Цагдаагийн байгууллагад "Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутагт энэ сарын 21-ний өдөр мал хариулахаар явсан болон аргамжаатай морио авчрахаар гарсан хоёр иргэн сураггүй болж улмаар осгосон байж болзошгүй нас барсан байна" дуудлага мэдээлэл энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас явуулсан шалгалтын явцад Дорнод аймгийн Халх гол сумын нутаг “Түвшиндалай”, “Полигон” гэх газруудад энэ сарын 21-ний өдөр гэрээсээ мал хариулахаар гарсан 52 настай, эмэгтэй, аргамжаатай морио авчрахаар явсан 70 настай эрэгтэй цасан шуурганд төөрч, осгож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас мэдээллээ.
Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр тус аймгийн нутгаар 2026 оны хоёрдугаар сарын хоёрдугаар 10 хоног буюу 20-ны өдрийн байдлаар 1-3 удаагийн давтамжтай 0.0-4.5мм тунадас орж, нутгийн 95 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас цасны дундаж зузаан 1-20 см, цасны дундаж нягт 0.10-0.25 г/см3 байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Чойбалсан, Сэргэлэн, Цагаан-Овоо, Халхгол сумдын нийт нутгаар "Цагаанаар зудархуу" нөхцөлтэй байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!