Бямба гарагт Fox News сувгаар цацагдсан ярилцлагадаа АНУ-ын тусгай элч Стив Виткофф яагаад Ираны эрх баригчид одоо болтол бууж өгөхгүй байгаа нь ерөнхийлөгч Трампыг гайхшируулдаг талаар ярьжээ.
“Би бухимдсан гэдэг үгийг ашигламааргүй байна. Учир нь тэр (Трамп) өөрт нь хангалттай олон хувилбар байгааг мэддэг. Гэхдээ яагаад бууж өгөхгүй байгаа нь түүний сонирхлыг татаж байна. Энэ их дарамт шахалтын дор, тэнгисийн цэргийн их хүчний дор тэд яагаад бидэн дээр ирээд ‘бид зэвсэг хүсэхгүй байгаагаа харуулахын тулд юу хийх ёстой вэ?’ гэж хэлэхгүй байгаа юм бэ? Тэднийг ийм байр сууринд хүргэхэд хэцүү байна” гэж Виткофф ярьсан юм.
Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өчигдөр буюу Ням гарагт Виткоффын ярьсан зүйлд хариулахдаа “Бид яагаад бууж өгөхгүй байгааг мэдэхийг хүсэж байна уу? Учир нь бид иранчууд” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Өрнөдийн орнууд Тегераны эрх баригчдыг цөмийн зэвсэг бүтээхээр ажиллаж байгаа гэж харддаг. Харин тэд өөрсдөө үүнийг няцааж, цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилготой гэж тайлбарладаг юм.
Трамп сүүлийн нэг сарын дотор Ойрх Дорнодын бүс нутагт АНУ-ын хоёр том тэнгисийн тээвэрлэгч хөлгийг бусад байлдааны зэвсэг техникийн хамт төвлөрүүлсэн нь Ираны эрх баригчдыг хэлэлцээний ширээнд суулгаж, цөмийн хөтөлбөр нь зэвсгийн зориулалтгүй болохыг гэрээгээр баталгаажуулах зорилготой.
Оманы засгийн газрын зуучлалаар АНУ, Ираны төлөөлөгчид саяхан Швейцарын Женев хотод уулзсан. Хоёр дахь уулзалт Пүрэв гарагт товлогдсоныг Оманы тал өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны их дээд сургуулиуд дээр оюутнууд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж эхэлжээ. Исламын дэглэмийг түлхэн унагаж, хаант засгаа сэргээхийг уриалсан оюутнууд энэ үеэр засгийн газрыг дэмжигчидтэй тулгарсан байна.
Баасан гарагт Трамп өнгөрсөн сард Иранд өрнөсөн засгийн газрын эсрэг тэмцлийн үеэр амиа алдсан хүний тоо 32,000 хүрснийг зарласан юм.
Оюутнуудын жагсаал Ираны уламжлалын дагуу уг тэмцлийн үеэр амиа алдсан хүмүүсийн араас гашуудах 40 хоногийн хугацаа дуусахтай давхацсан байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!