АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Ф. Кеннедийн зээ охин, сэтгүүлч Татяна Шлосберг 35 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь өчигдөр зарлажээ.
“Бидний үзэсгэлэнт Татяна өнөөдөр өглөө таалал төгслөө. Тэр үргэлж бидний зүрх сэтгэлд байх болно” гэж тэдний мэдэгдэлд өгүүлсэн байна.
Нэг сарын өмнө “The New Yorker” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ Шлосберг маш ховор төрлийн генетикийн гажигтай холбоотой үүсдэг цусны хорт хавдартай болсноо бичиж байв.
2024 оны тавдугаар сард охиноо төрүүлсний дараа тэр ийм өвчнөөр оношлогджээ.
Шлосберг нь шинжлэх ухаан, уур амьсгалын сэдвээр “The New Yorker” сониноос гадна өөр хэд хэдэн хэвлэлд нийтлэл бичдэг чөлөөт сэтгүүлч байсан юм.
Түүний “Үл мэдэгдэх хэрэглээ: Таны мэдэхгүй байгаль орчинд үзүүлэх нөлөө” нэртэй ном 2019 онд хэвлэгдэж байжээ.
Шлосбергийн ард түүний нөхөр Жорж Моран, гурван настай хүү, нэг настай охин үлдэж байна.
Америкийн улс төрд хамгийн нөлөө бүхий удмынхны нэг болох элчин сайд асан Кэролин Кеннеди, дизайнер Эдвин Шлосберг нарын гэр бүлд Татяна мэндэлсэн юм.
Түүний дүү Жэк Шлосберг нь Нью Йоркийн 12 дугаар конгрессын тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшиж байсан бол үеэл ах Роберт Кеннеди нь одоо Трампын засаг захиргаанд эрүүл мэндийн сайдын албан тушаал хашиж байгаа.
Вакцинд үл итгэгч Роберт Кеннедийг сайд болоход түүний гэр бүлийн хэд хэдэн гишүүн шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Татяна Шолсбергийн өвчин энэ шүүмжлэлийг улам хурцалж байна.
Америкийн эрүүл мэндийн системийн найдваргүй, үр дүнгүй байдлыг эмчилгээнийхээ үеэр мэдэрснийг тэр нийтлэлдээ бичиж байсан юм.
Нийтлэлдээ Шолсберг бас гэр бүлийнх нь үе үеийнхэнд эмгэнэлт зүйлс тохиолддог болохыг 1963 оны ерөнхийлөгч Жон Ф. Кеннедийн аллага, 1968 оны авга ах, ерөнхий прокурор, сенатор Роберт Ф. Кеннедийн аллага зэргээр жишээ татан бичсэн байв.
“Би амьдралынхаа турш сайн хүн, сайн сурагч, сайн эгч, сайн охин байхыг, ээжийгээ хэзээ ч гомдоохгүйг хичээж ирсэн. Гэтэл одоо би түүний амьдралд, гэр бүлийнхээ амьдралд бас нэг эмгэнэлт явдал нэмэхээр болж байна. Үүнийг зогсоохын тулд би юу ч хийж чадахгүй” гэж тэр бичжээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!