ikonmn

ОН ГЭРЭЛ ЗУРАГТ

Гэрэл зургийн хальснаа мөнхөрсөн 2025 оны онцлох агшнууд

2025 оны онцлох агшнууд MPA гэрэл зургийн агентлагийн дуранд ийнхүү буужээ. Өнгөрсөн цагийн зураглал, олон зуун үйл явдлын хэлхээс болсон эдгээр зургуудыг эргэн харахад ард үлдсэн сар, өдрүүдийн баяр жаргал, айдас, догдлол, гуниг харуусал ээлжилсэн танил агаараар дахин амьсгалах мэт мэдрэгдэнэ.

Нэгдүгээр сарын 1.
Улаанбаатар хот 

Шинэ оны анхны нар харах ёслол. Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээх нь бий... 

Нэгдүгээр сарын 10.
Бөхийн өргөө

Жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээн 

Нэгдүгээр сарын 11.
Сүхбаатарын талбай

Эрх Чөлөөний Эвсэл намынхны эхлүүлсэн "Засгийн газар огцор" гэх жагсаал хоёр дахь өдрөөсөө эхлэн хувирч  "Засгийн газар цахилгаан, дулааны үнийг бууруул, Монголд уран олборлохыг хориглоно, Байгалийн баялгийг ард түмэнд тэгш шударга хүртээ, УИХ тар огцор" зэргээр шаардаж, гурав дахь өдрөөсөө жагсаал эхлүүлсэн хүмүүсийнхээ эсрэг ч болж хувирав.

Нэгдүгээр сарын 11.
Сүхбаатарын талбай 

Зам хааж, Чингис хааны хөшөө хүртлээ өргөжсөн уг жагсаал онцын үр дүн хүрэлгүй өндөрлөсөн билээ...

Нэгдүгээр сарын 17.
Сүхбаатарын талбай

Монголчууд Франц улстай байгаль дээрх ураны хүдрийг олборлон боловсруулах “Зөөвч-Овоо” төсөлд хамтран ажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн уг өдөр хэсэг иргэд ордны гадаа ураныг эсэргүүцэж жагсав.  

Нэгдүгээр сарын 17.
Төрийн ордон 

Төрийн ордны гаднаа "No Uran" гэж орилолдон төмпөн шанага хангиналдаж байсан ч алга нижгэнүүлэн гэрээгээ үзэглэсэн юм.

Нэгдүгээр сарын 24.
Төрийн ордон 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбатыг Төрийн ордноос сүүлчийн замд нь үдэв. 

Нэгдүгээр сарын 24.
Төрийн ордон

Тус өдөр бүтэн өдрийн турш орон даяар гашуудал зарлаж, төрийн далбааг 45 хэмээр буулган, олон нийтийг хамарсан урлаг спорт, биеийн тамирын үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ. 

Нэгдүгээр сарын 25.
Сүхбаатарын талбай 

“Монгол өв соёлын төлөөх Морьтон Монгол” тайван жагсаал болж хаврын морин уралдааныг сэргээхийг уриалан морьтой жагсаал хийв. 

Нэгдүгээр сарын 25.
Сүхбаатарын талбай 

Уг жагсаалын дагуу Засгийн газар хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг аймаг, орон нутгийн удирдлагуудад шилжүүлсэн юм. Засгийн газар өмнөх шийдвэрээсээ эргэж буцсан алхам хийсэн нь хүүхдийн эрхийн асуудалд ухралт хийсэн явдал болж энэ асуудлын төлөөх олон жилийн тэмцлийг үнэгүйдүүлсэн юм. 

 

Нэгдүгээр сарын 26.
Зайсан толгой 

ОХУ-ын Ленинград мужийн зардлаар сэргээн засварласан Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагаа

Хоёрдугаар сарын 2.
Даланзадгад хот 

Түмэн тэмээний баярт 20 гаруй сумын тэмээчин 400 гаруй тэмээтэйгээ ирсэн бөгөөд дотоодын 8500, гадаадын 120 гаруй жуулчин, зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж үзжээ. 

