ikonmn

ОНД ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ

Монголд өрнөсөн үйл явдлуудыг тоймлов

iKon.mn сайт 2025 онд 11,872 мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилгыг бэлтгэн уншигч та бүхэндээ хүргэжээ. Энэ дундаас онцлох үйл явдал, амжилт, сургамжийг 10 сэдэв болгон багцалж, mpa.mn агентлагийн гэрэл зургаар өнгө нэмэн эргэн сануулж байна.

1. Монголоо сурталчилсан залуус

Netflix -ийн Physical Asia шоу нэвтрүүлэгт оролцсон Монголын багийн "Дайчид мориндоо" хэмээх уриа шинэ трэнд болов. Монголоо дэлхийд сурталчилсан залуусын цуваа ганц тэднээр зогссонгүй.

ДАЙЧИД МОРИНДОО...

Дэлхийд алдартай "Netflix" компани болон Өмнөд Солонгосын MBC сувгийн продюсер Жан Хо Ги нарын хамтын бүтээл болох "Physical 100" реалити шоу гарсан даруйдаа шилдэг гадаад хэл дээрх контент болж байв. Тэгвэл тус нэвтрүүлгийг бүтээгчид бусад олон оронд нэвтрүүлгээ гаргахаар бэлдэж эхэлсэн юм.

Улмаар нэвтрүүлгийн үргэлжлэл болгож өнгөрсөн аравдугаар сарын 28-наас "Physical Asia" шоу нэвтрүүлгийг олон нийтэд хүргэсэн. Азийн найман орны янз бүрийн спортын салбарын 48 хүн оролцсон тус нэвтрүүлэгт монголчууд оролцсон билээ.

БНСУ - Physical Asia

Улсын арслан Б.Орхонбаяр, уран нугараач Э.Лхагва-Очир, холимог тулаанч Б.Энх-Оргил, сагсан бөмбөгийн 3х3 үндэсний шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг эзэн орон БНСУ-ын туршлагатай багтай шигшээд тунаж үлдээд II байр эзэлсэн.

Улаанбаатар - Mongolia Team

Эх орноо сурталчилсан залуусын амжилтыг үнэлж Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Тэргүүн дээд шагнал болох "Бөртэ Чоно"-ын Оны онцлох үйл явдлаар тодруулав.

Ази, Европыг дуугаар уяраасан "бялзуухай"

Казахстаны "Jibek Joly" телевизээс Ази, Европын 12 орны дууны дуучдын дунд зохион байгуулсан шоу нэвтрүүлгийг анх удаа олон нийтэд хүргэсэн юм.

Астана, Казахстан

Өнгөрсөн есдүгээр сарын 22-ноос эхэлсэн тус нэвтрүүлэг долоон анги гарсны дараа ялагчаа тодруулахад Монголоо төлөөлж оролцсон Ж.Мишээл түрүүллээ.

2. Эрх баригч намынхны эрх мэдлийн төлөөх тулаан

Орлогоо нотлох амаргүй тул огцрох замыг сонгов

Монголын шинэ цагийн түүхэнд хамгийн удаан буюу 4 жил 5 сарын хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан Л.Оюун-Эрдэнийг огцруулж, голлох намуудын дарга нар солигдон, Засгийн газар унаад, боссон улс төрийн үйл явдлаар арвин он өнгөрч байна.

Төв талбай 2025.01.11

Дүн өвлөөр Засгийн газрыг огцруулахаар 10-аад хоног /2025.1.11-20/ жагссан ч амжилт олоогүй Эрх Чөлөөний Эвсэл намынхан зургаан сар хүрэхгүй хугацааны дараа хүүгийнх нь найз бүсгүй тансаг брэндийн цүнх, хувцасны зургаа сошиалд нийтэлснээс болж Л.Оюун-Эрдэнийг “унана” гэж зүүдлээ ч үгүй нь лавтай.

Огцрох амархан 2025.06.03

Ерөнхий сайдаас хүү, бэр хоёрынх нь тансаглалын талаар тайлбар өгөхийг шаардсан залуус Төв талбайд “Орлогоо нотол” хэмээн жагсаж эхлээд маргаашаас нь “Огцрох амархан” уриатайгаар цугларч байх үеэр МАН-ын Бага хурлаас АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэв.

Тусгаар тогтнолын ордон
2025.05.22

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар гэрээгээ зөрчсөн Ардчилсан Намын хамтарсан Засгийн газраас гаргах тухай Бага хурлын шийдвэрийг танилцуулав.

