухал ашигт малтмал, 6 сая тонн графит, 230 мянган тонн лити болон зэс, молибденум, никель, кобальт, хар тугалга, алт, уран зэрэг баялгийг хайж нөөцийг нь урьдчилсан байдлаар тогтоож, хэдийн эхэлсэн төслүүд байгаа ажээ. Арлын хамгийн том хувийн хэвшлийн салбар нь загасны аж үйлдвэр юм.
Данийн хөрөнгө оруулагчид Гринландын эдийн засагт бараг оролцдоггүй, гэвч гринландчуудын тавны нэг нь Данид амьдардаг. Данийн Засгийн газар арлын түүхий эдийн хяналтаас татгалзсан, тиймээс баялгийн эх үүсвэрт бага сонирхолтой байдаг ажээ. Арлын неодимиумийн (neodymium) хамгийн том орд Нарсак орчимд оршдог, Нарсак орчим дахь Кванефьелдийн ордын хөгжүүлэгч Австралийн Energy Transition Minerals компани, Хятадын төрийн оролцоотой компанийг хамгийн том хувь эзэмшигчээр тооцсон байна.
2023 оны байдлаар АНУ эндээс 190 сая ам.долларын чухал эрдэс импортолсон байна.
Гринландыг өөрийн мэдэлд авах нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэж үздэг.
2020 оны аравдугаар сард Reuters агентлаг Гринландыг АНУ болон түүний холбоотнуудад зориулсан “аюулгүй байдлын хар нүх” гэж тодорхойлж, арлын 44 мянган км эргийн шугамыг хянахад хүндрэлтэй гэжээ. Учир нь гадаадын хөлөг онгоц, тухайлбал Оросын цөмийн шумбагч хөлгүүд олон удаа санаатай, санамсаргүй байдлаар усан хилийг зөрчиж байжээ. Ирээдүйн аюул нь Оросын хөлөг онгоцууд тэнгисийн кабелийг эвдэх эсвэл тайрах чадвартай гэж үзжээ.
2021 онд Rand корпорацын судалгаагаар Гринланд тусгаар тогтносон тохиолдолд Орос эсвэл Хятадын нөлөөнд автах магадлал өндөр байж болзошгүй гэсэн санаа зовнисон дүгнэлт гарч байжээ.
2025 онд Данийн Олон улсын судалгааны институтийн судлаач Расмус Синдинг Сөндергаард (Rasmus Sinding Søndergaard) хэлэхдээ, АНУ-д Гринланд дахь хууль ёсны аюулгүй байдлын санаа зовнил байгаа бөгөөд Данийн тал энэ асуудлыг тогтвортой хамгаалж чадахгүй гэжээ.
ОХУ Арктикийн хуурай газрын тулалдаанд АНУ-аас илүү чадварлаг, мөн Гринланд нь довтолгоонд өртөх эрсдэлтэй байж болзошгүй гэж үзсэн байна.
АНУ нь GIUK буюу Гринланд–Исланд–Их Британийн “завсрын хяналт”-ыг Хойд Америкийн зүүн эргийн далайн батлан хамгаалалтын хувьд чухал гэж үздэг.
Дэлхийн II дайны үед АНУ-ын гол зорилт нь “завсрыг хаах”, буюу дайсны тэнгисийн цэргийн хүчийг Норвегийн тэнгисээс гарах, Хойд Атлантын далайн замаар Хойд Америк руу ойртохыг сэрэмжлэх явдал байжээ.
Хүйтэн дайны ихэнх хугацаанд “завсрыг хаах” ач холбогдол нь Зөвлөлтийн SSBN загварын цөмийн шумбагч хөлөг Вашингтон, Нью-Йорк хотын буудах зайд хүрэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэж байжээ.
