Өнөөдрийн ярилцлагын буландаа “Good Workplace awards”-аас “Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч” байгууллагаар шалгарсан “Бэрс Финанс” банк бус санхүүгийн байгууллагыг онцлон Гүйцэтгэх захирал Г.Юмсүрэнтэй ярилцлаа. “Good Workplace awards” нь жил бүр хүний нөөцийн салбарын шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг авард юм.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө 2025 оны Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч байгууллагаар шалгарсан танай хамт олонд баяр хүргэе.
Баярлалаа. Аливаа ажлыг санаачлаад, хэрэгжүүлээд хэвшил болоход тодорхой хугацаа ордог юм байна. Манай байгууллага 2017 оноос эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байна. Санхүүгийн салбарт 20-оос дээш жил ажилласан удирдлагын багтай 100 гаруй ажилтантай өнөр хамт олон. Бид бүхэн 2022 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн хүний нөөцийн бодлого, санаачилсан ажлууд маань ийнхүү үр дүнгээ өгөөд, бодитоор хэвшээд явж байгаад маш их баяртай байна.
- Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч болоход юу хамгийн их нөлөөлөв. 3 жилийн өмнөөс ямар бодлогуудыг гаргаж хэвшүүлж явна вэ?
“09:00-16:00 цагийн богиносгосон цагийн хуваарь,
сэтгэл ханамжтай ажиллах бодит цалин урамшууллын
тогтолцоог бүрдүүлсэн”
- Тоочвол их зүйлийг хамт олноороо бий болгосон байна. Манай байгууллагын нэг онцлог нь 20 салбартай. Салбарын маань 18 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Зайнаас их харилцана, хамт олноороо цуглах, нэгэнтэйгээ нүүр нүүрээ хараад мэнд мэдэх өдөр нь жилдээ тодорхой хугацаануудад л тохионо. Ийм учраас хүний нөөцийн бодлого хэрэгжилт маш чухал гэж үздэг.
1-рт, орон нутагт ажиллах орчин нөхцөлийг бэлдэх, нийгмийн бат суурийг нь бэлдэх зорилгоор сэтгэл ханамжтай ажиллах цалин урамшууллыг бий болгох, ажлын уян хатан цагийн нөхцөлүүдийг урьтал болгон бодлого гаргасан. Үүнийг цогцоор нь орон нутагт салбар хариуцан ажиллаж байгаа захирлууддаа тодорхой тайлант хугацааны урамшуулал, орон нутагт гэр бүлээрээ шилжин суурьшихад зориулан амьдрах байрыг нь бэлэн болгодог зохицуулалт оруулсан. Дараагаар нь жил бүр үндсэн цалинг нэмэх бодлого барьсан. Энэ жил нийгэм эдийн засаг хүндхэн жил байлаа. Тэр тусам бид бүхэн үндсэн цалинг 30 болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлж чадсан. Манай хамт олон үнэхээр уулга алдмаар сэтгэлтэй залуус байдаг. Тийм болохоор тэд ямар нэгэн асуудалгүй, түүртэх зүйлгүй, ажлаа сэтгэл амар хийх нь чухал санагддаг. Харин 2023 онд ажлын цагийг богино болгох шийдвэр анх гарсан. Ажил 09:00 цагаас эхлэх ч 17:00 цагаас тарна. Хэрвээ тухайн салбар сарын урамшуулалт цагаа авбал 16:00 цагаас тарах бүрэн боломжтой. Ажлын цагийг богиносгосноор сургууль, цэцэрлэгийн насны хүүхэдтэй ажилтнууд хүүхдээ хичээлээс нь авахын тулд тарах цагтайгаа уралдан гарах шаардлагагүй болж, гэр бүлдээ цагаа бүрэн зориулах боломж нь бүрдсэн. Нөгөөтэйгүүр ганц бие залуус маань өөртөө цагийг зарцуулж эхэлсэн. Ажлаа тараад сургалт хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдахаас эхлээд оройн хоолоо цагтаа идэж байна. Эрүүл мэнд, гэр бүлийн аз жаргалтай байдалд шууд нөлөөлөхүйц үр дүнгүүд өгч байна. Улаанбаатар хотынхон түгжрэлээс өмнө гэртээ харьж байна. Эдгээр олон давуу тал бий болоод ирэхээр ажлын бүтээмж ч эрс нэмэгдсэн.
