Уншиж байна ...

Монголд эмчлэх боломжгүй нуруу болон мэдрэлийн мэс заслыг БНСУ-ын тэргүүлэх мэс засалчтай хамтран хийж байна

П.Сайнжаргал, IKON.MN
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголд эмчлэгдэх боломжгүй нуруу болон мэдрэлийн мэс заслыг ГССҮТ-ийн эмч нар БНСУ-ын тэргүүлэх мэс засалчтай хамтран амжилттай хийж байна. 

Энэ талаар Солонгосын мэс засалч, профессор Им Сү Бин "Монголд мэс засал хийх боломжгүй хоёр өвчтөнийг сонгож, өнөөдрийн хагалгааг хамтран хийлээ. 

Нурууны яс хугарч улмаар мэдрэлийн судсаа гэмтээсэн, үүнээс үүдэлтэй бөгсөн бие нь мэдээгүй болсон өвчтөн байгаа. Энэ төрлийн хагалгаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох микроскоп ашиглан хавирганаас нь зүсэлж хийснээр хугарсан ясыг засаж, мэдрэлийн дарагдсан судсыг чөлөөлсөн. 

Энэ хагалгаа нь Монгол Улсад анх удаа хийгдэж байгаа гэдгээр онцлогтой" хэмээн хэллээ. 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ) нь БНСУ-ын Soonchunhyang их сургуулийн Bucheon эмнэлэгтэй энэ сарын 29, 30-нд ийнхүү нуруу болон мэдрэлийн мэс заслын чиглэлээр хоёр үйлчлүүлэгчид амжилттай мэс заслыг хийж байна. 

ГССҮТ-ийн Нурууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Им Сү Бин эмч манайд жилийн өмнө ирж, хүзүүний хагалгаа хийж байсан.

Хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл Мэндийн Яамнаас шаардлагатай багаж тоног төхөөрөмж буюу нарийн микроскопыг шийдэж өгсөн. Энэ удаагийн хагалгааг микроскоп ашиглаж хийж байгаа. 

Им Сү Бин эмч маань нурууны мэс заслын профессор байгаа. Энэ удаа дөрвөн хагалгааг ГССҮТ-д хийж байна. Гурав нь мэдрэлийн хагалгаа бөгөөд нурууны арын хүрцээр нугалам хоорондын үйл ажиллагаагаа алдсан жийргэвч мөгөөрсийг солих микроскоптой хийгдэж буй хагалгаа. 

Дараагийн хагалгаа нь хажуугийн хүрцээр микроскоп ашиглаад үүргээ гүйцэтгэж чадахаа больсон нурууны бүтэн нугалмыг солих мэс засал юм аа. 

Сүүлийн үеийн чиг хандлагаар аливаа мэс засал өвчтөндөө аль болох хөнөөл бага, гэмтэл бага учруулдаг жижиг зүслэгтэй микроскоп дуран ашигласан хагалгаа. Үүний жишгээр манайх ч уламжлалт нээлттэй хагалгаанаас дурангийн болон микроскоп ашигласан жижиг зүслэгтэй хагалгаа руу шилжиж байна.

Манай тасаг Солонгос болон Турк улсын эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа. Зочин профессорууд ирж ажиллахаас гадна эмч нараа сургах хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Солонгосын мэс засалч, профессор Им Сү Бин "Нурууны гүнд байрлалтай маш хүнд хэлбэрийн хорт хавдартай өвчтөнүүдийн хавдрыг хэрхэн яаж авах, ямар аргаар авах талаар Монголын зүгээс зөвлөгөө авах хүсэлт тавьсан. Эмч нартаа энэ талын сургалтыг орох хүсэлтийг тавьсан гэсэн үг. 

Ийнхүү хоёр жилийн өмнө олон улсын хурлын үеэр ГССҮТ-ийн хоёр залуу эмчтэй уулзаж, хамтын ажиллагаа эхэлсэн. 

Энэ хүрээнд Монголын хоёр эмч БНСУ-ын Soonchunhyang их сургуулийн Bucheon салбар дээр мэргэжил дээшлүүлэх сургалт авсан байдаг" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Өнгөрсөн жил Гэмтлийн эмнэлэг дээр хүзүүний хүнд өвчтөнд хагалгаа хийхэд тусгай микроскоп байгаагүй. Энэ төрлийн хүнд хагалгаа хийхэд чухал тоног төхөөрөмж болохоор зайлшгүй худалдаж авах ёстой.

Ингэснээр маш олон нуруу нугасны хүнд өвчтөнүүдийг эмчлэх боломж нээгдэнэ гэдэг саналыг тавьсан. Өнөөдөр жилийн дараа ирээд Монголд хийгддэггүй хагалгааг анх удаа өөрийнхөө шавь н.Цэлмэг болон мэргэжил дээшлүүлсэн эмч нарын багтай хамт хийж байна.

Хагалгаа хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийж, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулж эмчлэгдэхгүй өвчтөнүүдээ Монголдоо эмчлэх бүх боломж гарцыг маш идэвхтэй хайж дэмжиж тусалж байна" гэдгийг нэмж дурдлаа.