Уншиж байна ...

ИНФОГРАФИК: Улс орнуудын хот суурин газрын хүн амын хэдэн хувь нь хамгийн том хотдоо амьдардаг вэ?

A.Жаргал
30 минутын өмнө
IKON.MN

Зарим улс оронд ганцхан хот бусдаасаа хол тасархай давамгайлдаг бол заримд нь хүн ам олон том хотуудад хуваагдан суурьшсан байдаг.

Энэхүү зураглал нь тухайн улсын хот суурин газрын хүн амын хэдэн хувь нь хамгийн том хотдоо амьдарч байгааг харуулсан бөгөөд хаана мега хотууд давамгайлж, хаана хүн ам илүү тархан суурьшсаныг харуулж байна. Энэхүү газрын зургийн өгөгдлийг Дэлхийн банкнаас авсан болно.

Дэлхийн хэмжээнд хотын оршин суугчдын ердөө 16 хувь нь улсынхаа хамгийн том хотод амьдардаг бөгөөд энэ нь ихэнх газарт хүн ам, эдийн засгийн идэвхжил ганцхан төвд бус, хэд хэдэн хотод хуваарилагдсаныг харуулж байна.

Монгол улсын хувьд хот суурин газрын хүн амын 68% нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг гэж тухайн тайланд дурдагджээ. Энэ үзүүлэлтээр бид эхний 9-12 дугаар байрт жагссан байна.

Дэлхийн хамгийн өндөр төвлөрөлтэй улс орнууд

Сингапур хот улс, мөн БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конг, Макао нар жагсаалтыг тэргүүлж байгаа бол Хятад, Энэтхэг, Орос, АНУ зэрэг аварга гүрнүүдийн хүн амын 10 хүрэхгүй хувь нь хамгийн том хотдоо оршин суудаг гэжээ.

Доорх хүснэгтэд улс орон бүрийн хот суурин газрын хүн амын хэдэн хувь нь хамгийн том хотдоо амьдардагыг харуулав:

Ижил төстэй бүс нутаг дотор ч илт ялгаа ажиглагдаж байна. Британи, Испани, Францчуудын тавны нэг орчим нь нийслэл бөгөөд хамгийн том хотууддаа амьдардаг бол үүний эсрэгээр Герман, Польшчууд улс орон даяараа илүү тархан суурьшжээ.

Европын Холбооны 27 гишүүн улсаас Балтын орнууд хамгийн их төвлөрөлтэй байна. Эстони, Латви нь тивдээ тэргүүлж, хүн амынх нь 47–48%-ийг нийслэл хотууд болох Таллин болон Рига хотуудад төвлөрчээ.


Америк тивийн хүн амын тархалтын ялгаа

Хойд болон Өмнөд Америк нь Сан Пауло, Мехико хотоос эхлээд Нью-Йорк, Торонто хүртэл дэлхийн хамгийн том хотуудын өлгий нутаг юм. Гэсэн хэдий ч эдгээр томоохон хотуудын хүн амын эзлэх хувь нь Лима (Перу), Асунсион (Парагвай) эсвэл Монтевидео (Уругвай) зэрэг жижиг орнуудын нийслэл хотуудтай харьцуулахад бага байдаг.

"Примат" (Primate City) хот гэж юу вэ?

“Примат хот” (primate city) гэх нэр томьёог 1939 онд газарзүйч Mark Jefferson анх хэрэглэжээ. Тэрбээр үүнийг “тухайн улсынхаа дараагийн хамгийн том хотоос дор хаяж хоёр дахин том бөгөөд нөлөө, ач холбогдлын хувьд ч хоёр дахин илүү” хот гэж тодорхойлсон байна.

Алжир, Парис, Бангкок, Буэнос-Айрес зэрэг орчин үеийн нийслэлүүд нь тухайн улсынхаа эдийн засаг, хүн ам зүй, нийгмийн төв болдог "примат" хотын сонгодог жишээнүүд юм.

Примат хоттой улсуудын хувьд эдийн засгийн бүтээмж, дэд бүтэц, дотоод шилжилт хөдөлгөөн нэг метрополис хотод ихээр төвлөрөх хандлагатай. Үүний эсрэгээр Бразил, Энэтхэг, АНУ зэрэг холбооны тогтолцоотой улсууд үндэсний хэмжээний нөлөөллийг тэнцвэржүүлдэг олон том хотуудыг хөгжүүлэх хандлагатай байдаг.

 

Эх сурвалж: visualcapitalist.com