Уншиж байна ...

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсгэн байгуулагдсан нь

Редакцын бус нийтлэл
Өнөөдөр 11 цаг 04 минут
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан өдөрт зориулав

зураг
 

ХИС-ийн проф. ШУ-ы др. Д.Уламбаяр


Бидний монголчууд олон улсын харилцаа, дипломатын түүхэнд өөрийн ул мөрийг гүн үлдээсэн Азийн эртний сурвалжит ард түмэн мөн бөгөөд манай өвөг дээдэс өнө эрт цагаас инагш төрсөн ч нутаг усаа эзэгнэн,  төр улсаа байгуулан гадаад бодлогоо бие даан явуулж туурга тусгаар байдлаа хамгаалан бататгаж ирэхдээ дипломатын өвөрмөц арга хэлбэрийг буй болгож, хатуу мөрдөж ирсэн түүхтэй.

   Монголчуудын өвөг, анхны төрт улс Хүн гүрэн нүүдэлчдийн тусгаар тогтнол, соёл иргэншлийг хамгаалах их хэргийг үүсгэн сэдэж байх цаг дор гадаад бодлого, дипломат ажиллагаанд онцгой ач холбогдол  өгч байсан бол Чингис хааны нэгдсэн улс, эзэнт гүрний үед гадаад дахинтай харилцах асуудлыг «төрийн алтан аргамж» хэмээн онцгойлон үзэж байжээ.

       Монгол Улсын дипломат алба нь орчин цагийн зохион байгуулалтын хэлбэрийг олсон нь ХХ зууны эхэн бөлгөө.

 1911 оны эцсээр Монголчуудын үндэсний чөлөөлөх тэмцэл Хаант Оросын дэмжлэг олж ялалтад хүрсэн нь Чин улсын олон жилийн эзэн эрхийг Гадаад Монголд эцэс болгож, Монголын тусгаар тогтнолыг  төр-шашныг хослон баригч Богд Хаант улсын хэлбэрээр сэргээн тунхаглав. Чингээд Монголын шашны тэргүүн VIII Богд Жавзундамба хутугтыг Монгол Улсын төрийн тэргүүн, хаан сэнтийд өргөмжилж, оны чимгийг  «Олноо Өргөгдсөн» хэмээн даяар дуурсгав.

 Хаант Монгол Улс байгуудагдсан даруйд Богд хаан төр засгийн хэргийг эрхлэн явуулахаар орчин цагийн зохион байгуулалт бүхий таван яам байгуулсаны нэг нь Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яам (ГХЯ) байв. Бусад Дотоод, Сан, Шүүх, Цэргийн хэргийн яамд бүгд Захиран Шийтгэгч нэртэй байсан ахул Гадаад хэргийн яам л ганцаараа Эрхлэн Шийтгэгч нэртэй байсан нь гадаад харилцаа, дипломат ажиллагааг захиран шийтгэж болохгүйтэй холбоотой байсан ажгуу.

Монгол Улсын түүхнээ гадаад бодлого,  дипломат ажиллагааг эрхлэн шийтгэгч ГХЯ байгуулагдан Богд Хаант Монгол Улсаас гадаад дахинтай харилцах асуудлыг журамлан явуулах болсноор орчин цагийн дипломат албаны үндэс суурь тавигджээ.

Монгол Улс сэргээн байгуулагдсаны дараа VIII Богд Жавзундамба хутугт хаан анхны зарлигийг дуулган, хишиг хүртээгчдийн хамгийн эхэнд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг хошуучлагч, чин ван Мижиддоржийн Ханддоржийг «Тулгар төр байгуулах тухай хэрэгт онц хүчин зүтгэж явсан»-ыг онцлон тэмдэглээд «...үе улиран эрдэнэ дайчин цол, ханы ямба давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун»  гэжээ. Чин вангийн Богд хаанд айлтган  мэдүүлсэнээр мөн яамны дэд сайдад баргын манлайбаатар бэйл Ж. Дамдинсүрэн, Халхын зайран лам, Хүрээний да лам, нягт билэгт, гүн Равдан нар зарлигаар томилогдсон байна.

