Зарим Шатахуун Түгээх Станц (ШТС)-д бензиний нөөц дууссан байна.
Амралтын өдрүүдэд ШТС-уудад оочер үүсэж, бензиний нөөц ба нийлүүлэлтийн асуудал хөндөгдсөнтэй холбоотойгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас нөхцөл байдлыг тодруулахад, "Яамны төлөөллүүд өнгөрсөн долоо хоногт ОХУ руу очиж, шатахуун нийлүүлэгчидтэй уулзсан" гэлээ.
ОХУ-ын нийлүүлэгчдийн зүгээс "Дотооддоо шатахуун хомстсон байгаа. Гэхдээ Засгийн газрын гэрээ хэлэлцээртэй учраас та бүхэнд тасалдуулахгүй нийлүүлж байна.
Цаашдаа ч тасалдуулахгүй, боломжоороо нийлүүлнэ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалайгаас тодруулснаа хүргэж байна.
Тэрбээр "Оросуудын нөхцөл байдал маш хүнд байгаа.
Өнгөрсөн долоо хоногт бид ОХУ-д очиж ажилласан. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу "боломжоороо шатахуун өгч байгаа" гэдгээ хэллээ.
Өөрөөр хэлбэл "Засгийн газар хоорондын хэлэлцээртэй учраас та бүхэнд өөрсдөөсөө илүүчилж өгч байна. Түүнээс биш дотооддоо нөхцөл байдал маш хүндэрсэн. Үүнийг ойлгоорой" хэмээн байр сууриа мэдэгдсэн.
Ямар ч байсан шатахуунаар таслахгүй, боломжоороо нийлүүлнэ гэдгээ хэллээ. Хэлэлцээрийнхээ дагуу нийлүүлэлтээ хангаж байна" гэв.
Мөн "Аж Ахуйн Нэгжүүд боломжоороо бензин шатахуунаа нөөцөлсөн. Энэ нөхцөл байдал зөвхөн өнөөдөр бий болоогүй.
Сүүлийн 9, 10 сар ОХУ-аас боломжоороо нийлүүлж байгаа. Ингэж нийлүүлж байгааг нь бид боломжоороо хүргээд ажлаа төлөвлөөд явж байсан боловч хоёр долоо хоногийн өмнө “Шатахуун тасрах нь ээ. Байгаа дээр нь амжиж аваарай” гэж зохион байгуулалттай мэдээлэл тараасан.
Үүнтэй холбоотойгоор нөөц огцом буурсан. Бид нар БНХАУ-аас тодорхой хэмжээнд бүтээгдэхүүн авч байна. Өнгөрсөн есөн сард 6,000 орчим тонныг авсан. Энэ сар гарснаас хойш 4,000 орчим тонныг импортоор аваад байгаа. Цаашид тоо хэмжээгээ нэмэгдүүлнэ.
Хамгийн гол нь Хятадын бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг. Хятадаас худалдаж аваад зарахаар иргэдийн зүгээс эргээд гомдол гаргадаг талтай. "Өндөр үнэтэй бүтээгдэхүүнээ шахлаа" гэдэг.
Ер нь хаданд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг л байна.
Аль болохоор таслахгүй, орон нутгаа хангачих гээд үзээд явж байдаг. Гэтэл нэр бүхий хэвлэлүүд "шатахуун алга" гэхчлэн санаатай мэдээлэл түгээж байна.
Тасрах газраа тасарч байгаа. Боломжоороо хүргээд явж байгааг дахин хэлье" гэв.
Түүнчлэн "Мэдээллийн хор уршгаар үйл ажиллагаагаа жирийн явуулахад хүндрэл үүсгээд байгаа.
ОХУ-аас бүтээгдэхүүнээ бүрэн таслаагүй, орж ирж байна. Гэхдээ манай талаас хүсэж байгаа шиг их хэмжээгээр оруулж ирэхгүй ам мөлтөс хангаж байна.
Засгийн газрын гэрээ хэлэлцээртэй учраас тасалдуулахгүй нийлүүлнэ. “Боломжоороо нийлүүлж байна” гэдэг үг нь хамгийн чухал байгаа.
Ер нь АИ-92 авто бензин бүр тасрахгүй. Үүсээд байгаа оочер дараалал бол цаг зуурын асуудал. Гэхдээ нөхцөл байдал бүр 100 хувь сайжрахгүй. Орон нутагт асуудалтай газрууд зөндөө бий. Тэр болгонд хүрэх техник хэрэгсэл, хүн хүч зэргээс авхуулаад олон асуудал бий.
Дундговь аймагт л гэхэд шатахуун ачсан автомашиныг явуулахгүй зогсоосон байгаа. Дундговь аймгийг дайрч гарч чадахгүй гэдэг нь цааш Өмнөговь, Баянхонгор явж чадахгүй гэсэн үг. Асуудал, хор уршгууд ийм л байна" гэдгийг Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!