Уншиж байна ...

Д.Ганбат: Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй МҮИС гэдэг нэрээрээ яваад байна

Н.Эрхбаяр, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС) хооронд үүссэн нэр томьёотой холбоотой шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа талаар асуудал яригдлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах сонсгол явсан. Хэд хэдэн хангалтгүй юм байна. Зургаан гишүүнтэй оруулж ирэх байтал өнөөдөр дөрвөн хүн сууж байна. Хууль зүйн байнгын хороо тулгалтад орсон байдалтай байна.

Энэ комиссын ажлын хэсгийг байгуулахдаа УИХ-ын дарга руу Д.Цогтбаатар Хууль зүйн байнгын хорооноос ийм хүн толгойлох нь зүйтэй байна албан бичиг явуулж байсан. Гэтэл шал өөр хүн томилогдоод явсан. Уг нь хуулиараа УИХ-ын дарга зурах ёстой байтал нөгөө хэл аманд ороод байгаа Х.Булгантуяа гарын үсэг зураад байгуулсан. Эхнээсээ ийм байдалтай яваад байгаа.

Хамгийн хэл ам дагуулдаг шүүх засаглалын Үндсэн хуулийн зүйл заалтыг биелүүлдэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт эхнээсээ булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг зүйл болоод байгаа. 

Нөгөө талаараа шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байна. Хэрэв шүүхийн шийдвэр биелэгдэхгүй бол шүүх гэж байгаад яах юм.

Би нэг жишээ татъя. Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС) гэж байх шиг байна. Хэдэн жилийн өмнө шүүхийн шийдвэр гарсан. МУИС гэдэгтэй андуурч ойлгогдоод байна. Тиймээс Монгол Улсын гэдэг нэр томьёог хэрэглэхгүй гэж шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл тэр нь биелэгддэггүй юм билээ. МҮИС гэдэг нэрээрээ яваад байна. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Х.Эрдэм-Ундрах: Хуулиараа бол шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Манай практикт бол эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр харьцангуй сайн биелэлттэй байдаг. 

Иргэний болон захиргааны хэргийн биелэлт хангалтгүй байгаа. Магадгүй шүүхийн шийдвэр биелүүлэх тогтолцоондоо байхыг үгүйсгэхгүй. 

Хуучин шигээ иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг тусгайлсан хуулиар тухайн шүүхэд нь харьяалуулж өгвөл биелэгдэхгүй магадлалтай болов уу.