Хоёрдугаар сарын 2.
Даланзадгад хот 

 

Хоёрдугаар сарын 4.
Төрийн ордон 

Агаарын бохирдол, утааны асуудлаарх хяналтын сонсгол. Тус сонсголоор  агаарын бохирдолд өндөр эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэнд, угаартаж амь насаа алдсан нийт хүн амын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс сэргийлэх зэрэг дүгнэлтүүд гарсан юм. 

Хоёрдугаар сарын 6.
Төрийн ордны гадаа 

Гэр бүлийн гишүүдээ угаарын хийн улмаас алдсан иргэн "Цэргээс гэртээ иртэл ээж, гурван дүү чинь угаартаад бурхан болчихлоо гэж хэлсэн. Маш их гомдолтой байна" 

Хоёрдугаар сарын 8.
Сүхбаатарын талбай 

Иргэд угаартаж нас барсан нэг гэр бүлийн зургаан хүнд эмгэнэл илэрхийлж, зул өргөв. 

Хоёрдугаар сарын 8.
Бүгд Найрамдах Польш Улс.

Цахим спортын "Counter Strike 2" нэг сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний Playoffs шатны тоглолт. "The MongolZ"-ийн хөвгүүд 11 мянган хүний суудалтай "Spodek" цэнгэлдэх хүрээлэнд Туркийн "Eternal Fire" багийг хожсоноор өмнөх амжилтаа дахин нэг шатаар ахиулж чадсан юм. 

Хоёрдугаар сарын 13.
Сүхбаатарын талбай 

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын жагсаал боллоо. 2024 онд хийсэн судалгаагаар тус салбарын ажилчдын цалин улсын дундаж болон бусад салбараас 22.4% бага гарсан байна. 

 Хоёрдугаар сарын 15.
Аса Арена

Монголд анх удаа зохион байгуулсан мэргэжлийн боксын WBA холбооны Төв Азийн аваргын бүсний төлөөх “Night of Champions, Ulaanbaatar-2025” тулаан болж Э.Цэндбаатар ялалт байгуулан WBA холбооны Төв Азийн аваргын бүсийг эзэмших болов. 

Хоёрдугаар сарын 15.
Аса Арена 


 

Хоёрдугаар сарын 15.
Аса Арена 

Энэ үдшийн бас нэгэн онцгой хүн болох Н.Төгсцогт "Энэ жил мэргэжлийн боксод эргэн ирэхээр тууштай бэлтгэлээ базааж байна Одоогоор "Хас" боксын клубт бэлтгэлдээ орсон. Сүүлийн гурван жил тулаан хийгээгүй тул чансаагүй байгаа. Эргэж чансаандаа орохоор төлөвлөж байна" хэмээн ярьсан юм. 

Хоёрдугаар сарын 15.
Баруун турууны даваа

Төмөрт хүлэг Мастер кросс - 2025 болов. Монголын Авто Мастеруудын Холбооноос зохион байгуулсан тус уралдаанд нийт 72 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьжээ. 

Хоёрдугаар сарын 17.
Дуурь Бүжгийн
Эрдмийн Театр

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч агсан Ө.Отгонбаатартай салах ёс хийж, сүүлчийн замд нь үдэв. Түүний мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, арвин туршлага нь Монголын сэтгүүл зүйд өв болон үлдэж, инээмсэглэсэн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ. 

Хоёрдугаар сарын 17.
Төрийн ордны
“Их Монгол” танхим 

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны хоёрдугаар их хурал болов. Энэ үеэр нэгэн уяач "Өвөлд хурдан морь уралдах сайхан. Монгол хүнийг болж өгвөл мориноос холдуулмааргүй байна. Нялцгай гурил шиг хүн байсан нь дээр үү. Эр хар сур шиг хүн болж өссөн нь дээр үү гэдгийг бодох ёстой асуудал" гэсэн юм.

Хоёрдугаар сарын 22.
Хүй долоо худаг 

Морин тойруулга, ойрын зайн морин уралдааны “MONGOLIAN BREEDER’S CUP 2025” уралдаан болов. Монголын морин тойруулга, ойрын зайн уралдаан, уяачдын холбооныхон  насанд хүрсэн 20 хүнийг мэргэжлийн морь унаач болгон бэлтгэсэн байна. 