21 хоногийн турш “Огцрох амархан” гэж сануулсан залуусын шаардлага, хагарч бутарсан Засгийн газар нь Ерөнхий сайдыг өөрт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлыг Их хуралд оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал руу шахсан юм. Л.Оюун-Эрдэнийн хувьд хүүхдүүдийнх нь асуудал огцрох шалтгаан байсангүй. Түүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан хугацаанд буюу 2021 оноос хойш зөвхөн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 70-180 хувь өссөн гэдэг тооцоолол огцруулах хангалттай шалтгаан болох биз ээ.

УИХ-ын чуулганы танхим
2025.06.03

Нийгмийн бухимдал, нам доторх хагарал, эрх ашгийн зөрчил бүгд нэг цэгт огтлолцсоноор нэгэн цагт бусдыг татан унагаж байж гарч ирсэн мэхэндээ Л.Оюун-Эрдэнэ өөрөө ойчив.

Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын сэнтийгээс жирийн гишүүний суудал руу шилжсэн ч хүүгийнхээ тансаглалд зарцуулсан мөнгөний эх үүсвэрийг үнэнээр нь мэдүүлээгүй. Түүнд орлогоо нотлох нь МАН-аас АН-д тавьсан сүйг цуцлуулж, Засгийн газраа огцруулахаас амаргүй байсан хэрэг.

Ядруухан орны өндөр албан тушаалтны гэр бүл, ойр дотнынхон тансаг брэнд, үнэт эдлэлээ сошиалаар гайхуулах нь олон хүнийг хөлдөө чирч цаашлаад төр эргүүлэх хэмжээнд хүрч болохыг манай улс төрчид болон тэднийг тойрон хүрээлэгчид ойлгож авсан биз ээ.

@mpa - АН
@mpa - МАН

Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргаснаар тус намын дарга Л.Гантөмөр хариуцлага хүлээн огцорч, тамгаа О.Цогтгэрэлд шилжүүлэв /2025.08.31/.

Харин Бага хурлаасаа даргаа сонгох нь бүү хэл намаа хоёр хуваах дөхсөн Монгол Ардын Намынхан XXXI Их хурлаараа /2025.11.15/ Н.Учралд тамгаа атгуулах дээр тохиролцож чадсан юм.

"Хуулийн илд"-ээр өрсөлдөгчөө мад тавьсан Г.Занданшатар

Л.Оюун-Эрдэнийг огцруулж, дараагийн Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдсоноор “Улс төр 2025” цувралын шинэ бүлэг эхэлсэн.

Төрийн ордон 2025.06.13

Төрийн тэргүүний ивээлээр Г.Занданшатар эхлээд Засгийн газрыг, оноос өмнө Монгол Ардын Намын даргын суудлыг авч, 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр бэлтгэгдэж байсан гэдэг. Гэвч энэ төлөвлөгөөг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тасалдуулан алдав.

Төрийн ордон 2025.09.15

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар намынхаа даргад өрсөлдөж, есдүгээр сарын 27-нд эхэлсэн МАН-ын Бага хурлаас Д.Амарбаясгаланг олонхын санал авсан гэж зарласан ч түүний өрсөлдөгч энэхүү дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Улмаар УИХ дахь МАН-ын гишүүд шинэ хуучин, тойрог жагсаалтаараа хоёр хуваагдан үзэлцэж эхлэв.

Ерөнхий сайд энэ тэмцэлд юун түрүүн хуулийн илдээ ирлэх нь зүйтэй гэж үзээд өрсөлдөгчийнх нь сул талыг нэвт шувт судалсан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж буйгаа мэдэгдсэн. Гэтэл жагсаалтын голдуу шинэ гишүүд Засгийн газраа огцруулах бичиг өргөн барьж хэлэлцүүлэв. Харин засаг талаас УИХ-ын даргыг шахсаар өргөдлийг нь өгүүлэх нь тэр.

Ийнхүү шатар нүүлцсээр 126 гишүүнтэй парламент Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш 126 дахь өдөр нь огцруулав.

УИХ-ын чуулганы танхим 2025.10.17

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа шөнөжин чуулганы танхимын хойморт сууж гишүүдийн ирцийг бүрдүүлээд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан ч түүнээс уучлал гуйн гар барьж буй нь.