     Шадар сайд, Бүгд захирагч сайд, Гадаадын хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, Халхын засаг Хошой Эрдэнэ Дайчин Чин ван Ханддорж, дэд сайд Да лам Равдан нар яамны тамгыг  хүлээн авч хэрэг шийтгэснээ мэдэгдэн Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа бичиг илгээсэн нь доорх мэт.

зураг
 

Илгээх бичиг

             Шадар сайд, Бүгд захирагч сайд, Гадаадын хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд, Халхын засаг Хошой Эрдэнэ Дайчин Чин ван, дэд сайд Да лам нарын бичиг Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэгч яамнаа илгээв. Мэдэгдэн явуулахын учир, эдүгээ манай Монголчууд тусгаар их төр байгуулан Богд эзэн сууринд заларч төр шашны хамаг хэргийг хавсран захираад Олноо өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын шинийн еснөө Зарлигаар шадар сайд бүгд захирагч сайд Халхын засаг Хошой Эрдэнэ Дайчин Чин ван Ханддорж намайг Гадаадын хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Равдан намайг мөнхүү яамны дэд сайд тавиад тамга Шагнан олгосныг хичээнгүйлэн хүлээн авч Тэнгэрийн хишигт мөргөөд мөн өдөр яам байгуулж хэрэг шийтгэснээ өөр Айлтгаснаас гадна үүнийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа мэдэгдэн явуулсугай. Үүний тул илгээв.

Олноо Өргөгдсөний тэргүүн он өвлийн дунд сарын шинийн есөн

Төр шашныг хослон баригч Богд хааны зарлиг болгосноор төрийн сайдууд улсын эзэн хааны өмнө тангараг өргөх ёслолыг журамлан тогтоожээ. Энэ бол гадаад олон улсуудын Хаант Засгийн ёсонд байдаг тогтсон журам бөгөөд тухайн улсын төрийн ёслолын ёс жаягийг харуулах  чухал арга хэмжээ байв.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Гадаад хэргийн тэргүүн сайд, чин ван М. Ханддорж хоёр дэд сайдын хамтаар улсын эзэн хаанд бараалхан өргөсөн тангарагтаа: «Түмэн наст наран гэрэлт Богд хааны шашин төрийн тул олноор сэтгэлийг нэгтгэж, улсын сүрийг бадруулан шашныг сахиулан даатгал айлтгаж, тангараг сахилга тогтоох учир, бидний олон Монголчууд урьд Чин улсын үед зальхай түшмэдийн хүнд дарлагдал зовлон зүдгүүрийг олсон нь туйлд хүрсний тул бид бүгдээр чин үнэнхүү сэтгэлээр Богд гэгээнээ Монголын хаанд өргөмжлөн цөм ашид амгалан жаргалангийн туйлд хүрч буй.

Үүнд мэхийж хичээнгүйлэн хянаваас дотоодод болбоос тус тусын үнэн шударгыг илэрхийлэн, гадаадад болбоос, бусдын хорлон хөнөөгч арга маягт үл хөдлөх төмөр чулуу мэт болж аюулт дайснаас аянга цахидгаан мэт буцалтгүй, улсын сүрийг бадруулан хаан эзний өмнөөс шашин төрийн тул зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн байгуулсан төрийн тул энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний  тольт мэт хичээнгүйлэн хайрлана».  гэжээ.