Хоёрдугаар сарын 28.
Бөхийн өргөө 

Модон могой жилийн сар шинийн баярт зориулсан 256 бөхийн уламжлалт барилдаан болж улсын аварга О.Хангай түрүүлэв. 

Гуравдугаар сарын 1.
“Чингис хаан”
үндэсний музей 

7.5 метрийн өндөртэй Чингис хааны алтан хөшөөний болон хүндэтгэлийн танхимын нээлт болов. Төрийн соёрхолт барималч Л.Болд гуайн зураг төслөөр бүтээсэн уг алтан хөшөөний гүйцэтгэлийн ажлыг Италид хийсэн бөгөөд нийт өртөг нь 8.9 тэрбум төгрөг болсон хэмээн эх сурвалжууд мэдээлж байв. 

Гуравдугаар сарын 7.
Улаанбаатар хот, UG Arena

Олимпын наадмын Алтан медальт, 2014 оны Дэлхийн Аварга, NBA-гийн 4 удаагийн Бүх-Одод тоглогч ДеМаркус Казинс хүрэлцэн ирж “Cousins Монголд” энтертайнмент шоу болов. 

Гуравдугаар сарын 8.
“Чингис хааны хүрээ” аялал
жуулчлалын цогцолбор 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадам болов. Энэ удаагийн наадамд Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Баян Өлгий аймаг, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас бүргэдчид, соёлын биет өвийг тээгчид оролцжээ. 

Гуравдугаар сарын 8.
“Чингис хааны хүрээ”
аялал жуулчлалын цогцолбор

 

Гуравдугаар сарын 11.
Улаанбаатар хот, M arena

NBA-гийн од асан ДеМаркус Казинс Монголын Дээд лигт... 

Гуравдугаар сарын 12.
Дорнод аймгийн Хөлөнбуйр сум.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын түймэрт 60 орчим малчин айл өрх өртөж хохирол амссан бөгөөд тухайн үеийн урьдчилсан мэдээллээр 6,000 гаруй мал хорогдсон юм. Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт нутгийн 35 хувийг хамарчээ.  

Гуравдугаар сарын 17.
Төрийн ордон

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Энержи Ресурс” компанитай холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ харуулсан Оюутолгой, Тавантолгой, Энержи Ресурс, Ухаа худаг, Мак, Петровис, Эрдэнэтийн 49 хувь, ХХБ, Төрийн банк гэх мэт банкнуудын хувьчлалтай холбоотой баримтууд. Тэрбээр энэ үед Энержи Ресурс ХХК Ухаа худгийг луйвраар авсан хэмээж хянан шалгах дэд хороог байгуулна гэж байв. 

Гуравдугаар сарын 19.
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдал болон П.Батчулуун эмчийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. 

Эмч О.Сэргэлэн "Харамсалтай нь өнөөдөр эрхтний донор нэг ч гарахаа байсан. Ертөнцийн мөнх бусыг үзэж байгаа хүнээс эрхтэн авбал 10 хүний амь насыг авардаг"  гэж байв. 

Гуравдугаар сарын 28.
Төрийн ордон

Боловсролын сайд П.Наранбаяр "Хуралдахад маргалдах тохиолдол гарна. Гэхдээ зодооноор шийдээд байгаа юм байхгүй. Б.Найдалаа гишүүн бид хоёрын дунд зодоон байхгүй. Зодоон огт болоогүй. Зодоон гэдэг бол хоёр талаасаа зодолдоно. Энэ бол жинхэнэ балмад үйлдэл. Зодуулсан гэсэн үг биш. Санамсаргүй тохиолдол болсон гэж ойлгоорой" гэсэн тайлбарыг өгч байв. 

