Уншиж байна ...

Time сэтгүүлийн 2025 оны хүн “Хиймэл Оюуны Архитекторууд” боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Time сэтгүүл уламжлал ёсоор 2025 оны онцлох хүнийг зарласан нь хэн нэгэн хувь хүн биш, хэсэг бүлэг хүмүүсийн ерөнхий нэр байлаа.

Тухайлбал “Architects of AI” буюу “Хиймэл Оюуны Архитекторууд” хэмээх ерөнхий нэрээр нэрлэгдсэн хэсэг хүмүүсийг энэ оны онцлох хүнээр сонгосноо зарлажээ.

Тус сэтгүүл 2025 оныг хиймэл оюуны технологийн боломж “харагдахуйц” хэмжээнд хүрсэн, үүнээс буцах замгүй болсон жил гэж шалгаруулалтаа тайлбарласан байна.

“Сэтгэгч машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг гайхшируулж, түгшээж, одоо цагийг өөрчилж, боломжоос давсан зүйл хийснийхээ төлөө хиймэл оюуны архитекторууд Time сэтгүүлийн 2025 оны хүн болж байна” гэж сэтгүүлийн редакц албан ёсны сошиал хуудсандаа бичжээ.

зураг
 

Хэдийгээр Time сэтгүүл оны хүнээр хүн биш, амьгүй зүйлийг тодруулж байсан түүхтэй ч энэ удаа хиймэл оюуны технологийг биш, түүнийг төсөөлж, төлөвлөж, бүтээсэн хэсэг бүлэг хүмүүсийг тодруулснаа тайлбарласан байна.

“Бид зөвхөн хувь хүмүүсийг биш, хэсэг бүлэг хүмүүсийг, ховор тохиолдолд ямар нэг ойлголтыг нэрлэж байсан түүхтэй. Тухайлбал 1988 онд устах аюулд ойрхон байгаа дэлхийг, 1982 онд персонал компьютерыг оны хүнээр нэрлэж байв” гэж Time сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Сэм Жэкобс мэдээлжээ.

“Apple-ийн Стив Жобсын оронд түүний зохион бүтээсэн компьютерыг сонгосон явдал сүүлд ном зохиол, киноны сэдэв хүртэл болж байв” гэж тэр цааш нь ярьсан байна.

Time сэтгүүлийн 2025 оны хүний шалгаруулалтад хиймэл оюуны салбарын томоохон төлөөлөгчид болох Nvidia компанийн Женсен Хуан, OpenAI компанийн Сэм Олтмэн нарын нэр дэвшжээ.

Мөн Ромын католик сүм хийдийн анхны америк тэргүүн болсон Пап Лео, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Нью Йорк хотын шинэ дарга Зохран Мамдани нарын нэр яригдаж байсан байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа ялсан Дональд Трамп 2024 оны хүнээр шалгарч байсан юм. Түүнээс өмнө 2023 оны хүнээр Америкийн поп од Тэйлор Свифт тодорч байжээ.

Time сэтгүүл оны хүнийг 1927 оноос хойш жил бүр тодруулсаар ирсэн бөгөөд тус сэтгүүлийн редакторууд сүүлийн 12 сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их яригдсан нэгнийг сонгодог юм.

 

Эх сурвалж: Associated Press