Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оныг Улаанбаатар хот “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгох шийдэлд хүрчээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хот бизнес эрхлэгчдээ бүхий л талаар дэмжиж ажиллана. Үндэсний үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэр, бүтээн байгуулагчдаа дэмжиж байж хамтдаа хөгжинө. Үүний тулд хамгийн түрүүнд зөвшөөрөл, бичиг баримт өгдөг газрууд, эрчим хүч, ус, дулаан хангамжаар хангадаг байгууллагуудын хандлагыг өөрчилж, шат дамжлагыг цөөлнө. Нэг хорооны хүнсний дэлгүүрээс топ ААН хүртэлх бүхий л бизнес эрхлэгчийг дэмжинэ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт агшилт явагдаж, экспортын орлого буурсан, ААН, байгууллагуудын татвар төлөх чадвар сайнгүй, аж ахуй эрхлэхэд хүндрэлтэй шалтгаанууд их байгаа тул 2026 оныг нийслэлийн бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг биелүүлж ажиллана" гэж мэдэгдэв.
Бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн инкубатор төвийг Толгойт, Баянхошуу, Сэлбэ, 32-ын тойрог, хуучин Урт цагаан зэрэг таван байршилд байгуулах аж.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!