Дөрөвдүгээр сарын 8.
Зам тээврийн яам 

Тээвэрчид "Төр Чайна Энержитэй байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагчдад нүүрсээ өөрсдөө мэдээд зөө гэх эрхийг нь өгчихсөн. Манай улс нүүрсээ хямдхан өгөөд нэмээд тээврээ бэлэглэж байхдаа тээврийн салбарт байдаг 20,000 хүний эрх ашгийг зуушинд нь тавиад өгчихлөө" гэж байв. 

Дөрөвдүгээр сарын 10.
Сүхбаатарын талбай

”UB food” фестивалын үеэр Узбекистан улсын тогоочид плов хийж байна.

Дөрөвдүгээр сарын 10.
Сүхбаатарын талбай

Гандантэгчэнлин хийдийн лам нар гурилтай шөл хийж байна.

Дөрөвдүгээр сарын 10.
Сүхбаатарын талбай 

Ураны эсрэг жагсагчид УИХ-ыг огцрохыг шаардаж жагсав. 

Дөрөвдүгээр сарын 10.
Улаанбаатар хот

Явган хүний зорчих хэсэгт байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэж эхлэв.

Дөрөвдүгээр сарын 11.
Улаанбаатар хот

Дэлхийн алдарт стриймэр Youtube сувагтаа 46.8 сая дагагчтай IShowSpeed Монголд ирж youtube сувгаар шууд дамжуулалт хийв. Түүний Монголд хийсэн шууд бичлэг 7.3 сая үзэлттэй байна.

Дөрөвдүгээр сарын 17.
Сүхбаатарын талбай

Улаанбаатар хотын циркийн өдрүүд-2025.

Дөрөвдүгээр сарын 21.
M bank arena

Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны 2024-2025 оны Үндэсний Дээд лигийн Playoff-ын тоглолт. 

Дөрөвдүгээр сарын 23.
Улаанбаатар хот.
Гэгээн Петр, Паулын сүм

Пап Францис таалал төгссөнтэй холбогдуулан Монгол дахь Католик шашин, Апостолик Захиргааны зүгээс хүндэтгэл үзүүлэв. Манай улсад 1,300 гаруй католик шашинтан байдаг.   

Дөрөвдүгээр сарын 23.
Улаанбаатар хот.
Гэгээн Петр, Паулын сүм

2023 онд манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр Пап Францис “Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав, ээждээ хэлдэг гэж дуулсан. Бид ч бас алсыг ширтэх адил, даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай” хэмээж монголчуудыг босоо монгол бичиг шигээ чигч тууштай байхыг ерөөж байв. 

Дөрөвдүгээр сарын 28.
Монголын Үндэсний Худалдаа
Аж Үйлдвэрийн Танхим 

МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Анандбазарыг Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо (MFFA)-ноос эсэргүүцсэн ч лигийн тоглолтоо хаяж, эсэргүүцлээ илэрхийлсэн тэдний тэмцэл үр дүнд хүрээгүй юм. 

Дөрөвдүгээр сарын 28.
Сүхбаатарын талбай

Генерал цол бий болсны 81 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ. 230 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл, чөлөөнд, ажиллаж байгаа нийт 129 генерал цолтон байна. Үүнээс 33 генерал төрийн тусгай албаны удирдах дээд албан тушаалыг хашиж буй аж. 

Тавдугаар сарын 1.
Төрийн ордон 

Энэ жил хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Хүүхдийн дууны мастер Үндэсний Урлагийн Их Театрын ахмад дуучин Е.Наранцэцэг Гавьяат Жүжигчин цол тэмдгээр шагнуулж буй агшин. 

Тавдугаар сарын 5.
Сүхбаатарын талбай

Монголын хип хоп урлагийн гол төлөөлөгчдийн нэг болох “ICE TOP” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг Соёлын төв өргөөнөөс эцсийн замд нь үдэж, гэгээн дурсгалд нь зориулж сонсогч, шүтэн бишрэгч нар нь Сүхбаатарын талбайд зул өргөв. 

Тавдугаар сарын 12.
Соёлын төв өргөө 

Харангын нэгэн чавхдас тасарч “Харанга" хамтлагийн ахлагч, Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Энхманлайг сүүлчийн замд нь үдэв. Ц.Энхманлай нь хөгжмийн урлагийн тансаг аялгуу, Монголын гитарчдын Домог- Ноён оргил, үзэгч сонсогчдынхоо сэтгэлийн мөнхийн дуудлага нь байж чадсан юм. 

