Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, хүндэт дипломат Д.Уламбаярын Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулан бичсэн өгүүллийн үргэлжлэлийг хүргэж байна.
1911 оны сүүлчийн улиралд өрнөсөн Монголчуудын үндэсний чөлөөлөх тэмцэл Хаант Оросын дэмжлэг олж ялалтад хүрсэн нь Чин улсын олон жилийн эзэн эрхийг Гадаад Монголд эцэс болгож, Монголын тусгаар тогтнолыг шашин, төрийг хослон баригч Богд Хаант улсын хэлбэрээр сэргээн тунхаглах нөхцөлийг бүрдүүлсэн билээ.
VIII Богд Жавзундамба хутугтыг Монгол Улсын шашин-төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст хаан эзэнд өргөмжилсний дараахан 1912 оны эхээр урьд нь 1904-1907 онд Их Хүрээнд, дараа нь 1909-1911 онд Улиастайд консулаар ажиллаж байгаад нийслэл Хүрээнд Ерөнхий консулд шинээр томилогдон ирээд удаагүй байсан Хаант Оросын дипломатч Владимир Фёдорович Люба бээр Монголд өрнөсөн үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ГЯЯ-ндаа яаралтай илгээжээ. Түүнд: «Ганц Оросын тусламж, ивээлд итгэж найдан, нийт ард түмний чин сэтгэлийн итгэл дээр өрнөсөн 1911 оны түүхт арваннэгдүгээр сарын өдрүүдэд болсон үйл явдлууд тухайн өөрчлөлтийг авчирсан голлох зүтгэлтнүүдийг тайзан дээр түрэн гаргаж ирлээ. Монголыг өдгөөгийн эрх чөлөөтэй золгуулж, их үйл хэргийг хошуучилсан хүн нь яах аргагүй Хутагт мөн. Монголчуудын сүүлийн хэдэн жилийн түүхийг хэзээ нэгэн цагт бичих болбол аугаа их зоригтнуудын оюун санаанд ч оромгүй үйл хэргийг хэрэгжүүлж чадсан VIII Богд гэгээний зориг шийдмэг санаачилгыг талархалтайгаар түүхэнд тодотгох болно» гэж илтгэжээ. В.Ф.Люба бол хувьсгалт эргэлтийн үйл явцыг нүдээр харж, биеэр оролцсон Хаант Оросын дипломатч мөний хувьд түүний илтгэл мэдээлэл маш чухал эх сурвалж байсан юм.
Хаант Оросын Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч И.Я.Коростовец Богд хаантай ойр байсны хувьд хожим 1926 онд Берлинд хэвлүүлсэн бүтээлдээ тэмдэглэхдээ: “ихэмсэг, дээрэнгүй зантай, садар явдалтай гэдэг ч бие даасан бодолтой, маш ухаалаг хүн байсан” гэж үнэнд ойрхон дүгнэлт өгсөн байдаг. Америкийн монголч эрдэмтэн Роберт А.Рупен бээр бичихдээ: “Монголчуудын жинхэнэ бэлгэдэл болсон оройлох хүмүүн нь Жавзундамба хутагт байсан бөгөөд Богдын VIII дүр болох тэрбээр Манжийг эсэргүүцэгч халхчуудын гол төлөөлөгч болж байв. Монголчуудын үндэсний ухамсар лавшрахын хэрээр Нийслэл Хүрээ нь улам бүр Хамаг Монголын төв болж, олон монголчууд, түүний дотор халх бусчууд ч Богдыг Монголын эрх чөлөөгөө олоход тэргүүлж чадахуйц хүн гэж, Их Хүрээг тусгаар тогтносон Монгол Улсын гол төв гэж үзэж байв. Олон ажиглагч Жавзундамба хутагтын задгай явдалтайг хэт онцлоод, хурц сэргэлэн ухаантайг хэтэрхий дарж байсан, Монгол үндэсний төр амжилт олсон нь Жавзундамба хутагтын үйл ажиллагаа, зан байдалтай салшгүй холбоотой байсан” гэж 1950-иад онд бичиж байв. “Монголчууд Манжийн хааны талаар ямарваа төсөөлөлгүй байсан атлаа монгол хүн бүр, тэр ч байтугай хүүхэд багачууд хүртэл шашны тэргүүн Богд Жавзундамба хутугтыг сайн мэддэг байсан” гэж цааш нь өгүүлсэн юм.