УИХ-ын чуулганы танхим 2025.10.17

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсны дараа мөн өдрөө УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу албан тушаалаас нь чөлөөлөв

Үндсэн хуулийн цэц 2025.10.22

Чуулганы ирц бүрдэхийг өдөржин, шөнөжин хүлээж, Засгийн газраа огцруулсан явдал парламентын түүхэнд жишээ болон яригдаж, судлагдах нь гарцаагүй. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас төр эргүүлэх шахсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг болон Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан тухай УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэснээр Ерөнхий сайдын тал ялалт байгуулав.

3. Том ярьж бага олсон жил

 

Монгол Улсын эдийн засаг 2025 онд нэлээд хүнд хүнд цохилтуудтай нүүр тууллаа. Модон могой жилийн цагаан сарын баярын дараа төсвийн орлогын гол эх үүсвэр болох нүүрсний үнэ огцом унаж, урд хил дээр овоорч эхлэв. 2024 оны эхэнд тонн тутамд 224 ам.доллароор зарагдаж байсан коксжих нүүрсний үнэ 2025 оны эхний улиралд 125 ам.доллар болж шалдаа буусан юм.

₮3 их наядын тасралт

Энэхүү уналт 2025 онд эергээр төсөөлсөн төсвийн 31 их наяд төгрөгийн орлогыг 3.3 их наяд төгрөгөөр тасрахад хүргэсэн. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн 14 мега төслийг, хүүхдүүдийнх нь тансаглалыг, 2050 онд Азийн хүлэг улс болох дэврүүн хүслийг Ганцмод боомт дахь овоолготой нүүрс гацаав.

Төгрөгийн ханш сулрав

2024 онд 3,400 төгрөгийг дундчилж байсан ам.долларын ханш 2025 оны долоодугаар сард 3,580 төгрөгт хүрч, 100 жилийн ойгоо тэмдэглэж буй монгол төгрөгийн ханш цэвэр 100 төгрөгөөр унасан хүндхэн жил боллоо. 

Төрийн ордон 2025.11.14

Үнийн өсөлт, дарга нарын албан тушаалын төлөөх бужигнаан дунд багш, эмч нар цалингаа, ахмадууд тэтгэврээ нэмүүлэхээр жагсаж, 2026 оны төсөв дээр багагүй дарамт учруулсан. Гэвч энэ оны үлдэж буй хугацаанд төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байгаа талаар Сангийн сайд мэдээлсэн.

Тиймээс үлдсэн хугацаанд татварын орлого бүрдүүлэлтэд Засгийн газар бүх хүчээ дайчлан татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг хааж эхэлсэн нь онцлох явдал боллоо. Эрх баригчид зарлага тал дээрээ анхаарах бус хүч хэрэглээд ч болтугай татвараа бүрдүүлэхээр зориг шулуудаж гэлтэй.

Энэ онд 85 сая тонн нүүрс зарж, орлогоор нь цалин тэтгэврээ тавихаар төлөвлөсөн ч оны сүүлээр төсвийн орлогод улаан гэрэл асав.

4. Дэлхийд нэрээ гаргасан спортынхон

Монголын шинэ үеийн тамирчид онцгой амжилттайгаар 2025 оныг өнгөрүүлж байна. Өмнө нь манай тамирчид хувь хүний ур чадвар шаардсан спортын төрлөөр амжилт гаргадаг байсан бол энэ жилээс багт суурилсан спортын төрлүүдээр дэлхийн хэмжээнд өрсөлдөж эхэллээ.

3х3 Сагсан бөмбөг

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ес дэх удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Улаанбаатар хотод өнгөрсөн зургаадугаар сард амжилттай зохион байгуулагдсан. Манай шигшээ баг БНХАУ, АНУ, Польшийн багийг хожиж, улмаар түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртсэн юм.

сагсан бөмбөг

Энэ оны зургаадугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн тэмцээн болж, Хасын Хүлэгүүд баг хүрэл медаль хүртсэн. Энэ нь манай лигийн баг түүхэндээ анх удаа Азийн томоохон лигт амжилт үзүүлсэн явдал билээ.

Esport - CS2

"The MongolZ" баг энэ жил Counter Strike-2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд байрт шалгарсан бол цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2025 тэмцээний аваргаар тодорсон.

ESPORT - PUBG MOBILE

Арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан PUBG MOBILE тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний Grand final шатанд манай улсын "Alpha Gaming" баг оролцон гуравдугаарт байр эзэллээ.

Холимог тулаан 2025.12.06

Холимог тулааны Азийн хамгийн том мэргэжлийн холбоо гэх тодотголтой "One Championship"-ын аваргын бүсний эзнээр Баатархүүгийн Энх-Оргил тодорсон юм. Тэрбээр жингийнхээ аварга Бразилын Фабрико Андрадег дөрөвдүгээр үед боож ялснаар тус холбооны аваргын бүс авсан хоёр дахь монгол тулаанч болсон түүхтэй.

мэргэжлийн бокс

Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар 12 дараалан ялалт байгуулж, WBA холбооны Төв Азийн аваргын бүсийг энэ оны хоёрдугаар сард авлаа. Дэлхийн мэргэжлийн боксын дөрвөн том холбооны WBA нь Монголд анх удаа мэргэжлийн боксын Төв Азийн аваргын бүсийн төлөөх тулааныг зохион байгуулсан нь онцлох үйл явдал байсан юм.

5. Цалин, тэтгэврээ нэмүүлэхийг шаардав

 

Төр эргүүлсэн улс төрийн жагсаалаас гадна багш, эмч, ахмадууд цалин, тэтгэврээ нэмүүлэхийг шаардаж, жагссаныг онцлон сануулж байна.

Эмч, багш нар үндсэн цалингаа ₮3.5 саяд хүргэхгүй бол дахин тэвчихгүйгээ илэрхийлэн жагсаж, багш нар 9 хоногийн ажил хаялтаар шаардлагаа үргэлжлүүлэв. Үүний өмнө ахмадууд тэтгэврээ ₮1.5 сая болгохыг шаардаж, залгаад тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгохыг эрх баригчдаас шаардсан. Ямартай ч ирэх оны төгсгөлөөр багш, эмч нарын цалинг шаардсан хэмжээнд нь хүргэх ам өчгийг эрх баригчид өгөөд буй.

Мөн УИХ-ын шинэ дарга ажлаа авсан даруйдаа өндөр настны тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгуулахаа амласан. Уг амлалтыг оны өмнөхөн Монголбанкаас бодит ажил болгоод буй.

Эмч нарын жагсаал 2025.10.16

Эхний ээлжинд эрүүл мэндийн салбарынхны цалинг 2026 он гармагц 30 хувиар нэмэхээр болсон. Тэгвэл энэ мөнгө хаанаас гарах вэ гэдэг асуултад "Ирэх онд Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хэмнэсэн мөнгөөрөө эмч ажилчдын цалинг нэмнэ" гэх төсөөллийн хариулт Засгийг газраас өгөөд буй. 

Багш нарын ажил хаялтад сургууль, цэцэрлэг, коллежийн нийт 31,740 багш нэгдэж, энэ хугацаанд улсын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хаягдав. Үүний хариуд "зөвхөн багш нарын цалинг л нэмэх боломж байгаа"-г Боловсролын сайд мэдэгдсэн. Цалингийн нэмэгдэл сургуулийн бусад ажилчдад хамаарахгүй бөгөөд зөвхөн багшийн цалинг нэмэхэд ₮520 тэрбумын шийдсэн гэдгийг хэлж байв.

Багш нарын жагсаал 2025.10.05

Багш нарын тухайд ирэх оны эхээр 2,226,000 төгрөгийн цалин авахаар болов. Мөн адил тэдний цалинг үе шаттай нэмэх амлалтыг Боловсролын Яамнаас өгөөд буй. Тэгвэл энэ бүх нэмэгдэл хөрсөн дээрээ хэрхэн бууж, улсын эдийн засагт ямар тусгал үзүүлэхийг ирэх жилээс бид харах нь ээ. 

Ахмадуудын жагсаал 2025.09.10

Тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгон нэмэгдүүлэх шийдвэрийг Монголбанкнаас гаргахдаа эргэн төлөлтийн дарамтыг бууруулна хэмээн тайлбарласан. Гэвч ахмадууд зээлсэн тэтгэврийнхээ маш бага хэсгийг өөрөө хэрэглэж, үлдсэн тэтгэврээрээ сарын хэрэгцээгээ хангадаг гэдгийг арилжааны банкны төлөөллүүд хэлсээр буй. 

