Уншиж байна ...

“Сармагчин Христ” хэмээх сэргээн засварласан ажлаараа алдаршсан эмэгтэй 94 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Испанийн зүүн хойд бүсийн Борха нэртэй жижиг хотын сүмд байдаг 19 дүгээр зууны ханын зургийг сэргээн засварласан ажлаараа олон улсын хэмжээнд алдаршиж байсан Сесилиа Гименез хэмээх эмэгтэй 94 насандаа таалал төгсжээ.

Урлаг сонирхогч тэрбээр 2012 онд Борха хотын Сантуарио де Мисерикордиа сүмийн хананд байрладаг нутгийн зураач Элиас Гарсиа Мартинесын бүтээлийг сэргээн засварлахаар шийдэж байв.

Гэхдээ түүний авьяас чадвар сайн санаатай нь тэнцэх хэмжээнд биш байсан тул түүхийн хамгийн муу сэргээн засварлалт хэмээн алдаршиж, хийсэн зүйл нь “Сармагчин Христ” нэрийг зүүх болжээ.

зураг
 
Христийн хөрөг сэргээн засварлагдахын өмнө ба дараа

Хүмүүсийн элэг доог болсон Гименез нэг хэсэг гэрээсээ гаралгүй орондоо хэвтэж, 17 кг жин хассан гэдэг.

Гэхдээ удалгүй хүмүүс түүний бусад бүтээлүүдийг худалдаж авахаар үнэ хаялцаж эхэлсэн бөгөөд eBay онлайн дэлгүүрээр олон бүтээлээ заржээ.

Тэрбээр ингэж олсон орлогоосоо Католик шашны буяны байгууллагад их хэмжээний мөнгө хандивласан байна.

Бүтэлгүй сэргээн засварлалт эхлээд интернэтээр алдаршиж, дараа нь жуулчид олноор ирэх болсон тул сүм тасалбар борлуулж, төлбөртэй үзүүлж эхэлжээ.

Ryanair компани Борха хотод хамгийн ойр оршдог том хот болох Зарагоза руу нислэг үйлддэг болсноор өнөөдөр “Сармагчин Христ” бүтээлийг үзэх гэсэн мянга мянган жуулчин ирдэг болсон байна.

Борха хотын захиргаа аялал жуулчлалаас олсон 600,000 еврогоор ахмадын асрамжийн газраа тохижуулжээ.

2023 онд АНУ-ын харилцааны мэргэжилтэн Эндрью Флэкийн энэ түүхээр бичсэн зохиол дуурь болж, Лас Вегас хотын театрт нээлтээ хийж байв.

Уг нээлтэд өндөр насны улмаас Гименез өөрөө оролцох боломжгүй байсан тул зээ охиноо илгээж байжээ.

Борха хотын дарга Эдуардо Арилла хөгжлийн бэрхшээлтэй бага насны хоёр хүүхэдтэй бэлэвсэрсэн Гименез хүнд амьдрал туулсан эмэгтэй байсныг эмгэнэлийн мэдэгдэлдээ дурдсан байна.

Тэрбээр Гименезийн төрөлх хотод нь авчирсан ач тусыг өндрөөр үнэлж, нэрэмжит гудамж, талбайтай болох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian