Уншиж байна ...

Өнөөдөр Япон улсад 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, цүнамигийн түгшүүр зарлажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Баасан гарагийн өглөө Япон улсын зүүн хойд бүс нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цүнамигийн түгшүүр зарлажээ.

Орон нутгийн цагаар 11:44 цагт бүртгэгдсэн энэ үзэгдлээс хэдхэн хоногийн өмнө ижил бүс нутагт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлж, 50 орчим хүн бэртсэн юм.

Японы цаг уурын хүрээлэн Номхон далайн хойд эрэг дагуу нэг метр хүртэл өндөр давлагаатай цүнами үүсэж болзошгүйг анхааруулжээ.

Япон улс нь Номхон далайг хүрээлсэн “Галт цагариг” гэгддэг галт уул, газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсийн баруун хойд хэсэгт, дэлхийн дөрвөн том тектоник хавтангийн уулзвар дээр байрладаг.

Тиймээс 125 сая орчим хүн оршин суудаг Японы арлуудад жил бүр 1,500 орчим удаагийн чичиргээ бүртгэгддэг юм.

Эдгээрийн дийлэнх нь аюулгүй өнгөрдөг бөгөөд хохирлын хэмжээ нь газар хөдлөлтийн төв цэг газрын гадаргаас хэр гүнд байгаагаас хамаардаг.

Газар хөдлөлтийг урьдчилан таамаглах маш хэцүү. Гэхдээ Японы засгийн газрын дэргэдэх судлаачдын зөвлөл тектоник хавтангуудын Нанкай судал дагуу ирэх 30 жилийн дотор томоохон газар хөдлөлт болох магадлалыг 75-82 хувь болгон ялимгүй ахиулж байв.

Энэ судал нь Японы арлуудын зүүн өмнөд эрэг дагуу далайн ёроолд байрладаг.

Гуравдугаар сард засгийн газар ийм “мега газар хөдлөлт” болон түүний дараа үүсэх цүнамигийн улмаас 298,000 хүний амь үрэгдэж, хоёр их наяд ам.доллар хүртэл хэмжээний хохирол учирч болзошгүй гэсэн шинэ тооцоог танилцуулж байжээ.

 

Эх сурвалж: Reuters