Хүйтэн дайн дууссаны дараа Зөвлөлт–Оросын пуужингийн хүрээ хумигдахтай зэрэгцэн “завсрыг хянах” ач холбогдол багассан байна. Харин XXI зуунд хайбрид дайны аюул нэмэгдсэнээр дахин чухал болов. ОХУ Арктикийн нөлөөллөө өргөжүүлэхийн тулд “завсрын бүсэд” тэнгисийн цэргийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Хятадтай хамтран ажиллаж байна. Хятадын “Нэг бүс, нэг зам” суурь бүтэц, ложистикийн санаачилга өргөжсөөр Арктикийн бүс нутгийг хамарч, Туйлын Silk Road-ыг хөгжүүлж байна.
Хятадын Төрийн зөвлөл 2018 оны нэгдүгээр сарын 26-нд “China’s Arctic Policy” (中国的北极政策) цагаан номыг боловсруулж гаргасан юм. Энэ баримт бичигт Хятад улс өөрийгөө “Aрктикт ойр орших улс” (Near-Arctic State-近北极国家) хэмээн тодорхойлсон байна. Хятад улс 2013 онд Арктикийн Зөвлөлд “ажиглагч” статустай болсон юм. Түүнчлэн Монгол Улсаас өмнөд халуун бүсэд оршдог Энэтхэг, Сингапур зэрэг улс орнууд хүртэл Арктикийн Зөвлөлд “ажиглагч”-ийн статустай болсон байна.
Зохиогч миний бие Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орон мөнийн хувьд дамжин өнгөрөх, далайд гарах, далайн баялгаас хүртэх Далайн конвенцийг удирдлага болгож Арктикийн Зөвлөлд “ажиглагч”-ийн статустай болох шаардлагатай байгааг бүр 2014 онд бичиж байсныг энд онцлон тэмдэглэмээр байна.
АНУ нь Гринландын агаарын орчмыг Хойд Америкийн агаарын хамгаалалтын хувьд чухал гэж үздэг.
АНУ Дани улсаас Гринландын агаарын орчны хяналтыг сайжруулахыг шаардсан бөгөөд 2022 онд Rand корпорацын судалгаагаар Гринландыг NORAD (North American Aerospace Defense Command)-д нэгдэх нь агаарын орчны мэдлэг, мэдээллийг сайжруулах арга болно гэж дүгнэжээ.
АНУ-ын Питуффик сансрын бааз нь Гринланд дахь одоогоор цор ганц бааз бөгөөд АНУ-д Арктикт ашиглах боломжтой хоёр байгууламжийн нэг, нөгөө нь Аляска дахь Clear Space Force Station юм.
Гринланд тусгаар тогтсон тохиолдолд Питуффик сансрын баазыг алдах нь АНУ-ын хувьд ямар ч нөөц боломжгүй болж, SpaceNews-ийн дүгнэлтээр, “Ирээдүйн мөргөлдөөнд болон сансрын тойрог замын хэвийн үйл ажиллагаанд ноцтой үр дагавар үзүүлэх” болно гэжээ.
2025 оны нэгдүгээр сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Майк Харидополос сансрын аюулгүй байдлын үндэслэлээр Гренландыг авахыг дэмжиж буйгаа мэдэгдсэн бөгөөд “Энэ нь одоо болон ирээдүйн аюулгүй байдлыг хангах чухал хэсэг…АНУ сансар болон Арктикт ямар ч сантиметр газраас татгалзаж чадахгүй” гэсэн байна.
Үүнээс өмнө, 2024 оны долоодугаар сард АНУ-ын NORAD-ын командлагчийн орлогч армийн генерал Томас Карден сансрын цэргийн нөөц байрлуулах талаар ярихдаа, “Арктик нь Хойд Америкийн хамгийн богино ба хамгийн сул хамгаалалттай аюулын чиглэл” гэж тодорхойлсон байна
Арлын газрын ховор эрдэс, чухал ашигт малтмалын тухайд Хятадаас гадаад дахь хамгийн том ордууд энд байрладаг байна. Арктикаас гадна дэлхийн цэвэр усны нөөцийн гурав хүртэлх хувь нь Гринландын мөсөнд хадгалагдаж байдаг агаад арлын чулууны нунтаг байдал нь газрыг нөхөн сэргээх чадварыг нэмэгдүүлдэг байна.