Тавдугаар сарын 14.
Сүхбаатарын талбай

Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албаны 14 алба хаагч нэгэн зэрэг хуримлав. 

Тавдугаар сарын 14.
Гашуунсухайт боомт

16 жил гацсан Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэв

Тавдугаар сарын 14.
Сүхбаатарын талбай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бэрийн тансаглал олон нийтийг бухимдуулж, түүнийг орлогоо нотлон огцрохыг шаардсан иргэд төв талбайд жагсаж эхлэв. Түүнийг огцруулах олон шалтгаан дундаас бэрийнх нь тансаг хэрэглээ угаас дүрэлзэн асаж байсан гал дээр тос нэмсэн зүйл байсан юм. 

Тавдугаар сарын 15.
Сүхбаатарын талбай 

Ерөнхий сайдыг огцруулах залуучууд голдуу жагсаалын хажуугаар зэрэгцэн хашгичиж эхэлсэн нэгэн жагсаал нь "Ухаа худгаа авъя" гэх жагсаал байв.

Тавдугаар сарын 18.
Сүхбаатарын талбай

37 дахь удаагийн Номын баяр.

Тавдугаар сарын 21.
Тусгаар тогтнолын ордон

МАН-ын VI бага хурал болж, хуралдаанаар хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх болон Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэв. 

Тавдугаар сарын 21.
M bank arena

"Хасын Хүлэгүүд" багийн лигийн ес дэх түрүү. 

Тавдугаар сарын 22.
Тусгаар тогтнолын ордон

МАН-ын VI бага хурал болж, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх болон Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцсэн юм.

Тавдугаар сарын 22.
Сүхбаатарын талбай

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу олгодог "Алдарт эхийн одон" гардуулсан өдөр. 

Тавдугаар сарын 24.
Сүхбаатарын талбай 

10 дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2025” олон улсын марафонд 41 улсын 30,000 орчим иргэн оролцсон юм. 

@president.mn
@mpa
@mpa

Энэ жилийн хувьд оролцогчид 5 км, 21 км, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйжээ. Маш олон оролцогчтой болсноос гадна гэр бүл, найз нөхдөөрөө их оролцож Улаанбаатар хотод өнгө, баяр баясал нэмсэн нэгэн жаргалтай өдөр болон өнгөрсөн юм. 

Тавдугаар сарын 25.
Буянт-Ухаа нисэх
онгоцны буудал

ОХУ-ын уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт үзүүлбэрээ толилуулав. 

Тавдугаар сарын 25.
Буянт-Ухаа нисэх
онгоцны буудал

Нисэх хүчин үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан алба сурталчлах үйл ажиллагаа 

Тавдугаар сарын 26.
Сүхбаатарын талбай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен төрийн айлчлал хийв.

Тавдугаар сарын 27.
Сүхбаатарын талбай

"Огцрох амархан" жагсаалд тал бүрийн залуус нэгдэн өөр өөрсдийн өнгө төрхөөр үзэл бодлоо илэрхийлж байв. 

Тавдугаар сарын 28.
Төрийн ордон

Засгийн газрыг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

Тавдугаар сарын 29.
Төрийн ордны хашаан дээр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжигчид жагсав

Зургаадугаар сар 2.
Сүхбаатарын талбай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийв. 

Зургаадугаар сарын 3.
Төрийн ордон 

2021 оноос хойш 1,588 өдөр сандал суудалтайгаа зууралдаж, хамгийн удаан засгийн эрхийг барьсан Ерөнхий сайд болтлоо ноёрхсон түүний засаглал энэ өдөр дууссан юм. 

Зургаадугаар сарын 3.
Төв цэнгэлдэх хүрээлэн

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал өөрийн аав Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Ж.Мөнхбатын алдрыг мөнхлөх хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнд бүтээлгэв. Түүний суу алдрын хөшөө уран барималч, зураач Ж.Түмэнчулууны авьяас чадвар ур ухаанаар бүтжээ.