6. Хаадын айлчлалын буухиа үргэлжлэв

 

Улирч буй оныг Монголын Улсын гадаад харилцааны салбарт ихээхэн ахиц дэвшил гарсан, бүс нутгуудтай харилцах тэнцвэр хангагдсан жил гэж хэлж болохоор байлаа. 2025 онд төрийн тэргүүний түвшинд 17, Ерөнхий сайдын түвшинд гурав, парламентын түвшинд таван айлчлал хэрэгжив.

Мөн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм Дээд Хатны айлчлал манайд зочилсон хаадын айлчлалыг үргэлжлүүлсэн тэмдэглүүштэй үйл явдал болсон билээ. Эргэн сануулахад, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан, Хатны хамт 2024 онд түүхэн айлчлалуудын эхлэлийг тавьсан юм.

Дипломат харилцаа тогтоосноос хойш 32-62 жилийн дараа төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад айлчилсан эрхмүүд

Төв талбай 2025.06.02

Монгол болон Бүгд Найрамдах Туркменистан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш 33 жилийн түүхэнд тус улсын төрийн тэргүүний хувиар ноён Сердар Бердымухамедов анх удаа Монгол Улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурав.

Төв талбай 2025.06.24

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэргийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санамж бичиг, гэрээ хэлэлцээрийг байгуулсан байна.

Эдгээр төв азийн орнуудын төрийн тэргүүнүүдийн айлчлал нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа төрийн тэргүүний хувиар тус улсын Ерөнхийлөгч нар Монгол Улсад айлчилсан тохиолдол юм

Төв талбай 2025.05.26

Мөн Холбооны Бүгд Найрамдах Австри Улс Монгол Улс дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа тус улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргийн хамт Монгол Улсад айлчилсан.

Төв номын сан 2025.09.09

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт хамтын ажиллагаа өргөжсөөр буй Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нөхрийн хамт манай улсад айлчлав. Энэхүү айлчлал нь 31 жилийн дараа Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд Монгол Улсад ирж буй айлчлал юм.

Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар анх удаа Монгол Улсад айлчлав

2025 онд Монгол Улсад айлчилсан хүндэт олон эрхмээс онцлох нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар айлчилсан явдал байлаа.

Төв талбай 2025.07.08

Монгол Улсын хамгийн том хандивлагч орны нэг, боловсрол, эрүүл мэнд, технологи гээд салбар бүрд өргөн хүрээнд хамтран ажилладгийн хувьд Наран улсын хаан, хатныг монголчууд үндэстний хувцсаараа гоёж, төв талбайдаа халуун дотноор угтан авсан.

@president.mn
@mpa
@mpa

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нар Монгол Улсад долдугаар сарын 6-13-нд айлчлахдаа Монгол төрийн их баяр наадмыг үзэж сонирхон Хустайн нуруунд зочилж, япон иргэдийн дурсгалыг цогцолборт очиж хүндэтгэл үзүүлэв.

Чингис хаан нисэх буудал

Онгоцноосоо буумагцаа мөнгөн аяганаас ааруул амсаж буй дүрс япончуудын анхаарлыг татаж, ааруулыг ихэд сонирхоцгоож, айлчлалын баг бүрэлдэхүүнд ирсэн хэвлэлийнхэн мэдээ сурвалжилгууд бэлдэж байв

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито морин хуурын чуулгын хамт дахин тайзнаа гарч, Эрхэм Дээд Хатан Масако нь шагайн асарт шагай харваж үзэх, хурдан морины зурхайд зочилсон зэрэг нь шинэ цагийн Монгол Улсыг эх түүх, ялгарах онцлогтой нь Японд төдийгүй бусад оронд шинээр таниулж сурталчилсан томоохон үйл явдал боллоо.

7. Эрийн цээнд хүртлээ гацсан төслүүд хөдөлж эхлэв

Тэртээ 2009 онд Оюу толгойн гэрээг үзэглэхэд залгуулаад нүүрс, уран зэрэг ашигт малтмалын гэрээнүүдийг сунжруулахгүй урагш хөдөлгөх хэрэгтэй байна гэдгийг олон судлаач, нийтлэлчид тэмдэглэн үлдээжээ. Гэтэл тэдгээр төслүүд нь төдийгөөс өдий хүртэл мөн л сунжирсаар энэ оны эхээр гэрээнүүдээ үзэглэсэн нь энэ жилийн онцлох үйл явдлууд байв. 