Дилав хутагтын тэмдэглэснээр Жавзундамба нь “...хүүхэд байхынхаа онцгой хурц, ухаалаг байсан. Тэрбээр Хятадаас бага ч гэсэн тусгаарлах чиг шугам баримталж, урьд Бээжинд суугаа Хуанди-д бараалхаж агсан өмнөх гэгээнтнүүдийнхээ үлгэрийг эс дагаж, Бээжин орохоос татгалзаж, хятадууд түүнийг албадахаас өөр аргаа олж чадахгүй байсан” гэжээ.
Гадныхан Их Хүрээний Амьд хутугтын талаар сонирхолтой дурсамжуудыг олонтой үлдээсэн байдаг. Польшийн нэрт зураач Юлиус М.Прайс (Julius [Mendes] Price 1857-1924) Английн Illustrated London News сэтгүүлд ажиллаж байхдаа «Вангийн Газарзүйн нийгэмлэг»-ийн санхүүжүүлтээр 1890-1891 онд угсаатанзүй, урлаг судлалын чиглэлээр Сибириэс Гадаад Монгол, говийг хөндлөн аялж Бээжинд хүрчээ. Аяллынхаа үеэр Өргөөд саатаж Амьд Хутагтыг 22 настай байхад нь уулзаж, энэ тухайгаа 1892 онд Лондонд хэвлүүлсэн «Хойд мөсөн далайгаас Шар тэнгис хүртэл» хэмээх судалгааны бүтээлдээ: “Тэрбээр түрүү дүрүүдээсээ огт ондоо бөгөөд монголчуудын хувьд гэгээрсэн хүн, орчин цагийнхаа гэсэн бүхнийг ихэд сонирхдог, шинийг санаачилдаг хүн гэдэг нь үзтэл илт байлаа” гэж онцолсон байдаг.
1899 онд Хүрээнд ирсэн уурхайн инженер Херберт К. Хувер (Herbert C.Hoover 1874-1964) бээр хожим өөрийн дурсамждаа нэгэн сонирхолтой зүйлийг тэмдэглэн үлдээжээ. “Бид нэжгээд жуулчин-инженерүүдийн хамт говь цөлийг мориор хөндлөн гулд туулсаар элсэн дундах Монголын нийслэл Өргөөд хүрэлцэн ирэв. Монгол ахуй, зочломтгой ёс заншлийн тухай Марко Поло тодорхой өгүүлсэн тэр цагаас хойш гадны нөлөөгүй явж иржээ. Харин Монголоор дайруулан Бээжинг Оростой холбох цахилгаан мэдээний шугам татах ажлыг Швед инженерүүд гүйцэтгэж байсан нь Амьд Будда хутугт лам хэмээн дуудагдаг түүний сонирхлыг татаж байсан бөгөөд найз Орос консулынх нь дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа ажил ажээ. Амьд Буддаг харахаар биднийг Ордон тийш очиход Аугаа Их Түвд дуган хийдийнхээ дотор дугуй унан, Орос эгшигт хайрцаг тоглуулж, хөгжим сонсон хөгжин цэнгэж байв. Бурханлаг хувь заяатай түүнд орчин үеийн бүх эд зүйлийг Оросын консулаас өргөн барьжээ” гэж тэрбээр дурсан бичсэн байдаг. Энэ бол Богд гэгээнийг амьдаар нь харж, хожим 1929-1933 онд АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгч болсон анхны хүн юм.
VII Богд жанч халсны дараахан да лам Лувсан-Иш тэргүүтэй найман ламтан Хутугтын VIII дүрийг тодруулах их хэргээр Их Хүрээнээс гараад 1868 оны адаг сард Лхаст хүрэлцэн очжээ. Чингээд Далай лам, Банчин богд лугаа Потала ордонд VIII Богдын дүрийг тодруулжээ. Түүний бие, дүр төрх, зан ааш, төв ихэмсэг шинжээрээ түрүүчийн дүртэй төстэй байсан гэнэ. Ой ухаан, цовоо сэргэлэн нь гойд байсанд Далай лам шинжээд Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуу хэмээх ер бусын нэр хайрлаж, цаашид Агваанлувсан хэмээн нэрлэх болжээ. Далай ламын саналаар Хайдавданзан ринбүчи түүнд сахил хүртээж, «Бүрэн засагч» хаан Агваанлувсанг Монголын бурхан шашны тэргүүн Богд Жавзундамбын VIII дүр мөн гэж зарлигаар баталгаажуулжээ.