Зургаадугаар сарын 3.
Төв цэнгэлдэх хүрээлэн

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал "Аав минь нэг л зан, нэг л араншингаар бөхөд хайртай Монголын ард түмний хүү, хайртай аварга нь одоо ч байсан хэвээр" хэмээсэн юм.

Зургаадугаар сарын 9.
Тусгаар тогтнолын ордны гадаа

ТҮЦ ажиллуулдаг иргэд жагсав. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "ТҮЦ түүхэн үүргээ гүйцэтгэсэн" хэмээн хэлсэн юм. 

Зургаадугаар сарын 11.
Сүхбаатарын талбай

Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн Их Дүйчин өдрийг тохиолдуулан "Buddha Festival"-г зохион байгуулсан юм. 

Зургаадугаар сарын 12.
Төрийн ордон

Шинэ Ерөнхий сайдыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна

Зургаадугаар сарын 13.
Төрийн ордон

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ шинээр Ерөнхий сайд Г.Занданшатарт тамгыг нь гардуулан өглөө.

Зургаадугаар сарын 21.
Төв цэнгэлдэх хүрээлэн

Хором бүр нь догдлолоор дүүрэн өнгөрсөн “Super concert-2025” тоглолт. K-POP-н хүчирхэг хоолойт AILEE  

Зургаадугаар сарын 21.
Төв цэнгэлдэх хүрээлэн

Хором бүр нь догдлолоор дүүрэн өнгөрсөн “Super concert-2025” тоглолт. BIGBANG хамтлагийн гол дуучин TAEYANG  

Зургаадугаар сарын 21.
Сүхбаатарын талбай

Монголд болсон 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болов.

Зургаадугаар сарын 23.
Төв талбай

"The MongolZ" баг Counter Strike-2 тоглоомын дэлхийн аваргын ДЭД БАЙРТ шалгарсан баярт мөч. Уг тоглолтыг Монголчууд Сүхбаатарын талбайдаа цуглан дэмжсэн юм. 

Зургаадугаар сарын 23.
Төв талбай

"The MongolZ"-г дэмжхээр цугласан залуучууд. 

Зургаадугаар сарын 24.
Сүхбаатарын талбай

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийв. 

Зургаадугаар сарын 27.
Төв талбай 

FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Г.Батцэнгэл

Зургаадугаар сарын 28.
Хүй долоон худаг

“Хүрээ цам-Даншиг наадам 2025

Зургаадугаар сарын 28.
Хүй долоон худаг

“Хүрээ цам-Даншиг наадам 2025. Цам харайх ёслол. 

Зургаадугаар сарын 29.
Төв талбай 

3х3 ДАШТ-аас Монгол Улсын эмэгтэй шигшээ баг МӨНГӨН МЕДАЛЬ хүртэв. Манай улс Олимпын төрлийн багийн тэмцээний ДАШТ-ээс анх удаа медаль хүртсэн нь энэ юм. 

Долдугаар сарын 2.
Төв талбай

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дөрвөл болох М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар Монгол Улсын Гавьяат тамирчин цол тэмдгээ гардаж авсан юм. Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стив Сирийг "Найрамдал" медалиар шагнасан билээ.

 

Долоодугаар сарын 3. Налайх дүүрэг, "Плэйтайм" хүрээлэн

Playtime-2025 хөгжмийн наадам. Growl of clown хамтлаг. 

Долоодугаар сарын 7.
Төрийн ордон 

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Тэрбээр 1999 онд Соёлын Гавьяат Зүтгэлтэн болж байсан бол 2005 онд Ардын Уран Зохиолч, 2019 онд "Есөн Эрдэнийн Орон" найраглалаараа Төрийн соёрхол хүртэж байсан юм. 

Долоодугаар сарын 8.
Төв талбай 

Энэ жилийн “Дээлтэй Монгол” арга хэмжээнд БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгарын төлөөлөгчид оролцож, угсаатны хувцас, өв соёлоо танилцуулан өөрсдийн угсаатны хувцасны онцлогийг харуулан хүндэтгэлийн парадад алхжээ.  

