Хэсэг этгээдүүд томоохон банкны Германы баруун бүс дэх салбарын байранд том өрөм ашиглан нэвтрээд 30 сая орчим еврогийн бэлэн мөнгө, үнэт зүйлс хулгайлсныг цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Цагдаагийн төлөөлөгч уг хулгайг Холливүүдийн “Ocean’s Heist” киноны үйл явдалтай зүйрлэн “мэргэжлийн түвшний ажил” хэмээн дүгнэсэн байна.
Гелзенкиркен хотын Sparkasse банкны салбарын ханыг нүхэлж нэвтэрсэн этгээдүүд бэлэн мөнгө, үнэт эдлэл хадгалж байсан нийт 3,000 гаруй хайрцгийг хүчээр нээжээ.
Даваа гарагийн өглөө галын дохиолол дуугарсны дараа л ийм хулгай болсныг цагдаа нар мэдсэн гэнэ. Одоогоор уг хэрэгтэй холбогдуулан хэнийг ч баривчлаагүй байгаа аж.
Урьдчилсан байдлаар дээрэмчид банктай залгаа автомашины зогсоолоор дамжин нэвтэрснийг тогтоожээ.
Гэрчүүд Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнө хэд хэдэн хүн зогсоолын шатаар том цүнх барьж явааг харснаа мэдүүлсэн байна.
Даваа гарагийн өглөө зогсоолоос хар өнгийн Audi RS 6 загварын автомашин гарч явсан нь гудамжны хяналтын камерт бичигджээ.
Хулгайн хохирогч болсон эсэхээ мэдэх гэсэн үйлчлүүлэгчид Sparkasse банктай холбогдох нь нэмэгдсэн тул утасны тусгай дугаар ажиллуулж эхэлсэн байна. Мөн банкны байранд биеэр ирсэн үйлчлүүлэгчдийг зохицуулахын тулд цагдаа нар хамгаалалт гаргажээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!