Уншиж байна ...

Хятадын компанийн хөгжүүлсэн AI аппликэйшн Холливүүдийг доргиож байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ТикТок платформыг эзэмшигч Хятадын технологийн компанийн хөгжүүлсэн хиймэл оюуны шинэ загвар энэ долоо хоногт Холливүүдийг доргиогоод байна.

ByteDance компанийн хөгжүүлсэн Seedance 2.0 нэртэй аппликэйшн нь хэрэглэгчийн текстээр бичсэн зааврын дагуу дууны эффект, харилцан яриа бүхий өндөр чанартай видео дүрс бүтээдэг болжээ.

Үүнийг ашиглаж бүтээсэн Spider-Man, Deadpool  зэрэг алдартай кино дүрүүдийн видео бичлэг хүмүүсийг гайхшируулж байна.

Seedance-ийн эхний хувилбар 2025 оны зургаадугаар сард зах зээлд нэвтрэхдээ төдийлөн анхаарал татаагүй бол найман сарын дараа нэвтэрсэн хоёр дахь хувилбар нь жинхэнэ дуулиан дэгдээжээ.

“Анх удаагаа би хиймэл оюун видео бүтээхдээ сайн болсныг биш, харин жинхэнэ кино үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгааг харлаа” гэж Videostate студийн Ян-Виллем Блом үүнийг магтсан байна.

Өрнөдийн ийм системүүд хэрэглэгчийн өгсөн зааврын дагуу видео дүрс бүтээхэд ахиц дэвшил гаргаж байгаа ч Seedance бүгдийг холбосон цогц бүтээл гаргаж байгаагаараа онцлог болохыг тэр тайлбарлажээ.

Тухайлбал Seedance нь Midjourney болон OpenAI-ийн Sora шиг богино хэмжээний текст зааврын дагуу видео дүрс үүсгэж чаддаг ч текст, дүрс, аудиог нэгтгэсэн өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж байгаа нь онцгой болохыг AI ёс зүй судлаач Маргарет Митчелл хэлж байна.

Seedance-ийн чадварыг гайхан биширсэн мэргэжилтнүүд олон байгаа ч бас оюуны өмчийн маргаан дэгдэж эхэлжээ.

Spider Man, Darth Vader зэрэг оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан дүрүүдийг нь видео бичлэг үүсгэхдээ ашиглахгүй байхыг Холливүүдийн Disney, Paramount зэрэг студиүд ByteDance компаниас шаардсан байна.

Японы компаниуд бас анимэ дүрүүдийг нь ашигласан дүрс бичлэгүүд хүмүүсийн дунд тарсны дараа Bytedance оюуны өмчийн хууль зөрчсөн эсэхийг шалгаж эхэлжээ.

Bytedance хариуд нь оюуны өмчийн хамгаалалтаа сайжруулах арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн байна.

Өмнө нь OpenAI компани дээр ийм асуудал гарахад Disney компани өөрийн дүрүүдийг Sora платформд ашиглах эрхийг $1 тэрбумаар зарж байв.

Нөгөө талаас жижиг компаниуд Seedance-ийг боломж гэж харж байна.

Тухайлбал Сингапурын Tiny Island Production компанийн Квок ийм хиймэл оюуны системүүд бага зардлаар томоохон кино бүтээх боломж олгож байгааг сайшаажээ.

Тухайлбал Ази тивд хиймэл оюунаар бүтээсэн бичил драмууд маш олноор гарах болсныг тэр ярьж байна. Тус бүр нь 2 минутын урттай 80 хэсгээс бүрдэх ийм бүтээлийн зардал ойролцоогоор $140,000 болдог гэнэ.

Романс, гэр бүлийн драмууд видео эффект бага ашигладаг тул үүнээс ч бага өртгөөр бүтдэг болсон байна.

Seedance нь Хятадын хиймэл оюуны хөгжлийг харуулсан ээлжит нэг үзэгдэл болж байгаа юм.

Өнгөрсөн онд Өрнөдийн өрсөлдөгчидтэйгөө харьцуулахад маш бага зардлаар бүтээгдсэн DeepSeek хиймэл оюуны загвар дэлхий даяар дуулиан тарьж байв.

Энэ долоо хоногт Хаврын баярын гала концертын үеэр Хятад улсын робот технологийн хөгжил ямар түвшинд хүрснийг дэлхий нийтээрээ харсан.

2026 он Хятадад хиймэл оюуныг массын хэрэглээнд нэвтрүүлэх эргэлтийн жил болно гэсэн таамгийг судлаач Билл Бишоп дэвшүүлжээ.

 

Эх сурвалж: BBC

 

Зураг
5 | 11 | 4 өдөр