      Үндэсний ардчилсан хувсгал ялсны дараа 1921  оны  долоодугаар сарын 14-нд  Ардын Засгийн газрын  таван  яам  нийлж  улсын дотоод, гадаад бодлогын  хэрэг  үйлст  үнэнч  байхаа  баталсан  илэрхийлэлт  гаргасан  байна. Тангараг  гэж  хэлж  болох  илэрхийлэлтэд  өгүүлсэн  нь: «Ардын эрхт  Засгийн  газар  байгуулж,  сайд  түшмэдийг  сонгон  томилж,  Засгийн  хэргийг  үүсгэн  явуулав. Бид  үнэнч  шударгыг  гол  болгон  зүтгэж  тус  газар  орон  ба  ард  албатыг  батлан  хамгаалах,  сайжруулан  засах,  шинэчлэн  хувьсгах,  хэвээр  явуулах  зэргийг  олон  бүхэн  боловсортол  зөвлөлдөн  тогтоож  дараа,  дараагаар  шийтгэн  явуулж, улсын  үндсийг  бататган, гадаад  байдлаа  бэхжүүлэн  ард  олныг  сайжруулан засах  хэрэгт  санаа  хүчнээ  дуусган  маш  чин  үнэнчээр  чармайн  зүтгэж,  төвшин  амагланд  хүргүүлсүгэй»   гэжээ.

зураг
 

Монголын тусгаар тогтнолын сэргээн тунхагласан өдөр. Норвегийн жуулчин Оскар Мамёны авсан гэрэл зураг. 1911.12.29-ны өдөр. Богд хааны сүйх тэрэгний дэргэд Халхын засаг, Хошой Эрдэнэ дайчин чин ван М.Ханддорж явж буй

Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн, Гадаад хэргийн тэргүүн сайн Хошой Эрдэнэ дайчин чин ван Мижиддоржийн Ханддорж. Санк-Петербург, 1913, 1912 он

Мөн өдөр таван яам тус бүрийн шүтээн болгон тахих сахиусыг Богд хаанаас хайрлахад ГХЯ-д «Хорыг номхотгогч Аюуш бурхан» нэг чий (уртын хэмжээ буюу 10 цун Д.У) хэмжээний алтаар шарсан гуулин хоргонд залрах шүрээр урласан бурхан соёрхосон бөгөөд сайхь бурхан нь дэлхийн олон улстай сайн хөршийн харилцаатай байж, тэрхүү үйлст гал, ус мэт харш  аливаа хор учруулах оролдлогыг номхотгон дарж, гадны түрэмгийллийг хязгаарлан зогсоох, төрийн тусгаар тогтнолыг бататгаж, амар амгаланг сахиулах утгыг илэрхийлдэг байжээ.

ГХЯ-ны тамганы дардс, Аюуш бурхан

Өвлийн дунд сарын 25-нд гаргасан олон яамд шинэ тамга нээн явуулах Богд хааны зарлигаар ГХЯ 10 лан мөнгө оролцсон, дөрвөлжин тийш 3 ямх, дөрвөн пүн, «Дөрвөн үзүүр чандмань» бариул бүхий тамга хэрэглэх болжээ. Эл тамгыг Сэцэн хан аймгийн дархан засаг тэргүүн тайж Барайшир тэргүүтэй дархчуул урласан байна.                                                                                            

Тэргүүн сайд Хошой Эрдэнэ дайчин чин ван М. Ханддорж ГХЯ-ны үүрэг, бүтэц зохион байгуулалтыг боловсруулан түүний эрхзүйн үндсийг бүрдүүлэх чиглэлээр ажлаа эхэлжээ. Түүний санаа бодол «Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг»-т тодорхой тусгагдсан байна.

ГХЯ бүтэц, зохион байгуулалтын хувьд Өмнөд, Умард, Төв гэсэн хэлтсээс бүрдэх болжээ. Өмнөд хэлтэс нь голчлон Дундад улстай харилцах болон (мөн Түвд) Монголд оршин сууж байсан тэдний харьяат нарын асуудлыг хариуцаж байв. Умард хэлтэс нь Хаант Оростой харилцах болон орос иргэдийн (мөн Европ) хэргийг эрхлэж байжээ. Харин Төв хэлтэс нь гадаад олон улстай байгуулсан гэрээ хэлэлцээр зэрэг чухал баримт бичгүүдийг хадгалах хийгээд бусад яамдтай харилцаж, гадаад харилцааны асуудлыг зохицуулах үүрэг гүйцэтгэх болсон байна.

ГХЯ-ны бүрэлдэхүүнийг нийт 42 орон тоотой байхаар «Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг»-т   заан тогтоожээ.