1874 оны есдугаар сарын 30-ны өдөр VIII Богд гэгээн Их Өргөөнд ёслол, хүндэтгэлтэйгээр морилон ирж, аравдугаар сарын шиний 5-ны өдрийн луу цаг дор Монголын лам хуварга, хан, ван, гүн нар хутугтыг «Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч» хэмээн ширээнд өргөмжилжээ. Тийнхүү VIII Богд хутугт бээр Монголчуудын оюун санаа-шашны удирдагчаар өргөмжлөгдөн олон түмний эв нэгдлийн хүчийг нэгтгэн нягтруулсаар иржээ.
Хятад дахь Манжийн засаг баригчид шар сэнтий, шүхэр болон эрх ямбыг үзүүлэгч, бусад бэлгэдэл, онцгойлох зүйлийг Хутугтад хөхиүлэн шагнаж, дэмжлэгийг нь олж авахыг хичээж байв. Монголын хан, ван, гүн, дээд лам нар ч тэднээс үл дутан мал, газар, шавь боол зэргээр бэлэг барин бие даах байр сууриа бататгаж байсан ажгуу. Мэдээж түүхэн шалтгааны улмаас Манжийн засаг баригчид болон хятадуудын эсрэг сөрөн зогсч, тусгаар тогтнохын утга учрыг мэдэрсэн Монголын хан, ван, лам ноёд Жавзундамбаас зөвлөгөө эрж, дэмжлэг хүсэх зэргээр байн байн хандаж, энэ нь VIII Богд гэгээний улс төрийн байр суурийг улам бататгаж байжээ.
Энэ үед олон улсын харилцаанд үндсэн өөрчлөлт гарч эхэлснээр Алс Дорнод дахь их гүрнүүдийн хүчний харьцаанд өөрчлөлт орж, Чин гүрэн дотоодын гүн хямралд орсон нь Синьхайн хувьсгал гарах нөхцөлийг бүрдүүлэв.
ХХ зууны эхний арван жилд Манжийн хааны шинэ засгийн эзэрхэг бодлого эрчимжихийн хэрээр VIII Богд Жавзундамба хутагтын нэр хүнд тэр хэмжээгээр өсөж байжээ. Хүрээ амбан буюу Гадаад Монгол дахь Манжийн төрийн төлөөний сүүлчийн сайд Саньдо бээр Богд гэгээнийг сөрж байсан ажээ. Залуухан, боловсрол сайтай, овсгоотой хэмээгдэж байсан Саньдо Гадаад Монголыг Хятадад уусгах бодлого баримталж байна гэж монголчууд үзэж байснаас тэдний дургүйцэл туйлдаа хүрчээ. 1911 гэхэд Монгол-Манжийн харилцаа хутагт, амбан хоёрын хувийн харилцаагаар улам тод илрэх болсон байна. 1910 онд Хүрээнд болсон ноцтой зодооны хэрэг явдлаар зөрчил улам хурцдаж эхэлжээ. Энэ бол үйл явдлын шалтаг байв.
XX зууны эхээр өмнөд хөршид гарсан Синьхайн хувьсгалын нөлөө, Монголчуудын үндсээ чөлөөлөх чин эрмэлзэл Хаант Оросын дэмжлэг хүлээснээр Чин улсын олон жил үргэлжилсэн эзэн эрхийг Гадаад Монголд төгсгөл болгон, Монголчууд төрийн тусгаар тогтнол хэмээх үндэс язгуураа даяар олонд сэргээн тунхаглаж, VIII Богд Жавзундамба хутугт юугаан шашин, төрийг хослон баригч Эзэн хаанаар өргөмжилж, оны чимгийг «Олноо өргөгдсөн» хэмээн зарлажээ. Арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд Улиастайн манж амбан зугтахаас аргагүйд хүрч, Ховдод монголчууд хятадын суман цэргийг сар илүү хугацаанд бүслэн ганц тулаанаар л 1912 оны наймдугаар сард буулгаж авчээ.
Богд хаан төрийн тэргүүний хувьд гадаад бодлого ба гадаад харилцааны асуудлуудыг бүхэлд нь эцэслэн шийдвэрлэж байсан нь энэ үеийн бодлогын шийдвэр гаргах үйл явцын үндсэн онцлог байв. Богд хааны зөвшөөрөл, оролцоогүйгээр Засгийн газар ганцаарчилсан ямар ч тоглолт хийж чадахгүй байсан ажээ.
Чин гүрний сууринд тогтносон Дундад улсын шинэ удирдагч Юань Шикай Монголын тусгаар тогтнолын сэргэлтийг үл зөвшөөрсөн ч, Богд хаантай олон ч удаа захидал бичгээр харилцаж, Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан ятган сэнхрүүлэхийг оролдож байсан нь хүлээн зөвшөөрсний шинж юм. Тусгаар орны эзэн хаан мөний хувьд Богд Жавзундамба өмнөд хөршийн ерөнхийлөгчтэй эн тэнцүү хэмжээнд харьцаж байсан нь түүний илгээж байсан захидал зэргээс тод харагддаг билээ.
