Уншиж байна ...

Г.Хандсүрэн: Нэг баллон хийг 39,000 төгрөгөөр цэнэглүүлж, 3-4 хоног хэрэглэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэхээс өнөөдрийн байдлаар 1,241 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 18 цэгийг ашиглалтад оруулсан болохыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Харин хийн түлшинд шилжсэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Г.Хандсүрэн “Өмнө нь энгийн дөл зуух хэрэглэдэг байсан бол хийн түлшинд шилжээд нэг сар гаруй болж байна.

Хийн түлш хэрэглэснээр нүүрс түлэхгүй, үнс нурамтай зууралдахгүй, утаа тортог гарахгүй, гэрийн температур жигд байна.

Сар шинийн баяраар зочин их ирж, бууз их жигнэж байгаа тул хийн хэрэглээ нэмэгдсэн. Эхний хоёр сард хийн түлшийг хөнгөлөлттэй үнээр авч байгаа. Нэг баллон хийг 39,000 төгрөгөөр цэнэглүүлж, 3-4 хоног хэрэглэж байна” гэв.

Нийслэлээс гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлэх ажлыг 2025 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд хийн зуухын БНХАУ-ын Haier болон Hisense компани монгол иргэдэд зориулж үйлдвэрлэжээ.

Харин ОХУ-аас LPG буюу шингэрүүлсэн хийн түлшийг импортолдог компаниудаас эдгээр айлын хийн түлшийг хангадаг байна.