@president.mn
@mpa
@mpa

Дээлтэй Монгол 

Долоодугаар сарын 11.
Төв цэнгэлдэх хүрээлэн 

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито болон Эрхэм дээд Хатан Масако нар манай улсад Төрийн айлчлал хийж Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочдын хувиар оролцов. 

Долоодугаар сарын 13.
Улаанбаатар хот 

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал өндөрлөв. 

Долоодугаар сарын 11.
Төв цэнгэлдэх хүрээлэн

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэв. 

Долоодугаар сарын 11. Төв цэнгэлдэх хүрээлэн

Долоодугаар сарын 12.
Төв цэнгэлдэх хүрээлэн

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай түрүүлж, улсын арслан цолны болзол хангав. Харин түрүү, үзүүр булаалдсан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр улсын гарьд цолтон болов.

Долоодугаар сарын 27.
Улаанбаатар хот

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор “Баар, цэнгээний газар”-т хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулав. Зөвхөн хоёр удаагийн нэгдсэн хяналт, шалгалтаар л гэхэд Монгол Улсын 19, гадаад улсын 4, нийт 23 иргэнээс мансууруулах бодис илэрсэн юм. 

Наймдугаар сарын 15.
Улаанбаатар хот

Улаанбаатар хотод зам талбай, шугам хоолойн засварын ажил гурван улирал дамнан өрнөж, энд тэндгүй ухсан шугам хоолойн нүх, хуулж хаясан явган хүний зам талбай, хөдөлгөөн хаасан авто замын засварын ажлууд нийслэлийн иргэдийг бухимдуулсан.  

Наймдугаар сарын 23.
Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болов. 

Наймдугаар сарын 26.
Төв цэнгэлдэх хүрээлэн 

МУГЖ дуучин Т.Ариунаагийн “Зүрх асна” тоглолтоор түүний шүтэн бишрэгчдэд нь цэнгэлдэхэд багтахгүй болтлоо дүүрч, тасалбар борлуулалтаараа бүх цаг үеийн рекордыг эвдлээ хэмээж байв. 

Наймдугаар сарын 31.
Улаанбаатар хот 

Ардчилсан Намыг хамтарсан Засгийн газраас гаргаснаар тус намын дарга Л.Гантөмөр хариуцлага хүлээн огцорч, тамгаа О.Цогтгэрэлд шилжүүлэв. 

Есдүгээр сарын 9.
Монгол Улсын Үндэсний номын сан

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нөхрийн хамт манай улсад айлчлав. Энэхүү айлчлал нь 31 жилийн дараа Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд Монгол Улсад ирж буй айлчлал юм.  

Есдүгээр сарын 10.
Төрийн ордон

Ахмадууд тэтгэврээ ₮1.5 сая болгохыг шаардаж, залгаад тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгохыг эрх баригчдаас шаардаж жагсав. Уг шаардлагын дагуу тэтгэврийн зээлийн хугацааг 36 сар болгоод байгаа юм. 

Есдүгээр сарын 15.
Сүхбаатарын талбай 

Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 16 настай охины гэгээн дурсгалд зориулж Сүхбаатарын талбайд зул өргөлөө.

Есдүгээр сарын 29.
Гэрлэх ёслолын ордон 

Олон жил ханилан суусан ахмад буурлуудын Алтан болон Очир эрдэнийн хурим болов. 

Аравдугаар сарын 5.
Төв талбай 

Багш нарын ажил хаялтад сургууль, цэцэрлэг, коллежийн нийт 31,740 багш нэгдэж, энэ хугацаанд улсын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хаягдав. Жагсаалын үр дүнд багш нар  ирэх оны эхээр 2,226,000 төгрөгийн цалин авахаар болсон юм. 

Аравдугаар сарын 9.
Төв талбай 

Эмч нар цалингаа нэмүүлэхээр мөн адил жагсаж, үр дүнд нь цалинг 2026 он гармагц 30 хувиар нэмэхээр болсон юм. Энэ мөнгийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хэмнэсэн мөнгөөрөө гаргана гэх хариултыг Засгийг газраас өгөөд буй.  

