Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр шатахууны нийлүүлэлтийн талаарх цаг үеийн мэдээллийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд АИ-92 авто бензиний хомсдол үүсэж нэлээд чирэгдэл учирлаа. Үүнд ард иргэдээсээ уучлал хүсье.
Олон нийтийн сүлжээгээр зориуд санаатай зохион байгуулалттайгаар “бензин тасарч байна” гэх мэдээлэл түгээснээр шатахууны хомсдол огцом нүүрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газрын тэргүүнтэй өнгөрсөн Баасан гарагт холбогдож, тодорхой дэмжлэг хүссэний үр дүнд шатахууны импортын хэмжээ нэмэгдэж байна.
Өнөөдөр оройн 22:00 цагийн үед гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт 110 вагон цистерн бензин орж ирнэ. Энэ нь 6,600 тонн бензин гэсэн үг. Өдөрт орж ирдэг хэмжээнээс гурав дахин ихээр нийлүүлэлт өссөн гэсэн үг.
Өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний тэргүүн дэд сайд, ОХУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүн импортолдог Роснефти, Газпром гэх бусад томоохон компанийн төлөөлөл болон манай импортлогч компаниуд, агентлагууд оролцсон теле хурлыг хийлээ.
Хурлын үр дүнд Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тасралтгүй байлгах, ОХУ-ын төмөр замын нийгэмлэгүүдийн зүгээс тасралтгүй тээвэрлэх, нэн тэргүүн эгнээнд шийдвэрлэх тохиролцоонд хүрээд байна.
ОХУ-ын дотоод нөхцөл байдал хүнд байгаа ч Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгаа учраас найрсаг хөршийнхөө хүрээнд бүх чадлаараа тусалж дэмжинэ гэдгээ ОХУ-ын Засгийн газрын зүгээс илэрхийллээ.
Ирэх Баасан гараг буюу нөгөөдөр бид одоогийн үйл явцынхаа дүгнэлтийг ярихаар дахин теле хурал хийнэ.
Мөн байнгын ажиллагаатай шуурхай удирдлагын багийг хоёр талаасаа гаргаж ажиллана" гэв.
Үргэлжлүүлэн ярихдаа "ОХУ-ын Эрчим хүчний яамны газрын тос хариуцсан газрын дарга, манай Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Газрын тос хариуцсан газрын дарга нар байнга холбогдож ажиллах шийдэлд хүрсэн.
Мөн БНХАУ-ын талтай холбогдож шуурхай дэмжлэг авч ирэх сард 15,500 тонн АИ-92 авто бензин авахаар гэрээ хэлцэл хийсэн.
Өчигдөр орой БНХАУ-аас Монгол Улсад суух элчин сайд надад мэдээлэл өгөхдөө “2,500 тонн АИ-92 авто бензин, 2,500 тонн дизель түлш Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс ачигдсан" гэдгийг хэлсэн байдаг.
Ард иргэдэд хандах хэлэхэд "шок" дууссан. Бензин шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа. Шатахууны бусад төрлүүд болох дизель түлш болон бусад төрлүүд хэвийн хэмжээтэй байна.
Сая АИ-92 авто бензиний доголдлоос шалтгаалаад 95 төрлийн авто бензинийг нэлээд хэрэглэлээ. Нөөц бага зэрэг дундарсан байгаа тул нөхөж авахаар ажиллаж байна.
Шатахуунтай холбоотой асуудал цаашид гарахгүй байх чиглэлд Засгийн газар бүрэн хэмжээнд ажиллана.
Гадаадаас импортоор авах бүх арга хэмжээгээ зохион байгуулан ажиллаж байна. Одоо Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд болон Засгийн газар, УИХ-аас хэд хэдэн урт болон дунд хугацааны бодлогын ажил хийх ёстой.
Цахилгаан авто машиныг дэмжих, энэ чиглэлийн хууль, эрх зүйн бодлогуудыг оруулж ирнэ. Аль болох уламжлалт шатах тослох материалаас хамааралтай байдлаа бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах зайлшгүй шаардлагатай.
Эцэст нь Монгол Улс, ОХУ хоёрын хооронд байгуулагдсан агаарын түлшний гэрээ хэлцэл бий. Энэ хэлцлийн тодорхой заалтуудыг мөн өөрчилж шинээр ярилцахаар өчигдрийн теле хурлын үеэр Оросын талтай тохиролцоо.
Хоёр талаас ажлын хэсэг гаргаж, тодорхой зүйл заалтууд дээр ажилласны дараа УИХ-аар соёрхон батлуулахаар шийдлээ" хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!