1912 оны намрын Монгол-Оросын найрамдлын гэрээ нь Хаант Орос Олноо өргөгдсөн Хаант Монгол Улсыг de facto хүлээн зөвшөөрсний нотолгоо болсон бол 1913 оны Монгол-Түвдийн гэрээгээр Монголын тусгаар байгуулсныг дахин нотолж, Богд гэгээнийг Монголын шашны тэргүүнээс гадна, төрийн тэргүүн мөнийг de jure хүлээн зөвшөөрөв.
Богд хааны Монголын тусгаар тогтнолыг хоёр хөршөөс гадна «гуравдагч хөрш»-өөр хүлээн зөвшөөрүүлэх, тэдэнтэй худалдааны харилцаа тогтоох, Монголын улс төрийн нэгдлийг хангахын төлөө явуулсан үйл ажиллагаанд Дайчин хошой чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн Санкт-Петербургт хийсэн цуврал айлчлал, Богд хаанаас Японы эзэн хаанд илгээсэн захидал, да лам Цэрэнчимэд, бинт ван Гомбосүрэн нарын Японыг зорих гэсэн хүчин чармайлт, Жалханз хутугт, Дилав хутугт нарын АНУ-ын дипломатчидтай Бээжин, Өргөөд хийж байсан уулзалт яриа онцгой байр эзэлдэг.
Өвөр Монголын чухал хэсэг Хутугт болон нийслэл Хүрээний шинэ Засгийн газарт үнэнч байхаа зарлаж, харин үүнд эрэмшсэн Монголчууд Өвөр Монголчуудаа хар Хятадаас чөлөөлөхөөр өмнө зүгт таван замын цэрэг хөдөлгөж, тодорхой амжилтыг ч олж эхэлсэн юм. Хаант Оросын Төрийн Дум дээр энэ тухайд хэлэлцэж, үүнийг «Монголын империализм» гэж нэрлэхэд хүртэл хүрч, харин Улаан цав, Шилийн гол, Их-зуугийн олонхи хийгээд Цахарын хошуу халхчуудтай нийлэв. Баргууд 1912 оны эхээр босч, Хүрээний Засгийн газрыг хүлээн зөвшөөрөв. Тийм байхад ч Юань Шикай бээр Монголчуудын эсрэг цэрэг хөдөлгөх, хүч хэрэглэх бодлого баримталж чадаагүй бөгөөд 1915 оны Хиагтын гэрээг ч хүлээн зөвшөөрсөн юм.
Чин гүрний сууринд тогтносон Дундад иргэн улсын шинэ удирдагч Юань Шикай Монголын тусгаар тогтнолын сэргэлтийг үл зөвшөөрсөн ч, Богд хааныг хүлээн зөвшөөрч олон ч удаа захидал бичгээр харилцаж, Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан ятган сэнхрүүлэхийг оролдож байв. Тусгаар орны эзэн хаан мөний хувьд Богд Жавзундамба хутугт өмнөд хөршийн ерөнхийлөгч Юань Шикай, Ли Юаньхонъ (Li Yuanhong), Сюй Шичанъ (Xi Shichang) лугаа эн тэнцүү хэмжээнд харьцаж байсан нь түүний илгээж байсан захидал зэргээс тод харагддаг.
Японы усан цэргийн бэлтгэл ахмад, Манжуурын төмөр замын компанийн мэргэжилтэн Кодама Камэкэчи хэмээгч Хүрээнд 1913 оны есдүгээр сард сар орчим байхдаа Монголын Засгийн газрын эрх баригчид болон бусад томоохон албаны хүмүүстэй уулзсан бөгөөд Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд Халхын засаг Хошой Эрдэнэ дайчин чин ван М.Ханддорж болон бусад яамдын сайд нартай Гадаад хэргийн дэд сайд Б.Цэрэндоржоор хэлмэрчлүүлэн биечлэн уулзжээ. Кодама бээр Богд хаантай уулзах хүсэлтээ илэрхийлсэн ч М.Хандорж тэргүүн сайд хаан бие чилээрхсэн байгаа тул уулзах боломжгүй гэсэн хариулт өгчээ. Гэтэл Кодама Улсын Эх дагинатай уулзах боломжтой эсэхийг лавлахад хатан бие давхар тул уулзах боломжгүй гэсэн нэн сонирхолтой, цаашид лавшруулан судлахуйц хариултыг өгсөн байдаг.