- Үнэхээр эрт тарах, сэтгэл ханамжтай цалин урамшуулалтай байх чухал шүү. Ганц бие эсвэл шинээр гэр бүл зохиож байгаа залуус руу чиглэсэн ямар бодлогууд байгаа вэ?
“Шинэ залуу ажилтнуудад хамгийн
их тулгамддаг асуудал амьдралаа эхлүүлэх орон байр”
- Мэдээж нас насны төлөөллүүд манайд ажиллаж байна. Ажилтнуудын дундаж нас 32 гэсэн маш залуу тоо гарсан. Ганц бие болон шинээр гэр бүл зохиож байгаа залуустаа зориулсан хөнгөлөлттэй зээлийн бодлого гаргасан. Залууст тулгардаг олон асуудлын нэг энэ шүү дээ. Өөрийн гэсэн байр орон сууцыг бий болгох, түүндээ хүрэх хангалттай цалин урамшуулалтай, ажилдаа аз жаргалтай байх их чухал. Яагаад банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа залуус маань өөрийнхөө ажиллаж байгаа газраас жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаж болохгүй гэж? Өнөөдөр 1 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг залуус маань авч, өрх гэрээ тусгаарлахад зарцуулсан байна.
- Санаачилсан ажлуудаа бодит болгож хэрэгжүүлэхэд юу хамгийн чухал нөлөө үзүүлж байна та бүхэнд.
“Асуудал юу байна. Түүнийг тодорхойлоод
шийдэж өгөх нь хамгийн чухал бодлогууд
гарахад нөлөөлсөн”
Эхлээд асуудал юу байна гэдгийг тодорхойлдог. Асуудлыг шийднэ гэдэг чинь аливаа байгууллагын удирдлагуудын нэгээхэн чухал зүйл шүү дээ. Дараа нь асуудлыг шийдэх бодлогоо гаргана, хэрэгжүүлнэ. Тэр маань хөрсөн дээрээ хэрхэн бодитоор бууж байгааг үнэлж дүгнэснийхээ дараа тогтмол сайжруулалтуудыг тусган шинэчилдэг. Шинэчилснээр илүү бодитой болохын суурь нөхцөл болж байна.
- Тоочвол их зүйл бий гэж яриа эхлэхэд та хэлж байсан. Та тэдгээрээсээ хуваалцаач.
Эрүүл мэнд талаас нь хэрэгжүүлдэг хэд хэдэн бодлого бий. Жил бүр 100 гаруй ажилтнаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж байна. 2025 онд шинээр ажилтнуудаа 50 сая төгрөгийн эрүүл мэндийн даатгалд нэмэлтээр хамруулсан. Ингэснээр хувийн эмнэлэгт үзүүлсэн ч энэхүү байгууллагын эрүүл мэндийн даатгалаараа үзүүлэх, эмчлүүлэх боломжтой болсон. Хүнээ бодсон шийдвэрүүдийг санаачилдаг, дэмждэг бусад удирдлагын багийн хамт олондоо энэ завшааныг ашиглан талархал илэрхийлмээр байна.
- Танд их баярлалаа. Та хамт олныхоо цаашдын зорилго төлөвлөгөөнөөс хуваалцаад өнөөдрийн ярилцлагаа өндөрлөе.
Бэрс Финанс банк бус санхүүгийн байгууллагын хамт олон бид улс эх орныхоо хөгжил, нийгэм эдийн засагт сайнаар нөлөөлөх зүйлсэд үргэлж нээлттэй ханддаг. Сайн дурын ажил, нийгмийн нөлөөллийн ажлуудад нэгдэн оролцохоос гадна үндсэн үйл ажиллагаандаа жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бизнесийг дэмжсэн бодлогуудтай. 2025 оны хувьд 100 гаруй бизнес эрхлэгчдийн бизнесийн өсөлтийг санхүүжүүлэн ажилласан байна. Энэ үр дүнгээ 2026 ондоо илүү олон бизнес эрхлэгчдэд хүргэхийг зорьж байна.
- Бидэнтэй байгууллагынхаа хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар хуваалцсан танд баярлалаа. Хамт олонд нь амжилт хүсье.
Ярилцлагын буландаа урьсан та бүхэнд баярлалаа. Хамт олонд нь амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!