1918-1919 онд Японы «Мицуй Буссан» пүүсийн төлөөлөгчөөр Нийслэл Хүрээнд сууж байсан Ошима Киёшигийн илтгэх бичгээс үзвэл тэргүүн сайд 240 лан, дэд сайд 180 лан, эрхэлсэн түшмэл 150 лан, дэс түшмэл 120 лан, эх бичиг зохиогч түшмэл  90 лан, үсэг орчуулагч түшмэл 60 лан, нярав 60 лан, их бичээч 45 лан, бага бичээч 15 лан, хэлмэрч 15 лан, хаалга сахигч 9 лангийн цалин пүнлүү тус тус авдаг байжээ.

Шинэ тутам байгуулагдсан ГХЯ-нд төрийн хэрэгт үнэнч, тухайн үедээ мэдлэг боловсрол сайтай, хятад, манж, түвд зэрэг хэл бичиг эзэмшсэн, мөн япон хэл бичиг гадарладаг хүмүүсээс сонгон авч ажиллуулж байсан байна. Харин орос хэлттэй хүн ховор байсныг харгалзан 1912 онд яамны дэргэд Хүрээн дэх Оросын консулын тусламжтайгаар монгол, орос хэл бичгийн сургууль байгуулан ажиллуулжээ. Түүнчлэн Монгол Улс дэлхийн зах зээлийн хүрээлэлд  улам  бүр  татагдан  орж,  Өрнөд Европ, Америкийн капитал монгол газар цутган орж ирэх болсон хийгээд нөгөө талд Богд хаант Монгол Улсаас гадаад дахинтай өргөн дэлгэр харилцах шаардлага нь боловсон сургуулийг үүсгэн байгуулж, монгол болон гадаад хэл бичигтэй үндэсний сэхээтнүүдийг бэлтгэхтэй холбогдож байв.  Гадаад яамнаа соёлын асуудал эрхэлсэн туслах түшмэл бээр уригдан ирсэн Ж. Цэвээн бээр 1912 оны эхээр «...ард албатын мунхаг харанхуйг эрдмийн зул бадруулж гийгүүлсүгэй» хэмээн хүсэл зоригоо илтгэн ГХЯ-ны тэргүүн сайд чин ван Ханддоржид өргөсөн бичигтээ: «Гадаад олон хүчирхэг улсын хамаг чадал нь гагцхүү элдэв ухааны эрдэм дор нэвтрэлцэн дээд, доод эрдэм ялгалгүй цөм бага наснаас эхлэн хирээр адаг, дунд, их гурван сургууль ... дор явж зүйл бүрийн ухааныг өөр өөрийн төрөлх хэл дээр судалснаар энэ мэт хүчирхэг болжээ... Бүгдээр нийт тусгай олон тооны эрдэм дор нэвтрэлцэхийг ямагт шамдан хичээвээс зохимой. Үлгэрийг гадаад улсаас авч Монгол байдал дор тааруулж тогтоовоос зохимой» гэжээ.

1915 оны наймдугаар сард боловсрогдож гарсан, Орос-монгол хэл бичгийн сургуулийн дүрмийн хоёрдугаар бүлгийн долдугаар зүйлийн хоёрт, заавал үзэх хичээлийн тоонд орос, хятад хэл бичгээс гадна «...Ин (Англи Д.У),  Фа (Франц Д.У) зэрэг улсын бичиг үсэг, үг хэлийг ... гол болговоос зохистой»  гэжээ. 1914 оны арванхоёрдугаар сард ГХЯ Хятад газар болон Оросын Эрхүү хотод багшилж байсан Англи улсын иргэн Уйдинг  багшийг урин ирүүлж ажиллуулсан бөгөөд тэрбээр багшлах үйлсэд үнэнхүү зүтгэл гаргасны учир Богд гэгээний Засгийн газраас тусгайлан шагнаж байжээ. 1914 оны тавдугаар сард тус сургуулийг ГХЯ-нд эрхлүүлэх тухай тушаан шийтгэх бичиг гарч захиралаар нь Гадаад хэргийн дэд сайд, нягт билэгт, гүн да лам Равдан хавсран ажиллахаар болсон байна.