Барон Унгерн фон Штенбергийн Азийн морин дивиз Монголын автономитыг сэргээн тунхаглаж, VIII Богд Жавзундамба хутугтыг дахин эзэн хааны сууринд залсан нь цаашдаа ихээн чухал учир холбогдолтой байв. Унгерний цэргийн хүч Хятадын цэргийн гол хүчинд шийдвэрлэх цохилт өгч, Нийслэл Хүрээг чөлөөлсөн нь Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлөхөд томоохон дэмжлэг болсон гэдгийг тэмдэглэх ёстой.
Генерал Барон Унгерн хятадын гамин цэргийг зэвсгийн хүчээр хөөн гаргаж Хиагтын гэрээг сэргээх, Богд гэгээнийг хаан сэнтийд нь дахин мандуулах зорилгоор Монголд цөмрөн орж ирээгүй ахул большевикууд улаан цэргээ тус оронд оруулахад хангалттай шалтаг буй болохгүй байсан бөгөөд цаашлаад Гадаад Монгол нь Хятадын бүрэн мэдэлд хэвээр үлдэж болохоор байсан ажгуу.
Зөвлөлт Орос Улсаас анхлан тусламж хүсэх МАН-ын албан бичигт ч VIII Богд хаан тамга дарсан нь хожмын түүхэн учир холбогдолтой болсон байна. 1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд Москва хотноо байгуулсан Монгол-Зөвлөлт Оросын найрамдлын барилдлагын анхны гэрээ бичигт Хэмжээт эрхт хаан VIII Богд Жавзундамба хутугтын албан ёсны биет төлөөлөгч Эрдэнэ жонон ван Ширнэндамдин гарын үсэг зурсан байдаг.
Монгол-Хятадын харилцааг зүгшрүүлэх тухайд Бээжинд өрнөсөн нэжгээд удаагийн яриа хэлэлцээнд ч Эрдэнэ жонон ван Ц.Ширнэндамдин бээр Богд хааныг төлөөлж байсан юм.
Хаалган хотноо Гадаад Монголыг тусгайлан хариуцсан Америкийн анхны суурин консул Самуэл Сокобиныг хүлээн авч биечлэн уулзахдаа АНУ-ын Засгийн газарт хандаж захидал илгээсэн байдаг.
Улсын Эх дагина Дондогдулам бээр уламжлалт бичиг үсгийн боловсролтой, уран хатгамалч хатан байжээ. Тэрбээр худам монгол, түвд хэл бичигт ихэд боловсорсон нэгэн байсан тул монголчууд түүний ухаан, боловсрол, бурхны ном, судар мэддэгийг нь хүндэлдэг байсан байна.
Хаант Оросын элчин И.Я.Коростовецтой уулзахаар 1912 онд Хүрээнд ирж байсан англи жуулчид Перри-Аускоу, Отте Барри нар 1913 онд Лондонд хэвлүүлсэн «Монголд Оросуудтай хамт» бүтээлдээ: “Хутугтын хатан их эрх мэдэлтэй эмэгтэй байсан бөгөөд түүнд багагүй нөлөө байсан” гэж бичсэн байдаг. Монгол гүн Франс Август Ларсон ХХ зууны эхээр Монголд амьдарч ахуй цаг дор Богд хаан болон Эх дагинатай нэг биш удаа уулзаж байсан байх бөгөөд өөрийн дурдатгалдаа: «Монголчууд Богдын хатны тухайд жирийн нэгэн бүсгүй мэтээр ярьдаггүй, харин ч Дарь эх хэмээн ихэд хүндлэн ярьдаг. Дондогдулам хатан бол ажил хэрэгч, ухаалаг эмэгтэй байсан бөгөөд тэрбээр ирснээр Бурхны ордонд байсан харанхуйг үлдэн хөөж, хааны ордны олон жилийн жаврыг үргээсэн гайхамшигтай гэрийн эзэгтэй байв. Энэ бүсгүй бол хүнтэй эелдэг сайхан ярьчихдаг, морь сайн унадаг, нум сумаар мэргэн харвадаг гайхамшигтай эмэгтэй байв. Бурхан хатнаараа онцгой бахархдаг байлаа» гэж бичсэн нь буй.
ХХ зууны Монгол Улсын тусгаар тогтнолын сэргэн мандах түүхэн үйл явцад төр- шашныг хослон баригч сүүлчийн хаан VIII Богд Жавзундамба хутугт бээр оройлох үүрэг гүйцэтгэсэн нь эдүгээ нэн тодорхой болсон ажгуу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!