Төрийн ордон

Тодруулбал оны эхээр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр Монголчууд Франц улстай байгаль дээрх ураны хүдрийг олборлон боловсруулах “Зөөвч-Овоо” төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэв.  Уг төслийн эхлэл анх 1997 онд тавигдсан ч өдийг хүртэл 28 жил гацсан юм.

Улаанбадрах сум 

Монголд анхны гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт хийгдсэнээс хойш 16 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь томоохон хөрөнгө оруулалт болох уг төсөл нь Монгол орны зүүн өмнөд хэсэг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн нутагт хэрэгжих юм. 

💵 Нийт төслийн хугацаанд  $5 тэрбумын  ашигтай ажиллаж, 👷 1,600 орчим ажлын байр шинээр бий болох юм. 

Төслийн үр дүнд эдийн засгийн үр өгөөжөөс гадна хүхрийн хүчлийн үйлдвэртэй болж, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтрүүлэх, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх боломж бүрдэх юм. Түүнчлэн алс ирээдүйд цөмийн эрчим хүчийг ашиглах, атомын цахилгаан станцтай болох зэрэг үр өгөөж ихтэй төсөл болохыг мэргэжилтнүүд онцлоод буй.

Сүхбаатарын талбай

Төрийн ордны гаднаа "No Uran" гэж орилолдон төмпөн шанага хангиналдаж байсан ч алга нижгэнүүлэн гэрээгээ үзэглэв. 

ГАШУУНСУХАЙТ БООМТ

Томоохон төслүүд хөдөлж эхлэх буухиаг үргэлжлүүлж энэ оны тавдугаар сарын 14-ны өдөр 16 жил гацсан Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын гэрээг хийж бүтээн байгуулалтыг эхлүүлэв. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Замын-Үүд-Эрээн боомтуудыг төмөр замаар холбосноос хойш 75 жилийн дараа баригдах гэж буй хоёр дахь төмөр зам гэдгээрээ онцлог юм. 

Түүнчлэн нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны гэрээний үр дүнд 2030 оноос нүүрсний экспортыг жил бүр 20 сая тонноор нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ийг $10,000-т хүргэх зэрэг өндөр үр ашгийг зорьж буй. Хамгийн гол нь сунжирсан гацаанаасаа гарч ажил эхэлсэн гэдэг нь л онцлууштай юм. 

8. Нийслэл гэдэг Вант Улс

Нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд 2025 онд 5.9 их наяд төгрөг зарцуулахаар төсвөө баталсан нь түүхэнд байгаагүй өндөр дүн юм. Үүний ₮4.4 их наядыг нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжээс татвар, төлбөр хураамж, бонд, замын сан, орон нутгийн хөгжлийн сангаас бүрдүүлсэн бол ₮500 тэрбумыг гадаад зээл, тусламжаас, ₮700 тэрбумыг улсын төсвөөс авсан байна.

Шинэ түлш - Хагас кокс

Хотын удирдлагууд иргэдээс хураасан татварын мөнгийг олон зүйлд зарцуулсны нэг нь ХАГАС КОКС түлш юм. Улаанбаатар хотыг утаанаас нь салгахын тулд БНХАУ-аас хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдан авч, айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр тарааж эхэлсэн.

Шинэ түлшний хомсдол

Хүйтний эрч чангарах үеэр гэр хорооллын айл өрхүүд хагас кокс түлшний хомсдолд орж эхэлсэн. Улмаар 5,000 төгрөгөөр зарагдаж эхэлсэн хагас кокс түлш 10,000-15,000 төгрөгөөр дамлан зарагдаж байсан юм.

Зам засвар

Улаанбаатар хотод зам талбай, шугам хоолойн засварын ажил гурван улирал дамнан өрнөж, энд тэндгүй ухсан шугам хоолойн нүх, хуулж хаясан явган хүний зам талбай, хөдөлгөөн хаасан авто замын засварын ажлууд нийслэлийн иргэдийг бухимдуулсан.

2025 оны нийслэлийн 5.9 их наяд төгрөгийн зарцуулалтыг салбар бүрээр нь ангилбал

 

9. Бензиний дараалалд хонож, мөрөөдлөө ярилцсаар дахин нэг оныг үдэв

Шок үргэлжилсээр...

“Шок дууссан иргэд ээ” хэмээн өнгөрөгч аравдугаар сарын 29-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням чангаар хашгирч байв. Шатахуун түгээх станцуудын гадна хонож дугаарлаж байсан үе дуусаж, импорт хэвийн боллоо гэдгийг сайд ийнхүү өөрийнхөөрөө тайлбарласан хэрэг.