Аравдугаар сарын 16.
Төрийн ордон

126 гишүүнтэй парламент чуулганы ирцээ өдөржин, шөнөжин бүрдүүлж 126 өдөр ажилласан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулав. 

Аравдугаар сарын 17.
Төрийн ордон

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа шөнөжин чуулганы танхимын хойморт сууж гишүүдийн ирцийг бүрдүүлэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан ч түүнээс уучлал гуйн гар барьж буй нь.

Аравдугаар сарын 22.
Монгол Улсын үндсэн хуулийн цэцийн байр

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг болон Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан тухай УИХ-ын 95 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэснээр Ерөнхий сайдын тал ялалт байгуулсан юм. 

Арваннэгдүгээр сарын 20.
Төрийн ордон 

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлаар МАН-ын даргаар Ням-Осорын Учралыг сонгов. Залгуулаад түүнийг УИХ-ын даргаар томилсноор УИХ-ын олон чухал асуудлаа хойшлуулан барин тэмцэлдсэн сандал суудлын тулаан эцэс болсон юм.

Арваннэгдүгээр сарын 21.
Төрийн ордон

Их Эзэн Чингис Хааны мэлмий гийсэн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" тэргүүн зэргийн одонг Төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Их Сургуулийн эмирит профессор, Япон улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд гардуулав. 

Арванхоёрдугаар сарын 15.
Чингис хаан олон
улсын нисэх буудал

Монголд амиа алдсан Филиппин Улсын иргэн үйлчлэгч эмэгтэйн нөхөр Нило Атиенза охидынхоо хамт Улаанбаатарт ирэв. 

Арванхоёрдугаар сарын 10.
Төрийн ордон

УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголын үеэр С.Баярцогтын сонсголд танилцуулахаар авчирсан холбогдох материалууд. 

Сонсголын үр дүнд УИХ-ын тогтоолын төсөл баталж, Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 5 жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, Оюу Толгой ХХК-ийн жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тайлагнах зэргийг Засгийн газарт үүрэг болгосон юм. 

Арванхоёрдугаар сарын 10.
Улаанбаатар хот 

"Physical asia" шоунд оролцож, дэд байр эзлэн эх орноо сурталчилсан залуусын амжилтыг үнэлж Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Тэргүүн дээд шагнал болох "Бөртэ Чоно"-ын Оны онцлох үйл явдлаар тодруулав. “Physical Asia” шоу нь эхний долоо хоногийн үзэлтээрээ дэлхийн найман улсад тэргүүлж, 44 орны шилдэг 10-т байв. 

Арванхоёрдугаар сарын 29.
Төрийн ордон

Shandas MMA клубын тамирчин холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргилыг Гавьяат тамирчин цолоор шагнав. 

 

Арванхоёрдугаар сарын 29.
Төрийн ордон

Б.Энх-Оргил: 2025 оны нэгдүгээр сарын 6-нд тулаанаа ялалтаар эхлүүлж байсан бол оны төгсгөлийг мөн ялалтаар өндөрлөж Дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг авч мөн Гавьяат тамирчин боллоо. 2026 онд хоёр тулаан хийх зорилт тавьсан байгаа. Бүсээ хамгаалахын тулд хүч хөдөлмөр гаргах болно. 

Арванхоёрдугаар сарын 29. Төрийн ордон 

"Silk Way Star" шоуны ялагч, дуучин Иозеф Червенка Мишээлийг Алтангадас одонгоор шагнав. 

Ч.Мишээл: Уртын дууг хаана ч дуулсан хүний сэтгэлийг татах увдистай учир уран бүтээлдээ заавал шингээх ёстой гэж бодсон 

Арванхоёрдугаар сарын 29.
Бөхийн өргөө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ.

Арванхоёрдугаар сарын 27.
Улаанбаатар хот 

Ийнхүү Монголчууд 2025 оноо үдэж, 2026 оноо угтан авах гэж байна.