 1912-1913 онд энэ сургуульд хожим Ардын Засгийн гадаад харилцааны өндөр албанд зүтгэж байсан Ц. Дамбадорж, Н. Жадамбаа, Г. Гүрсэд,    С. Гиваабалжир, Х. Чойбалсан, түүхч Ч. Бат-Очир нар сурч байжээ. Тэд 1913-1918 онд Эрхүү, Тройцковсавскийн гимназид үргэлжлэн суралцаж орос, герман, франц хэл бичиг сайн суралцаж төгссөн 10 оюутны тоонд багтаж Автономит Засгийн газрын Сайн ноён номун хан Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэнгээс шагнагдаж байв. Энэ нь Монгол Улсын  ГХЯ-наас гадаадад өөрийн мэргэжилтнээ бэлтгэж эхэлсэн анхны тохиолдол (ер нь Монгол Улсаас) байв.

1911-1915 оны хооронд Гадаад хэргийн тэргүүн сайдаар ханы зэрэг Хошой Эрдэнэ дайчин чин ван Ханддорж, 1915-1919 онд хичээнгүй сайд гүн Цэрэндорж, 1911-1912 онд дэд сайдаар Манлайбаатар бэйл Дамдинсүрэн, 1913-1915 онд Жирмийн чуулганы ерөөлт ван Раашминжүүр, улсад туслагч гүн баргын Цэнд, Ошима Киёшигийн илтгэлээр 1915-1919 онд дэд сайдаар Далайчойнхор хошой чин ван Цэдэнсодном, ачит ван Гончигдамба нар ажиллаж байжээ.

                 Богд хаан төрийн тэргүүний хувьд гадаад бодлого ба гадаад харилцааны асуудлуудыг эцэслэн шийдвэрлэж байсан нь энэ үеийн шийдвэр гаргах үйл явцын онцлог байв. Богд хааны зөвшөөрөл, оролцоогүйгээр Засгийн газар ганцаарчилсан ямар ч тоглолт хийх боломжгүй байв.

     Олноо өргөгдсөн Богд хаант улсын төдийгүй Монгол Улсын гадаад бодлого, дипломатын түүхэнд 1912 оны аравдугаар сард 21-нд (шинэ тооллоор арваннэгдүгээр сарын 3) нийслэл Хүрээнд Монгол-Оросын Найрамдлын гэрээ бичиг болон Худалдааны Протоколд гарын үсэг зурсан нь  үлэмжийн ач холбогдолтой түүхэн үйл явдал болжээ. Сайхь гэрээ бичиг ёсоор Хаант Орос Монгол Улс болон түүний Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн төдийгүй цаашид энэ гэрээ бичиг Монголын төр улсын бүрэн эрхт байдлыг баталгаажуулах олон улсын эрхзүйн үндэс суурийг нь тавьжээ.     Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа дээрх гэрээ Монгол Улсын статусыг олон улсын хэмжээнд  тодорхойлон тогтоох албан ёсны анхны олон улсын эрхзүйн баримт бичиг болсон байна.

     1911 оны тусгаар тогтнолын сэргэлтийн дараа Монголын  дипломат албаны эн тэргүүний зорилт нь хоёр   хөршөөсөө гадна «гуравдагч хөрш» буюу Өрнөдийн орнуудтай харилцаа тогтоохыг чинхүү эрмэлзэж  байсан нь гадаад  улс төр, эдийн засгийн бодлогын чухаг чиг шугам байжээ. Энэ нь юуны өмнө Өрнө, Дорны гүрнүүдээр  тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, улмаар тэдгээр орнуудтай худалдааны өргөн харилцаа холбоо тогтоох, Өвөрлөгч нутгийг халхад нэгтгэх  замаар түүнийгээ бататгах  үндэсний эрх ашиг хийгээд  аюулгүй байдалтай ямагт холбогдож байжээ.