Мэргэжилтнүүд 2050 он гэхэд Арктикийн далайн замыг ашиглаж боломжтой болсноор дэлхийн тээвэрлэлийн 5 хувь нь энд ногдоно гэж таамаглаж байна. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан 2030 он гэхэд Арктикийн эрэг дагуу бараг мөсгүй болсноор Атлантын далай-Номхон далай хоорондоо холбогдож, Гринландын баялагт илүү хялбар хүрэх боломжтой хэмээн урьдчилан дүгнэж байгаа ажээ.
Хойд Баруун гарц (Northwest Passage) нь АНУ-ын зүүн эргээс Ази, баруун эргээс Европ хүртэл Панамын сувгаас 6,9 мянган км буюу дөрвөн өдөр богино замыг санал болгож байгаа ажээ. 2013 онд анхны худалдааны усан онгоц энэ гарцаар дамжин, 200 мянган ам.доллар хэмнэжээ. 2024 онд арав гаруй усан онгоц дамжсан бөгөөд XXI зууны төгсгөл гэхэд жилд дөрвөн сар гарц нээлттэй байж магадгүй гэж үзэж байна.
Д.Трампын хувьд хэмжээ бас чухал бөгөөд тэрбээр хэлэхдээ, “Энэ хэмжээг хар, асар том. Энэ нь АНУ-ын бүрэлдэхүүнд байх ёстой” гэжээ. Хэрэв Гринланд АНУ-ын бүрэлдэхүүнд орвол, АНУ газар нутгийн хэмжээгээр Оросын дараа Канадын оронд дэлхийн хоёр дахь том улс болох бөгөөд энэ нь Америкийн түүхэн дэх хамгийн том газар нутгийн худалдан авалт болох бөгөөд Луизиана мужийг Францаас 15 сая ам.долларын худалдан авалтаас арай том болох ажээ.
1867 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уильям Сьюард Хаант Оросоос Аляскаг 7.2 сая ам.доллароор худалдаж авах гэрээг байгуулж, хэрэгжүүлсэн байдаг. Тэрбээр мөн Гринланд болон Исландыг авах боломжийг чухал гэж үзэж, “анхааралтай авч үзэхэд үнэ цэнэтэй” гэж байжээ.
1868 онд Даниас Гринланд, Исландыг 5.5 сая алтаар худалдан авах хэлцэл бараг дуусах шатанд хүрч байсныг мэдээлж байсан ч, хэлцэл зогссон нь Уильям Сьюардын үзсэнээр Конгресс Данийн Баруун Энэтхэгийн арлуудад анхаарлаа хандуулж байсан явдал байжээ.
1910 онд АНУ-ын Копенхаген дахь Элчин сайд Морис Фрэнсис Эган Гринландыг худалдан авах саналыг тус улсын Төв Засгийн газарт тавьж байжээ.
Данийн “чухал эрх мэдэл бүхий” хүмүүсийн зөвлөснөөр АНУ нь Гринланд ба Данийн Баруун Энэтхэгийн арлуудыг солих боломжтой гэж үзжээ.
1916 оны наймдугаар сарын 4-нд АНУ, Дани улсын хооронд Данийн Баруун Энэтхэгийн гэрээ (Treaty of the Danish West Indies) байгуулагдаж, энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Роберт Лансинг Нью-Йоркт үг хэлэхдээ: “… Засгийн газраас албан ёсоор эрх олгогдсоны дагуу АНУ-ын Засгийн газар Данийн Засгийн газарт Гринландын бүх нутагт улс төр, эдийн засгийн эрх ашгаа өргөжүүлэхэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй гэдгээ хүндэтгэлтэйгээр мэдэгдэж байна” гэжээ.
