Уншиж байна ...

АНУ-ын тагнуулын алба Венесуэлийн эргийн боомтод нисгэгчгүй онгоцоор довтолсон нь батлагджээ

Т.Давааням, ikon.mn
3 цаг 17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр Венесуэлийн эргийн боомтод АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) нисгэгчгүй онгоцоор довтолсныг албаны эх сурвалж баталжээ.

Венесуэлийн нутаг дэвсгэрт АНУ-ын зүгээс байлдааны ажиллагаа явуулсан анхны тохиолдол энэ болж байна.

Довтолсон газар нь хар тамхины Трен дэ Арагуа бүлэглэлийн ачаа тээвэрт ашигладаг алслагдсан боомт байсныг эх сурвалж мэдээлжээ.

Цохилтын үеэр тус боомт эзгүй байсан тул хүн хүчний ямар нэг хохирол учруулаагүй гэнэ.

Ийм цохилт болсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт анх мэдээлж, Даваа гарагт энэ талаар дахин ярьсан ч илүү дэлгэрүүлэхээс зайлсхийсэн юм.

Энэ оны есдүгээр сард эхэлсэн хар тамхины эсрэг ажиллагааны хүрээнд АНУ-ын арми Карибын тэнгис, Номхон далайн зүүн хэсэгт 30 гаруй завь устгаад байгаа.

Бас Венесуэлийн эрэгт хүрэх, эргээс хөдлөх газрын тос тээвэрлэгч хөлгүүдийн замыг хааж, хоёр ч тээвэрлэгчийг олзолж авсан.

Трамп мөн хэд хэдэн удаа Венесуэлийн нутаг дэвсгэрт хуурай замын байлдааны ажиллагаа явуулахаар сүрдүүлж байв.

Гэхдээ Венесуэлийн боомтод өгсөн агаарын цохилт бэлгэдлийн чанартай ажиллагаа байсан бололтой. Учир нь хар тамхины гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагаа ганцхан боомтоос хамааралтай биш нь тодорхой. Бас өнөөдрийг хүртэл Венесуэлийн ард иргэд ийм зүйл болсныг мэдээгүй нь ажиглагдаж байна.

Трампын засаг захиргаа Мадурогийн дэглэмийг АНУ-ыг чиглэсэн хар тамхины урсгалын гол дэмжигч гэж үздэг. Тиймээс түүнийг Венесуэлийн төрийн эрхээс зайлуулахыг хүсэж байгаа.

Пентагоны тэргүүн Пит Хэгсэт хар тамхины картелуудыг олон улсын террорист байгууллага Аль-Кайдатай зүйрлэдэг.

“Эдгээр наркотеррористууд бол дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын Аль-Кайда юм. Бид тэднийг Аль-Кайдаг намнасан шигээ өндөр нарийвчлалтай, нягт нямбай арга техникээр устгаж байна” гэж тэр энэ сарын эхээр болсон арга хэмжээний үеэр хэлж байжээ.

 

Эх сурвалж: CNN