Монгол-Оросын Найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны дараа тун удалгүй Финландын нэрт монголч эрдэмтэн, дипломатч Густав Ж.Рамстедтын Монголын удирдагчидтай уулзах үеэрээ санал тавихдаа Монгол Улс хоёр хөршөөс гадна олон улсын хэмжээнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их гүрнүүдэд тусгайлан хандах учиртайг онцолсон байдаг. Тиймээс ч 1912 оны арваннэгдүгээр сарын 18-нд Монгол Улсын ГХЯ-наас ноот бичиг үйлдэж Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман), Мэй (АНУ), Билиш (Бельги), Бин (Япон), Дан Ма (Дани), Хэ Лан (Голланд), Ау (Австри) зэрэг  есөн  гүрний ГХЯ-нд илгээжээ.  Уг ноот бичигт дурдсан улсын Засгийн газруудтай  дипломат төлөөлөгчид солилцож Орос-Монголын хэлэлцээр лугаа «харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу»  гэсэн  саналыг дэвшүүлж байжээ.

зураг
 

    Есөн гүрэн буюу гуравдагч гүрнүүдэд хандсан  ГХЯ-ны ноот бичиг. 1912.11.18

Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын гадаад харилцаа, дипломатын түүхэнд 1912 оны аравдугаар сарын 21-нд байгуулсан «Орос-Монголын найрамдлын гэрээ бичиг», 1913 он аравдугаар сарын 23-нд байгуулсан «Гадаад Монголын автономыг илтгэн гаргах бичиг» хэмээх Орос-Хятадын Бээжингийн Тунхаг, ГХЯ-ны тэргүүн сайд чин ван Ханддорж, Ерөнхий сайд сайн ноён хан Намнансүрэн нарын 1912, 1913 оны Санкт-Петербургт хийсэн айлчлал, түүний үр дүн,  Богд хаанаас Японы Цог Жавхлант эзэн хаанд захидал илгээсэн, 1913 оны эхээр Дотоод яамны тэргүүн сайд сүжигт чин ван да лам Цэрэнчимэд, Бүгд ерөнхийлөн захирах яамны дэд сайд бинт чин ван Гомбосүрэн нар Японыг зорьж Хайлаарт саатсан, 1914 онд ч Монголын Засгийн газар Бээжин дэх АНУ, Франц, Англи, Германы ЭСЯ-дад дипломат ноот бичиг дахин илгээж Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн шинэ оролдлого, Жалханз хутугт, Дилав хутугт нарын АНУ-ын дипломатчидтай Бээжин, Өргөөд хийж байсан уулзалт яриа онцгой байр эзэлдэг.

    Олноо Өргөгдсөн Богд хаант улсын  Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнг Хаант Орос улсад албан ёсны айлчлал хийх үеэр Крым дахь Ливадя ордонд Оросын эзэн хаан II Николай түүнийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, үдэлтийн үед гунан буугаар 21 удаагийн ёслолын буудлага үйлдсэн нь Монгол Улсыг хятадаас хамааралгүй бие даасан тусгаар улс мөнийг илтгэн харуулсан үйл явдал болсон юм.

зураг
 

1912 оны арваннэгдүгээр сард Монгол, Оросын найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны дараа. Нийслэл Өргөө. Гэрэл зургийн төв хэсэгт Дотоод хэргийн тэргүүн сайд чин сүжигт да лам Г.Цэрэнчимэд, Хаант Оросын Бүрэн эрх барих Элчин төлөөлөгч  И.Я.Коростовец, Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн, Оросын ерөнхий консул В.Ф.Люба, Гадаад хэргийн тэргүүн сайд Хошой Эрдэнэ Дайчин чин ван М.Ханддорж   

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг улсад туслагч гүн Хайсан Хаант Оросоос өөр улс Монголыг үл хүлээн зөвшөөрөх аваас Нидерландын Хаагын олон улсын бага хуралд биеэр очиж, их гүрнүүдээр дэмжүүлэхийг хүсч байжээ.  Гэсэн хэдий боловч Монгол улсын дипломат алба өөрийн улсын тусгаар тогтнолыг хөрш улсууд болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, Өвөр Монголыг Халхад нэгтгэхийн төлөө чадлынхаа хэрээр тэмцэж байв.

