Уншиж байна ...

Кубын аюулаас хамгаалах албаныхан Венесуэлээс буцжээ

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес, Кубын гадаад хэргийн сайд Бруно Родригес Падилла нар

Кубын аюулаас хамгаалах албаны мэргэжилтнүүд, эмч нар Венесуэлээс гарч эхэлснийг Каракасын албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ нь Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригесын засгийн газар АНУ-ын дарамт шахалтын улмаас авсан арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна.

Родригес өөрийн аюулгүй байдлыг Венесуэлийн тусгай албаныханд хариуцуулах болжээ. Өмнөх ерөнхийлөгч нар болох Уго Чавес агсан, Николас Мадуро аюулгүй байдлаа зөвхөн Кубын мэргэжилтнүүдэд даатгадаг байсан юм.

Нэгдүгээр сарын 3-ны өдөр АНУ-ын тусгай хүчнийхэн Мадурог баривчлах ажиллагаа явуулахад 32 иргэн нь амь үрэгдсэнийг Кубын засгийн газар мэдээлж байв.

Куба, Венесуэл улсууд 2000-аад оны сүүл үеэс хойш тагнуул, тусгай албадынхаа хэлхээ холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болжээ.

“Чавист дэглэмийн оршин тогтнолд Кубын нөлөө маш чухал” гэж Венесуэл судлаач, Нью-Йоркийн Их Сургуулийн түүхийн ухааны дэд профессор Алехандро Веласко хэлж байна.

Тэгвэл сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Каракаст үүрэг гүйцэтгэж байсан аюулаас хамгаалах албаны мэргэжилтнүүд, зөвлөхүүд болон эмч нар Куба руу буцсаныг Венесуэлийн тагнуулын албаны ажилтан асан мэдээлжээ.

Венесуэлийн эрх баригч намын эх сурвалжийн баталснаар Кубын мэргэжилтнүүдийг буцаах шийдвэрийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Родригес өөрөө гаргасан гэнэ.

Венесуэлд нөлөөгөө тогтоосны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсаас Кубад нийлүүлдэг газрын тосны урсгалыг зогсоосон юм.

Нэгдүгээр сарын 11-ний өдөр тэр сошиал хуудсандаа “Куба улс олон жилийн турш Венесуэлийн газрын тос, мөнгөн дээр тогтож ирсэн. Үүний хариуд Куба улс Венесуэлийн сүүлийн хоёр дарангуйлагчийн аюулгүй байдлыг хангаж байв. Гэвч одоо энэ нь байхгүй болсон” гэж бичиж байжээ.

Хоёр улсын харилцааг таслах нь Хаванын коммунист дэглэмийг түлхэн унагах АНУ-ын эрх баригчдын өргөн хүрээтэй бодлогын нэг хэсэг болж байна.

 

Эх сурвалж: Reuters