Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025" АНУ-ын Остин хотноо болж байна.
Манай улсын The MongolZ баг тус тэмцээний аваргын төлөө Францын Team Vitality багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 1:2-оор ялагдлаа.
Ингэснээр Counter Strike-2 тоглоомын ДАШТ-ий түүхэнд анх удаа Ази тивийн, тэр дундаа Монгол Улсын баг аваргын төлөө өрсөлдсөн тохиолдол болж байна. Мөн "The MongolZ" баг энэ тэмцээнээс нийт 170,000 ам.долларын шагнал хүртлээ.
Өнөөдрийн тоглолтод The MongolZ баг өөрсдийн сонгосон "Mirage map" дээр довтлох талаасаа эхэлж, 7:5-аар байраа сольсон. Үргэлжлүүлэн хамгаалах талаасаа нэг ч үе өгөхгүй явсаар 13:5-аар хожлоо.
Харин Францын багийн сонгосон "Dust II map" дээр 4:13-аар хожигдсон. Ийнхүү тоглолтын хувь заяа сүүлийн "Inferno map" дээр шийдэгдэж, манай баг 6:13 хожигдсон юм. Францын Team Vitality-ийн хувьд 2025 он гарснаас хойш оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн бөгөөд зургаан цом өргөсөн хүчирхэг баг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!