Уншиж байна ...

Потанины мөсөн гол гэснийг Хүйтэний мөсөн гол, Чихачёвын нуруу гэснийг Сийлхэмийн нуруу гэж нэрлэнэ

Г.Мөрөн, iKon.mn
1 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Е.Цолмон

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр (2025.12.24)-ийн хуралдаанаар Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах зарим газар зүйн нэрийг өөрчлөх, уламжлалт нэрүүдийг нэмж батлуулахаар Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж хуульчилсан бөгөөд Монгол хэлний тухай хуулийн 6.1.7-д “Газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг”-ийг монгол хэлээр хөтлөн явуулна гэж заасан.

Гэвч зарим газар зүйн нэр монгол хэлнээс өөр (орос, казак, тува г.м) хэл дээр нэрлэж батлагдсан, багийн нэрийг казах хэл дээр нэрлэж батлуулсан зөрчил Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын судалгаагаар илэрсэн. Иймд Шинжлэх ухааны академи, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон бусад байгууллагатай хамтран 2023 онд судалгаа хийж монгол хэлнээс өөр (орос, казак, тува г.м) хэл дээр нэрлэгдэж, батлагдсан 319 газар зүйн нэрийн монгол оноосон нэрийг хээрийн болон суурин судалгаагаар тогтоосон юм.

Тухайлбал Потанины мөсөн гол гэснийг Хүйтэний мөсөн гол гэж, Жолт уул гэснийг Ёлт уул гэж, Чихачёвын нуруу гэснийг Сийлхэмийн нуруу гэж нэрлэнэ.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах Монгол Алтайн нурууны мөсөн бүрхүүл бүхий зарим уул, оргил, толгой (“Доод хоног толгой”, “Суварга оргил”, “Бүргэд оргил”, “Наран оргил”, “Өлгий оргил”, “Хар Ямаат уул”)-н газар зүйн нэрийг уулчид, дотоодын болон гадаадын аялагчид олон жил ашиглаж ирсэн боловч албан ёсны болж батлагдаагүй 47 газар зүйн нэрийг хээрийн судалгааны ажлын хүрээнд илрүүлсэн юм.

зураг
 

Мөн Сүхбаатар аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт хамаарах газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021-2022 онд гүйцэтгэсэн. Сүхбаатар аймагт 1980-1984 онд хийсэн газар зүйн нэрийн хээрийн тодруулалтаар 1:100000-ны масштабтай байр зүйн зураг дээр тэмдэглэгдэж, одоог хүртэл ашиглаж байгаа боловч Улсын Их Хурлаар батлагдаагүй 940, 2021-2022 онд шинээр тогтоосон уламжлалт 1080 нэр, мөн Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор үг, үсгийн зөрүүтэй, хэл бичгийн дүрмийн алдаатай батлагдсан 45 газар зүйн нэр байгааг тогтоосон.

Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан 364 нэрэнд өөрчлөлт оруулахаар, нэмэлт 2,067 нэрийг батлуулах гэж байна.

Газар зүйн нэрийн асуудлыг Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг 11 хуулиар зохицуулдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг бөгөөд Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенц ёсоор газар зүйн нэрийг хамгаалах, мөн Монгол хэлний тухай хуулийн дагуу монгол хэл дээр тэмдэглэгдсэн газар зүйн нэрийг өвлүүлэн үлдээж ашиглуулах үүрэгтэй юм.

 

Эх сурвалж: Газар Зохион Байгуулалт, Геодизи, Зураг Зүйн Ерөнхий Газар