1916 оны арванхоёрдугаар сарын 14-нд Данийн иргэд бүх нийтийн санал асуулгаар уг худалдааг дэмжиж, 1917 оны нэгдүгээр сарын 17-нд гэрээг соёрхсон батламж жуухыг солилцож, гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болж, Данийн Баруун Энэтхэгийн гурван арлыг 1917 оны гуравдугаар сарын 31-нд албан ёсоор АНУ 25 сая ам.доллараар худалдан авч, засаглал шилжүүлэх ёслол болжээ.
Карибын тэнгист 1717–1917 онд 200 жил эзэмшиж байсан Данийн Баруун Энэтхэгийн нутаг дэвсгэрт дараах арлууд орж байсан юм. Үүнд: 1. Сэйнт Томас (Saint Thomas) – худалдаа, боомт, далайн тээврийн зангилаа, 2.Сэйнт Жон (Saint John) – голчлон цэцэрлэгт хүрээлэн, кофе, чихрийн нишингийн талбай, 3. Сэйнт Круа (Saint Croix) арлын газар тариалангийн бүс, чихрийн нишингийн үйлдвэрүүд, эдгээр арлууд нь чихрийн тариалан, боолын худалдаа, далайн замын стратегийн хувьд чухал байршилтай байв. Өдгөө эдгээр арлуудыг АНУ-ын Виржиний арлууд хэмээн нэрлэдэг билээ.
Улмаар Дани 1921 онд Гринландын бүх хэсэгт эзэмших эрхээ баталгаажуулснаа албан ёсоор зарлажээ.
1920 онд генерал Билли Митчелл Америкийн агаарын хүчээ өргөжүүлэхийг дэмжиж, Гринланд ба Исландад АНУ-ын цэргийн баазууд байгуулахын чухлыг тэмдэглэж байжээ.
1939 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Корделл Халлад зөвлөхүүд нь Гринландыг худалдаж авах санал гаргахгүй байхыг зөвлөж байжээ. АНУ-ын Цэргийн яамны сайд Харри Вудринг ч арлыг Америкийн тэнгис болон агаарын орон зайгаас хэт хол гэж үзэж байжээ.
1940 оны дөрөвдүгээр сарын 9-нд нацист Герман Данийг эзэлсэн явдал АНУ-ын Засгийн газарт Америкийн туйл судлаач Роберт Пиригийн хэлсэнчлэн Гринландын ач холбогдол Арктикийн бодлогод чухал болохыг харуулжээ. Нацист Герман Данийг эзэлсэн нь Германд Гринланд дахь хууль ёсны эрх олгосон юм.
Дэлхийн II дайны өмнө арлыг АНУ Rainbow 4 төлөвлөгөөнд оруулсан байна. Энэ нь Америкийн газар нутгийг бүслэх дайралттай тэмцэх төлөвлөгөө байсан бөгөөд АНУ-д нэгэн зэрэг их гүрнүүд түрэмгийлэх тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө байжээ. Rainbow 4-д Америкийн цэргийн хүч Бүгдийг урьдчилан эзлэн байрших ёстой гэж тооцоолж, Голланд, Дани, Францын бөмбөрцөгийн баруун хагасын эзэмшлийг, тэр дундаа Гринландыг эзэлж, АНУ-ыг хамгаалах бүрхүүл бий болгох явдал байв.
Гринланд нь Хойд Америкийн эх газрын ойролцоо байрлах, цайрын нэгэн чухал эх сурвалж гэдгээрээ, мөн Германы тал Хойд Атлантын агаарын болон тэнгисийн тулааны үеэр арлыг ашиглах оролдлого хийсэн нь АНУ-д анх удаа Монрогийн номлолын чухлыг мэдрүүлсэн байна.
Үргэлжлэл бий
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!