Сөүл хот дахь ОХУ-ын элчин сайдын яам саяхан өөрийн байрны гадна хананд “Ялалт биднийх болно” гэсэн утгатай үгс бүхий асар том баннер байрлуулжээ.
Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам уг үйлдэлд санаа зовж байгаагаа илэрхийлж, буулгах хүсэлт тавьсан ч Оросын тал хүлээж аваагүй байна.
Орос хэлээр бичсэн энэ уриа үгийг дэлхийн хоёрдугаар дайны үед ашигладаг байсан бол өнөөдөр тус улсын Украинд явуулж буй дайнтай холбоотой ойлгогдож байгаа тул Өмнөд Солонгосын тал ийм арга хэмжээ авснаа Ням гарагт мэдээлжээ.
“Яам уг баннерыг буулгах хүсэлт гаргасан бөгөөд энэ үйлдэл шаардлагагүй үл ойлголцол, дипломат хурцадмал байдлыг үүсгэж болзошгүй юм. Манай улсад суугаа Европын хэд хэдэн улсын элчин сайд нар бидэнд энэ талаар дургүйцлээ илэрхийлсэн” гэж гадаад хэргийн яамны албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Оросын элчин сайдын яам баннерын утга агуулгыг дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой, Украины дайнтай холбоогүй гэж тайлбарлаж байгаа гэнэ.
Дипломат харилцааны тухай Венийн конвенцын 22 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу эзэн улсын эрх баригчид бусад улсын элчин сайдын яамны байранд нэвтрэх боломжгүй тул баннерыг албадан буулгах боломжгүй байгаа ажээ.
Оросын элчин сайдын яам Украины дайн эхэлсний дөрвөн жилийн ойг угтуулан ийм арга хэмжээ авсан нь тодорхой байна. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын арми Украины нутаг дэвсгэрт халдсанаар дайн эхэлж байсан юм.
Энэ өдөр ОХУ-ын элчин сайдын яам Сөүл хотод өөрийн явуулж буй дайныг дэмжих жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Дайны гурван жилийн ойн үеэр элчин сайд Георгий Зиновьев уг өдрийг “нэг туйлт эрин төгсөж, шударга, ардчилсан, олон туйлт олон улсын дэг журамд шилжсэн өдөр” хэмээн мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: JoongAng Daily
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!