Хятад улсын эдийн засаг 2025 онд экспортын хэмжээ нь түүхэн дээд хэмжээнд хүрсний үр дүнд 5 хувиар өссөнийг өнөөдөр өглөө тус улсын статистикийн газар мэдээлжээ.
Гэхдээ оны сүүлийн гурван сард өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурч, 4.5 хувьд хүрсэн байна.
Хэдийгээр дотоодын хэрэглээний зардал буурч, үл хөдлөх хөрөнгийн салбар хямралтай байгаа ч Бээжингийн эрх баригчид 2025 оны эдийн засгийн өсөлтийг “5 орчим хувь” гэж тооцоолж байсан нь ийнхүү биелжээ.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын гадаад худалдааны тэнцэл $1.19 их наядын ашигтай гарсан нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болсон юм.
Үүнийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өдөөсөн худалдааны дайны улмаас Хятадын үйлдвэрлэгчид дэлхийн бусад зах зээлүүдэд экспортоо нэмэгдүүлсний үр дүн гэлцэж байгаа.
Хятадын Үндэсний Статистикийн Товчооны дарга Кан И тус улсын эдийн засаг “хүчтэй нийлүүлэлт, сул эрэлт” зэрэг асуудалтай тулгарч байгаа ч энэ онд “тогтвортой, эрүүл өсөлтийн эрчмээ хадгалах боломжтой” гэж өнөөдөр мэдэгджээ.
Гэхдээ Трампын засаг захиргаа гадаад бодлогодоо импортын татварыг хөшүүрэг болгон ашигласаар байгаа тул Хятадын эдийн засагт сорилт бэрхшээлүүд тулгарсан хэвээр байх төлөвтэй байна.
АНУ саяхан Ирантай худалдааны харилцаатай орнуудыг болон Гринландыг нэгтгэх сонирхлыг нь эсэргүүцсэн улс орнуудыг импортын өндөр татвараар сүрдүүлснээс үүнийг харж болно.
Өнгөрсөн оны хувьд Хятадын үйлдвэрлэгчид Америкийн зах зээлийг орлох зах зээлд анхаарлаа хандуулсан, Бээжин, Вашингтон хоёр худалдааны дайндаа “гал зогсоох” тохиролцоонд хүрсэн зэрэг нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлсөн.
Өнөөдөр танилцуулсан 2025 оны статистик тоо баримтаас Хятадын хүн ам зүйн хямрал улам бүр гүнзгийрч байгаа нь бас харагджээ.
Тухайлбал тус улсын хүн амын тоо өнгөрсөн онд дөрөв дэх жилдээ дараалан буурсан байна. 2025 онд Хятадын хүн амын тоо 339 саяар буурч, 1.41 тэрбумд хүрчээ. Үүний зэрэгцээ төрөлтийн түвшин 1,000 хүн тутамд 5.63 болж буурсан байна.
Хятадын хүн амын хурдацтай хөгшрөлт Бээжингийн эрх баригчдын хувьд томоохон сорилт болж байгаа. Дараагийн арван жилийн хугацаанд тус улсын ажиллах хүчний хэмжээ хэдэн зуун саяар хорогдох төлөвтэй байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!