Уншиж байна ...

Трампын хувийн эдлэнд нэвтэрсэн зэвсэгт этгээдийн амийг АНУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан хөнөөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн шөнө Флорида мужийн Палм Бич дэх Трампын хувийн эдлэн Мар-А-Лагод зэвсэглэсэн этгээд нэвтэрснийг буудан хөнөөснөө АНУ-ын ерөнхийлөгчийн хамгаалалтын алба мэдээлжээ.

Умард Каролина мужаас гаралтай 20 орчим насны эрэгтэй тухайн үед хашаанаас гарсан автомашинтай зөрж хамгаалалтын бүсэд автомашинтайгаа нэвтрээд буудуулсан юм байна.

Түүний автомашинд бензинтэй сав, галт зэвсэг байсныг хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Энтони Гуглиелми мэдээлжээ.

Амиа алдсан эрэгтэй нь 21 настай Остин Такер Мартин гэгч байсныг нэрээ нууцалсан албаны эх сурвалж мэдээлсэн байна. Тэрбээр хэд хоногийн өмнө сураггүй алга болсныг гэр бүлийнхэн нь эрэн сурвалжилж байжээ.

Трампын амь насанд халдах оролдлого 2024 онд хоёр ч удаа гарч байсан билээ. Тэрбээр амралтын өдрүүдийг ихэнхдээ Мар-А-Лагод өнгөрүүлдэг ч халдлага гарах үед тэргүүн хатагтай Меланиагийн хамт Цагаан ордонд байсан байна.

Палм Бич тойргийн шериф Рик Брэдшоугийн ярьснаар уг этгээд эдлэнгийн хашааны хойд хаалгаар нэвтэрснийхээ дараа хамгаалалтын албаны хоёр ажилтантай тулгарчээ.

Тэрбээр гартаа бензинтэй сав, галт зэвсэгтэй явж байсан байна. “Эдгээр зүйлсээ газарт хаяхыг тушаахад тэр бензинтэй саваа газарт тавиад галт зэвсгээ буудах байрлалд өргөсөн тул аюулыг саармагжуулахын тулд гал нээсэн” гэж Брэдшоу хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Холбооны Мөрдөх Товчоо мөрдөн байцаалт эхлүүлж, Мар-А-Лагогийн ойролцоо оршин суудаг иргэдээс хяналтын камерын дүрс бичлэг цуглуулж эхэлсэн байна.

Тус байгууллагын захирал Кэш Пател мөрдөн байцаалтад “шаардлагатай бүх нөөцийг дайчлах”-аа сошиал хуудсаараа дамжуулан амлажээ.

2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр энэ удаагийн халдлага болсон газраас хэдхэн километрийн зайд оршдог Баруун Палм Бичийн гольфын талбайд галт зэвсэгтэй нэгэн эр Трампын амь насанд халдахыг завдаад баригдаж байсан юм.

Райан Рут гэгч энэ эр хэдхэн хоногийн өмнө шүүхээс бүх насаар шоронд хоригдох ял сонсож байв.

Тухайн онд Трамп бас Пенсильвани мужийн Батлер хотод болсон сонгуулийн арга хэмжээний үеэр халдлагад өртөн чихэндээ шархдаж байсан юм.

Трамп руу найман удаа буудсан энэ этгээдийг хамгаалалтын албаны мэргэн бууч устгаж байжээ.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын нийгэмд улс төрийн хүчирхийлэл гаарч, улс төрчдийн амь насанд халдах оролдлого нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн онд л гэхэд залуучуудын консерватив хөдөлгөөний идэвхтэн Чарли Кирк олон нийтийн арга хэмжээний үеэр буудуулж алагдсан, Миннесота мужийн төлөөлөгчдийн танхимд Ардчилсан Намын бүлгийн тэргүүн гэр бүлийн хүний хамт халдлагад өртсөн, Пенсильвани мужийн захирагч Жош Шапирогийн албан өргөөнд гал тавьсан зэрэг хэргүүд гарч байлаа.

Өнгөрсөн долоо хоногт Жоржиа мужийн иргэн эрэгтэй галт зэвсэгтэй Конгрессын ордон Капитолын баруун жигүүрт нэвтрэхийг завдаад баривчлагдаж байв.

 

Эх сурвалж: Associated Press