Уншиж байна ...

Г.Дамдинням: Үдээс хойш гэхэд шатахууны түгээлт асуудалгүй болно. Бүү сандар, битгий паникт орж саваа дүүргэ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Амралтын өдрүүдэд зарим Шатахуун Түгээх Станц (ШТС)-д үргэлжилсэн оочер үүсэж, бензиний эрэлт, нийлүүлэлтийн асуудал хөндөгдсөнтэй холбогдуулан салбарын сайд мэдээлэл өглөө. 

"Одоогийн байдлаар Толгойт өртөөнд 65 вагон буюу 3,600 орчим тонн АИ-92 бензин ирсэн байна. Мөн бидний нийлүүлэлтийг хангадаг ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засвар энэ сарын 15-нд бүрэн дууссан. 

Иймд манай улсад нийлүүлэх бензин шатахууныг тасалдуулахгүй" гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэв. 

Шатахууны нөөц ба нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар тэрбээр дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн юм.

"Улаанбаатар хотод Ням гарагт шатахуун тасалдсан нь цаг зуурын асуудал"



Энэ талаар тэрбээр "Манай улсад шатахууны хоногийн хэрэгцээ 2,000 тонн байдаг. Одоогийн нөөц 2,000 тонноос илүү байгаа. Сүүлийн дөрөв хоногт нийлүүлэлт эрс нэмэгдсэн. 

Амралтын өдрүүдэд ШТС-уудад оочер дараалал үүсэх хандлагатай байдаг. Яагаад гэвэл ихэнх агуулга амралтын өдөр ажилладаггүй учир хангалт түр тасалддаг асуудал бий. 

Дээр дурдсанчлан яг одоо Толгойт өртөөнд 65 вагон буюу 3,600 орчим тонн бензин ирсэн. 

Улаанбаатар хотод Ням гарагт шатахуун тасалдсан нь цаг зуурын асуудал. Үдээс хойш гэхэд асуудалгүй болно" гэдгийг мэдэгдлээ. 

"Шатахууны импортын хэмжээ нэмэгдэж байгаа. Бүү сандар, битгий паникт орж саваа дүүргэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн ярихдаа "Орон нутагт асуудал үүсэж байгаа нь үнэн. Зүүн аймгуудын нутгийг Эрээнцаваас хангаж байна. 

Хамгийн төвөгтэй хэсэг нь баруун аймгууд байсан. ОХУ-ын "Роснефть", "Газпром" гэх хоёр компани гол нийлүүлэгч болдог. 

Манай баруун аймгуудын хэрэглээг худалдааны компаниуд хангадаг байсан. Өөрөөр хэлбэл "Газпром"-аас худалдаж аваад дамжуулж зардаг худалдааны компаниуд нийлүүлдэг байсан юм. 

Гэвч тэдгээр худалдааны компани бага хэмжээний нийлүүлэлт өгдөг учраас манай баруун аймгуудад нийлүүлэхгүй гэдэг хариуг өгсөн. Улмаар хоёр сар тэд шатахуун нийлүүлсэнгүй. Ирэх сараас нийлүүлж эхэлнэ гэж мэдэгдсэн. Иймд баруун аймгуудын бензиний хэрэглээг төвөөс хангаж байна.

Энэ удаад зоригтой шийдвэр гаргаад 3-6 сарын шатахууны нөөц хадгалдаг савтай болох зорилгоо биелүүлэх ёстой. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд 1.5 тэрбум орчим ам.долларын эх үүсвэр хэрэгтэй.

Эхний ээлжинд нэг сарын хэрэгцээгээ хангах, эх үүсвэрээ хадгалах савыг баръя. Ингэхийн тулд хөнгөлөлттэй зээлийг ААН-үүддээ өгч шуурхай бариулъя. 

3-6 сарын нөөц савыг жилээс жил хагасын дотор барих юм билээ. Эх үүсвэрийн энэ асуудлыг шийдэхгүй 30 гаруй жил явчихсан. 

Нөгөө талдаа манай хэрэглээ жилд 20 хувь өсдөг. Бид нөөцийн савныхаа асуудлыг яаралтай шийдэх учиртай. 

Бидний нийлүүлэлт 100 хувь гадаадаас хамааралтай байна. Хойд хөршөөсөө 90 гаруй хувь, урд хөршөөсөө тодорхой хэмжээнд авч байгаа.

БНХАУ-аас 7,000 тонн АИ-92 бензин авахаар гэрээ хийсэн. Одоогийн байдлаар 3,500 тонн нь буусан байна. Дамжуулан ачих төвөөр дамжуулаад бууж байгаа. 

Ард иргэдэд хандаж хэлэхэд шатахууны импортын хэмжээ нэмэгдэж байгаа. Бүү сандар, битгий паникт орж саваа дүүргэ. Асуудлыг бүх талаас зохицуулж байна. Дотооддоо үйлдвэрлэдэггүй гэдгийг ойлгоорой.

Импортын хэмжээ нэмэгдсэн. Гол эх үүсвэрийг хангах Ангарскийн үйлдвэр засвараас гарсан байна. Сүүлийн дөрөв хоногт вагоны ачилтын хэмжээ эрс нэмэгдсэн" хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.