Уншиж байна ...

Иранд валютын ханшийн уналттай холбоотой эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжлэв

Т.Давааням, ikon.mn
2 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Иран улсад инфляцын өсөлт, валютын ханшийн уналттай холбоотой ард иргэдийн эсэргүүцлийн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж, нийслэл Тегеран хотоос гадна хэд хэдэн хотод хүрээгээ тэлжээ.

Ням гарагт Ираны риалын ханш АНУ-ын доллартай харьцуулахад түүхэн доод хэмжээндээ хүрч унасны дараа Тегераны Их Захын худалдаачид жагсаж эхэлсэн юм.

Өчигдрийн байдлаар жагсаал Караж, Хамедан, Кешм, Малард, Исфахан, Керманшах, Шираз, Язд хотуудад өргөжсөнийг эх сурвалжууд баталж байна.

Цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж байгааг сошиал ертөнцөд тарсан дүрс бичлэгүүд харуулжээ.

Ираны засгийн газар “эсэргүүцлийг хүлээн зөвшөөрч”, “чанга хатуу дуу хоолойг тэвчээртэйгээр сонсох”-оо мэдэгдсэн байна.

Жагсагчдын төлөөлөгчидтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэх, хариуцлагатай ажиллах даалгаврыг Дотоод хэргийн сайддаа өгснийг Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан өөрийн сошиал хуудсаар Даваа гарагийн орой мэдээлсэн юм.

Тэрбээр бас Ираны төв банкны ерөнхийлөгч Мохаммадреза Фарзиний огцрох хүсэлтийг хүлээн авч, оронд нь эдийн засаг, сангийн сайд асан Абдолнассер Хемматийг томилжээ.

Өчигдрөөс эсэргүүцлийн жагсаалд их сургуулийн оюутнууд оролцож эхэлсэн байна.

Тэд “Дарангуйлагчид үхэл” гэх мэт засгийн газрыг эсэргүүцсэн уриаг хоолой нийлүүлэн хашхирч байжээ. Дарангуйлагч гэдэг нь Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменийг хэлж байгаа юм.

Оюутнуудын зарим нь бас 1979 оны Исламын хувьсгалаар төрийн эрхээс зайлуулагдсан шах Мохаммад Реза Пахлави агсны хүүг дэмжиж байгаагаа илэрхийлэн “Шах урт удаан наслаг” гэсэн уриа хэлж байжээ.

Одоо АНУ-д амьдарч буй Реза Пахлави сошиал хуудсандаа “Би та нартай хамт. Бидний зорилго шударга бөгөөд бид нэгдмэл учраас ялалт биднийх. Энэ дэглэм засгийн эрхэнд байгаа цагт тус улсын эдийн засгийн байдал улам дордох болно” гэж бичсэн байна.

АНУ-ын төрийн департамент мөн өөрийн сошиал хуудсанд перс хэлээр иранчуудын жагсаалыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.

Тухайлбал жагсагчдын “эр зоригийг магтаж”, олон жилийн бүтэлгүйтэл, алдаатай бодлого, эдийн засгийн буруу менежмэнтийн дараа “нэр төр, илүү сайн сайхан ирээдүйг” хүсэж буй хүмүүстэй хамт байгаагаа илэрхийлсэн байна.

Даваа гарагт Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Флоридад уулзахад тэдний ярианы нэг гол сэдэв Иран байсан юм.

Трамп гэхдээ Ираны дэглэм өөрчлөгдөхийг хүсэж байгаа эсэхээ шууд хэлэхээс зайлсхийсэн ч “Тэдэнд маш олон асуудал байна. Асар өндөр инфляц, эдийн засгийн уналт зэргээс шалтгаалан хүмүүс аз жаргалтай биш байгааг би мэдэж байна” гэж хэлжээ.

Ираны дэглэм баллистик пуужин, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө сэргээвэл Израилийн талаас агаарын цохилт өгөхийг дэмжиж болзошгүйг Трамп энэ үеэр мэдэгдсэн юм.

Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн гарах бүрд Израил улс үүнийг ашиглан төрийн эргэлт хийхийг санаархдаг гэж Тегераны эрх баригчид үздэг.

Өчигдөр ерөнхийлөгч Пезешкиан “гаднын аливаа түрэмгий үйлдэлд” үзүүлэх Ираны хариу арга хэмжээ “хатуу бөгөөд харамсахуйц” байхыг анхааруулжээ.

Есдүгээр сард шашны дээд удирдагч Хамени “Тэд гудамжинд үймээн самуун дэгдээхийг хүсдэг. Гэхдээ хүмүүс дайсны хүссэн зүйлд огт автахгүй” хэмээн Израилийн бодлогыг шүүмжилж байв.

 

Эх сурвалж: BBC