1915 оны  Хиагтын гурван улсын гэрээ Олноо Өргөгдсөн Богд хаант улсын дипломатын түүхэнд  онцгой байрыг эзэлдэг. Эдгээр он жилүүд нь нарийн түвэгтэй хүнд бэрх үеүд байжээ. Бүтэн 8 сар гаруй хугацаанд 60 гаруй удаа хуралдан удтал маргалдан тэмцэлдсэний эцэст Монголын тусгаар тогтнол хязгаарлагдсан ч гурван талын хэлэлцээрт оролцсоноор Монгол Улс олон улсын харилцааны эрхзүйн сүбъект байх чадвар бүхий этгээд болохоо харуулсан юм.

Японы усан цэргийн бэлтгэл ахмад, Манжуурын төмөр замын компанийн мэргэжилтэн Кодама Камэкэчи хэмээгч Хүрээнд 1913 оны есдүгээр сард сар орчим байхдаа Монголын Засгийн газрын эрх баригчид болон бусад томоохон албаны хүмүүстэй  уулзжээ. Сайн ноён хан Намнансүрэн Кодаматай уулзахдаа Оросоор зуучлуулан Хятад-Орос-Монголын хооронд гурван улсын гэрээ байгуулах бодолтой байгаагаа хэлж, үүнд Япон нэгдэн орж дөрвөн талын болгох боломж бий эсэх, үүнийг Японы Засгийн газарт цахилгаан мэдээ явуулж уламжилж өгөхийг хүсч байжээ.  Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Монголын хувь заяаг Орос, Хятад үгсэн хэлэлцэж байсан тэр хүнд үед Гурван талын хэлэлцээрт Японыг татан оруулж дөрвөн талын болгох хувилбарыг хүртэл бодож байсан нь нэн сонирхолтой.

Өгүүлэн буй үед Богд хааны Засгийн газраас дипломатын талаар олсон амжилтын нэг нь Төвдтэй байгуулсан 1913 оны Найрамдал, холбоотны Гэрээ болно.  

Дурдсан гэрээгээр Монголын тусгаар байгуулсныг дахин нотолж, Богд гэгээнийг Монголын шашны тэргүүнээс гадна, төрийн тэргүүн мөнийг de jure хүлээн зөвшөөрсөн явдал байв.

зураг
 

Монгол, Төвдийн найрамдлын гэрээний төвд хэл дээрх уг эхийн хуулбар. Нийслэл Өргөө, 1913 оны нэгдүгээр сар

Сүүлд сайн ноён ханы санаачилгаар Богд хааны зарлиг 1914 оны гуравдугаар сард гарч, «боловсон орнуудын маягаар» Дээд, Доод хурлыг байгуулжээ. Хоёр танхимтай хурлыг байгууллахад хааны дэргэд Улсын Думтай байсан Хаант Оросын нөлөө туссан нь мэдээж байлаа.

Тус хурал нь Богд гэгээний дэргэдэх зөвлөх эрх бүхий байгууллага байсан бөгөөд өрнөдийн парламентийн тогтолцооноос ялгагдах онцлог нь түүнд сонгуулиар биш, харин угсаа язгуурыг баримтлан ордог байсан явдал юм. Доод хурал нь Засгийн газраас оруулсан аливаа асуудал дээр санал гаргах ба хэлэлцэхээс биш харин Богд хаанд оруулах эцсийн саналыг Дээд хурал гаргадаг байжээ.

Хурал Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад харилцаа, олон улсын байдлыг нэг биш удаа хэлэлцэж байснаас томоохон нь Хиагтын гурван улсын хэлэлцээрийн үйл явц болно.

Нийслэл Хүрээн дэх Оросын ерөнхий консул А.Я. Миллер Дээд, Доод хурлын тухай 1914 оны тавдугаар сарын 13-нд Санкт-Петербургт мэдээлэхдээ: «Чингис хааны үеийн Хурилдайн жишгээр байгуулагдсан хоёр танхим долоо хоног тутам хуралдаж хэрэг дээрээ байнгын чуулганыг үе үе хийх боловч гишүүд хурлын чуулган дээр  айрагдах нь их, асуудлыг шийдэх нь өнгөцхөн байлаа» хэмээн бичиж байжээ.