Төрийн ордон 2025.12.11

Гэвч түүнээс хойш сар гаруй өнөөх "шок" нь үргэлжилсээр, эцэст нь шинэхэн дэд сайд нь шатахууны нийлүүлэлт хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа хэмээснээр үнэнээ хүлээв.

АҮЭБЯ 2025.12.23

Жил жилийн намар өвлийн заагт монголчууд шатахууны хомсдолд орсоор үүндээ дассан ч энэ жилийнх хавьгүй урт хугацаанд үргэлжлэв. Албаныхны зүгээс хүйтний улиралтай зэрэг эхэлсэн шатахууны хомсдолын буруутнаар өнгөрсөн зун аймаг, сумын 100 жилийн ой тэмдэглэж, бензинээ хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг нэрлэсэн юм.

Дайны уршгаар ОХУ-ын талаас он дуустал АИ92 шатахууны нийлүүлэлтийг хязгаарласан гэдэг мэдээллийг салбарын сайд өгсөн. Гэсэн ч хойд хөршийн зүгээс дотооддоо хүнд нөхцөлд орсон ч танайд "илүүчилж" өгч байна гэснээр "крантаа" бүр мөсөн хаачихгүйгээ илэрхийлэв. Нөгөө талд Хятадаас шатахуун импортлоход "хэт өндөр үнэтэй бүтээгдэхүүнээ шахлаа" гэж иргэд гомдоллодог тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас тайлбарласан удаатай.

ШТС 2025.10.21

Шатахууны нөөц бүрдүүлэх боломжгүй байгаа нь энэ мэт хүндрэлийн өмнө улсаар нь сөхрүүлж байгааг дөнгөж сая л анзаарсан Засгийн газар Монголбанкаар дамжуулан шатахуун импортлогчдод нөөцийн сав барих зээл олгохоор шийдвэрлэсэн. Гэвч үүнийг шийдэл гэхээс илүү энэ салбарын монопол компаниудын лобби гэх шүүмжлэл давамгайлж буй. 3-6 сарын шатахууны нөөц хадгалдаг савтай болоход 1.5 тэрбум орчим ам.долларын эх үүсвэр хэрэгтэйг салбарын сайд өмнө нь мэдээлж байв.

ШТС 2025.10.22

Стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээр нэг улсаас хэт хараат байхын горыг айл болгон амсаж, дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдлөө дор бүрнээ ярьсаар дахин нэг оныг ийнхүү үдэж байна.

10. Хаалга тогшсон Хар тамхи

Энэ жил цагдаагийн байгууллага болон энэ төрлийн ТББ-ууд асуудлыг нууж хаахаас илүү ил тод ярьж эхэлсэн нь шинэлэг үзэгдэл байсан юм. Ил тод ярьж эхэлснээр хар тамхийг тойрсон өөр олон асуудал байдгийг нийгмээрээ ойлгож гэр бүл төдийгүй төр засгийн хэмжээнд анхаарах ёстой чухал асуудал болсныг батлав. 

зураг
 

Улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг 2002-2007 онд жилд дунджаар 8 хэрэгт 21 хүн холбогдож байсан бол гурван жил тутамд энэ тоо тасралтгүй өссөөр 2020-2023 онд жилд дунджаар 215 гэмт хэрэгт 1,242 хүн шалгагдсан гэх тоон баримт хэр хурдацтай өсөж буйг батална. Эдгээр нь зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн л тоо. 

 

зураг
 

Энэ төрлийн гэмт хэрэг 3 жил тутамд 25-65 хувийн өсөлттэй байгаа нь хар тамхины нийлүүлэлт болон хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж, мансууруулах бодисын төрөл зүйл олшрон гэмт хэргийн тоо хурдацтай өсөж, нөхцөл байдал хүндэрч эхэлснийг Цагдаагийн байгууллагаас ч анхааруулаад буй. Бидний эргэн тойронд ч ил тодоор яригдаж ажиглагдах болов. 

Улаанбаатар хот

Энэ оны долоодугаар сард Засгийн Газраас, мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх чиг үүрэгтэй төвийг ЭМЯ-ны харьяа байгуулах асуудлыг судлах, Монгол Улсад хориглосон хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах.

 

Мөн УИХ 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай боловсруулах зэргийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон ч одоогоор явцын талаар мэдээлэл байхгүй байна.