Уншиж байна ...

Эрэн сурвалжлагдаж байсан картелын босс Мексикийн зэвсэгт хүчний явуулсан ажиллагааны үеэр алагджээ

Т.Давааням, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мексик даяар эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан хүчирхэг хар тамхины картелын босс тус улсын зэвсэгт хүчний явуулсан ажиллагааны үеэр алагджээ.

“Эль Менчо” хочит Немесио Осегуэра Сервантес арми болон картелын хооронд болсон буудалцааны үеэр хүнд шархадсаны дараа нийслэл Мехико хотод хүргэгдэж ирээд амьсгал хураасныг Мексикийн батлан хамгаалах яам Ням гарагт мэдээлсэн юм.

Түүний удирддаг Халиско Шинэ Үеийнхэн (CJNG) бол Мексикийн хамгийн хүчирхэг, хамгийн аюултай хар тамхины картелд тооцогддог.

Халиско мужийн баруун төв хэсэгт оршдог Тапалпа хотод болсон буудалцааны үеэр картелын дөрвөн гишүүн алагдаж, армийн гурван алба хаагч шархадсан байна.

АНУ-ын талын өгсөн мэдээллийн дагуу Мексикийн зэвсэгт хүчин уг ажиллагааг зохион байгуулжээ.

Толгойлогчоо алдсан Халискогийн картел өчигдөр Мексикийн найман мужийн хууль хүчний байгууллагад халдаж, автомашинуудыг галдан шатааж, гудамж талбайг хаах зэргээр хариугаа авсан байна.

Энэ үеэр Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум ард иргэддээ “тайван амгалан” байхыг уриалжээ.

CJNG анх Халиско мужид төвлөрч байсан бол одоо Мексик даяар үйл ажиллагаа явуулдаг болсон.

зураг
 

Цагдаагийн офицер асан 59 настай Эль Менчогийн удирддаг уг гэмт хэргийн байгууллага АНУ руу их хэмжээний кокаин, метамфетамин, фентанил хууль бус арга замаар нэвтрүүлдэг.

Мексикийн аюулаас хамгаалах албаныхан Эль Менчог баривчлахад тусалбал $15 саяын шагнал өгөхөө амлаад байсан юм.

Өчигдрийн ажиллагааг Мексикийн армийн тусгай хүчнийхэн төлөвлөж, гүйцэтгэсэн бөгөөд бас агаарын хүчнийхэн оролцжээ.

Ажиллагааны үеэр картелын эзэмшлийн хэд хэдэн хуягт тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, түүний дотор пуужин харвагч хураан авсныг батлан хамгаалах яам мэдээлсэн байна.

Энэ зуны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт зохион байгуулагдах хотуудын нэг Гвадалахара болон өөр хэд хэдэн хотын тэнгэрт хар утаа суунаглаж байсныг гэрчүүд мэдээлжээ.

Халиско мужийн эрэгт оршдог Пуэрто Валларта амралтын газарт олон мянган жуулчны шилжилт хөдөлгөөн хязгаарлагдсан байна.

Энэ үеэр Халиско мужийн захирагч Пабло Лемус Наварро гэрээсээ гарахгүй байхыг ард иргэдэд зөвлөж байв. Ням гарагт тус муж даяар нийтийн тээврийн үйлчилгээг түр зогсоосон байна.

АНУ-ын төрийн департамент Халиско, Тамаулипас мужууд болон Мичоакан, Гэрреро, Нуэво Леон мужуудын зарим хэсэгт байгаа өөрийн иргэдэд гадагш гарахгүй байхыг зөвлөжээ.

Мексикт суугаа АНУ-ын элчин сайд асан, төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау сошиал хуудсандаа Эль Менчог “хамгийн харгис хар тамхины наймаачдын нэг” гэж тодорхойлон бичсэн байна.

Тэр бас Эль Менчогийн үхлийг “Мексик, АНУ, нийт Латин Америк, цаашлаад дэлхий нийтийн хувьд томоохон дэвшил” гэж дүгнэжээ.

Халискогийн картел 2010 оны үед байгуулагдсанаасаа хойш харгис үйлдлүүдээрээ алдаршсан юм. Тэд Мексикийн армийн нисдэг тэргийг пуужингаар харван унагаж, орон нутгийн олон арван албан хаагчдын амийг хөнөөж, өрсөлдөгчдөө айлгахын тулд алсан хүмүүсийнхээ цогцсыг гүүрнээс дүүжилдэг байжээ.

 

Эх сурвалж: BBC