Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах зэрэг харилцаатай холбоотой хүсэлтүүдийг цахим системээр хүлээн авч шийдвэрлэж байгаа талаар Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албанаас тайлбар өгөв.
Тус албанаас “Шинээр газар эзэмших хүсэлтийг арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч, 1-5 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ” гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 3.24.6-д “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд жил бүрийн эхнээс эхлэн есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс цахим болон цаасан хэлбэрээр санал авна;” гэж заасан байдаг.
Иргэд шинээр газар эзэмших тухай санал, хүсэлтээ цахимаар гаргах бөгөөд нийслэлийн есөн дүүргээс Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулснаар шинээр газар эзэмших боломжтой юм.
Нийслэл, дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн, нийтийн эрх ашиг болон газар эзэмших, ашиглах эрх нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн эдэлбэр газрыг газраар дүйцүүлэн эзэмшүүлэхээр тусгагдсан.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах зэрэг харилцаатай холбоотой хүсэлтүүдийг www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, хуульд заасны дагуу 15 хоногийн дотор шийдвэрлэж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!