Уншиж байна ...

Ким Жон Уны охин дүү ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчтэй шинэ жилийн бэлэг солилцжээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр Умард Солонгосын удирдагчийн төрсөн дүүтэй шинэ жилийн бэлэг солилцсон тухайгаа мэдээлжээ.

Энэ нь тус хоёр улсын харилцаа шат шатандаа хэрхэн гүнзгийрч байгааг харуулсан үйл явдал болж байна.

Ким Жон Уны охин дүү, Умард Солонгосын эрх баригч Ажилчдын Намын төв хорооны дэд дарга Ким Ёо Жон өөрийн улсын Москвад суугаа элчин сайдаар дамжуулан маш том ваар бэлэглэснийг хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова сошиал хуудсаараа мэдээлжээ.

зураг
 

Хариуд нь тэрбээр зураач Никас Сафроновт захиалж зуруулсан Ким хатагтайн хөргийг мөн элчин сайдаар нь дамжуулан бэлэглэсэн гэнэ.

зураг
 

Захарова хэдийгээр Ким Ёо Жонтой биечлэн уулзаж байгаагүй ч Сафроновын зурсан хөрөг түүний зөөлөн, эмэгтэйлэг, бас хүчтэй, шийдэмгий зан чанарыг харуулж чадсан гэдэгт итгэлтэй байгаагаа бичжээ.

2024 оны зургаадугаар сард Пёнян хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар иж бүрэн стратеги түншлэлийн гэрээнд гарын үсэг зурснаас хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжих болсон.

Саяхан тэд хоорондоо халуун дотно үгстэй шинэ жилийн мэндчилгээ солилцож байв.

 

Эх сурвалж: Yonhap News