Чин улсын үеийн дипломат ёслол, бичиг захидал боловсруулах ёс жаягийг Богд гэгээний Засгийн газар үндсээр нь өөрчилж, дундад эртний үеэс уламжлагдан ирсэн Монголын төрийн болон дипломатын сонгодог ёс, ёслолыг сэргээжээ.   «Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг»-т зааснаар Ёслолын хэлтэс нь Дотоод хэргийн яаманд харьяалагдаж  төрийн  ёслолын бүх арга хэмжээг журамлан хэрэгжүүлэх болжээ. Үүнд: Богд гэгээн, хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж, бичиг хэргийн түшмэл, хэргэмтэн лам нарын төрийн ёслолын хувцсыг шинэчилж, жагсах, суух суудлын эрэмбэ, сүйх тэрэг, шинэлэх, цагаалах, Бат-Оршил өргөх, түмэн өлзий гийсний баяр, сууринд заларсаны баяр, төрийн цэргийн хүндэт жагсаал, бурхан залах, сүмд залрах, цам бүжиглүүлэх ёслол, уул, тэнгэр тайх ёслол, яамлах, хурах, золгох, бараалгах, угтах, үдэх ёслол зэрэг болно.  Хаант Оросын тусгай үүрэгт элчин сайд И.Я.Коростовецын   Богд хаантанд бараалхахад болсон ёслолын арга хэмжээ онцгой байсан нь түүний өдрийн тэмдэглэлээс тодорхой харагддаг.  Богд хааант Монгол Улсын үеийн дипломат ёс, ёслолд бурхны шашны зан үйл, ёс заншил нэлээд нэвтэрсэн байна.

Жуух, захидал, бичиг хэрэг хөтлөх, боловсруулахад эртний Монголын дипломат үг хэллэгийн яруу тансаг шинжийг уламжлан авчээ. Тухайлбал, Олноо өргөгдсөн Монгол Улсын Төрийн хаш тамганаа Их Монгол Улсын төрийн билэгдлийг сэргээн хэрэглэсэн явдал юм. Эртнээс инагш монголчууд нь төрт ёсны уламжлалтай явж ирсэн бөгөөд үндэсний хэл, үсэг бичгийн аугаа их дурсгалтай ард түмэн байсныг билэгдэн тамганы төв хэсэгт Монгол бичгийн хоёр мөрөөр «Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга» гэж сийлбэрлэжээ. Тамганы зүүн талын хоёр мөрийг Монголын Юань гүрний эрхэмсэг үсэг дөрвөлжин үсгээр Жавзундамба хутагт болбоос эртний Юань улсын Хубилай сэцэн хааны адилаар төр, шашны хэргийг хослон барьж, лам, харын Засгийг нэгтгэн явуулахыг билэгдэн сийлжээ. Харин соёмбо үсгээр сийлбэрлэсэн найман мөр нь уг үсгийг зохиосон анхдугаар Богд Занабазарын VIII дүр Жавзундамба хутагтын үед Монгол тусгаар тогтносон улс болсоныг билэгджээ.           

Хууль зүйлийн бичигт Төрийн хаш тамгыг дарж хэрэглэх журмыг хуульчлахдаа, аливаа тархаах зарлиг, хэлтрүүлэх зарлиг, өргөмжлөл, жуух захидал, дипломат бичиг, шар торгоны бичигт  хэрэглэмү гэжээ.

Олноо Өргөгдсөн Монгол Улсын төрийн далбаа,   Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга

Монгол Улсын дипломат алба үүсэн байгуулагдсан цагаасаа олон улсын харилцааны хүнд түвэгтэй нөхцөл байдалд, хоёр гүрний дунд өөрийн тусгаар тогтнолыг их гүрнүүдийн ил, далд элдэв шахалт дор тууштай хамгаалсаар иржээ.